Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр улсын мэдээллийн МОНЦАМЭ, ТАСС агентлагууд хамтран гэрэл зургийн үзэсгэлэнг Москва хотноо гаргаж байна.
"ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой ТАСС, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн дуранд" үзэсгэлэн Москва хотноо ТАСС агентлагийн төв байранд нээгдлээ.
ТАСС агентлагаас "Энэ бол 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ЗСБНХОУ, Монгол Улсын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай гэрээнд гарын үсэг зурсны 100 жилийн ойд зориулан Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай хамтран хэрэгжүүлж буй төсөл юм. Хоёр орны улс төр, сансар, цэргийн үйл ажиллагаа, соёлын салбар дахь өнгөрсөн болон өнөөгийн хамтын ажиллагааны тухай 20 гэрэл зургийг дэлгэлээ" хэмээн мэдээлжээ.
Үзэсгэлэнд Халхын голын байлдаанд зориулсан түүхэн гэрэл зургууд, Монгол ардын армийн ерөнхий командлагч Хорлоогийн Чойбалсан, ЗХУ-ын маршал Г.К.Жуков нарын уулзалт, ЗСБНХУ, Монголын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээнд гарын үсэг зурах ёслолын дараа авахуулсан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал, ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Леонид Брежнев нарыг 1921 оны 11 дүгээр сард хоёр улсын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээ хийж байсан "Метрополь" зочид буудлын хананд байрлуулсан дурсгалын самбарын нээлтийн ёслолын ажиллагаа зэрэг олон түүхэн гэрэл зургуудыг дэлгэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )