Монгол Улс ирэх онд Улаанбаатарын яриа хэлэлцээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ОХУ болон бүс нутгийн бусад улс орон идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна гэж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Түүний хэлснээр, Монгол Улс нь 1980-аад оноос эхлэн Зүүн хойд Азийн бүх улс орныг оролцуулсан улс төрийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох санаачилга дэвшүүлсээр ирсэн. 2013 оны гуравдугаар сард тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Хэльсинкийн хэлэлцээрийн хувилбар болгож Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” механизмыг бий болгох санааг дэвшүүлсэн. Түүний санаачилгыг бүс нутгийн улс орнууд дэмжиж, 2014 оноос хойш энэхүү механизмын хүрээнд олон улсын бага хурлыг зохион байгуулж иржээ. Коронавирусний цар тахлын улмаас олон улсын бага хурлыг 2020 болон 2021 онд зохион байгуулж чадаагүй байна.
Монгол Улс нь Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс тус механизмын хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломж нээхийг эрмэлзэж ирсэн гэж Б.Батцэцэг онцолсон байна. Энэхүү санаачилга нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд нийцэж, бүс нутгийн хэмжээнд яриа хэлэлцээг урагшлуулахад тус дөхөм болдог тул үйл ажиллагааг нь дэмждэг гэж Монгол Улсын гадаад харилцааны яамны тэргүүн мэдэгдлээ гэж ТАСС агентлаг дамжуулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Элбэгдорж хулгайчийн нэрийг сонсоод гарчихлаа., ЯЛТАН новшийг бүл дурс