АЙЛЧЛАЛ: Хэлэлцээний үр дүнгээр ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ гаргалаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Оросын холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд төлөвлөгдсөнөөрөө онцлогтой юм.

Айлчлалын хүрээнд өнөөдөр /2021.12.16/ хоёр улсын төрийн тэргүүн нар “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргалаа. 

Тунхаглалын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дүнгээр улс төрийн тунхаглал гаргалаа. Энэхүү баримт бичиг нь 2019 онд гарын үсэг зурсан хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хөгжүүлэхэд чиглэсэн. Тунхаглалд хоёр талын харилцааг бүх чиглэлээр цаашид гүнзгийрүүлэх тодорхой чиглэлүүдийг тусгасан.

ОХУ нь Монгол Улсын эрчим хүчний найдвартай нийлүүлэгч бөгөөд тус улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 80 хувийг хангаж байна.

Оросын эрчин хүчний компаниуд Монгол Улстай хамтран ажиллах, тэр дундаа Монголын шатах тослох материалын зах зээл  дэх орон зайгаа тэлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд “Роснефть” компани Улаанбаатарын олон улсын нисэх онгоцны буудал дахь түлш цэнэглэх шинэ цогцолборын операторын хувьд бүртгүүлэхээр ажиллаж байна.

Ойрын хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болно. Ажил амжилттай урагшилж байгаа. “Союз Восток” хоолой нь Оросын “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох юм. Хамгийн оновчтой чиглэл, уртыг нь тодорхойлоод байна. Тус хоолойн экспортын хүчин чадал нь “Сибирийн хүч” хийн хоолойн хүч чадлаас 1.3 дахин их байх боломжтой. Хийн хоолойг тавих барилгын ажил 2024 онд эхлүүлэх боломжтой.

Хоёр улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Байгаль, Торейн нууруудын онцгой экосистемийг бүрдүүлдэг хил дамнасан Сэлэнгэ, Улз голыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байна. Энэ хүрээнд талууд байгаль хамгаалах салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

ОХУ, Монгол Улс батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт амжилттай хамтран ажиллаж, холбогдох яамд, хүчний байгууллагуудын хамтын ажиллагаа бэхжиж, хамтарсан цэргийн сургуулилтуудыг тогтмол явуулж байна. Тухайлбал, жил тутмын “Сэлэнгэ” хээрийн сургуулилтын хүрээнд талууд хамтран хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг тэмцэх тактикийг бэлтгэж байна.

ОХУ, Монгол Улсын бүс нутаг болон олон улсын асуудлаар баримталж буй байр суурь нэгдмэл эсвэл ижил шахуу байдгаас гадна манай хоёр улс НҮБ-ын хүрээнд харилцан уялдаатай хамтран ажиллаж байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top