Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Архангай нутгийнхан сайхан өвөлжиж байна уу?
-Манай аймагт зун, намар сайхан болсон, өвөл ч өнтэй сайхан байна. Саяхан цас орлоо. Малчид, иргэд маань өвөлжилтийн бэлтгэлээ урьтаас сайн базаасан. Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлаа 93 хувьтай хангасан.
-Коронавирусний халдвар, вакцинжуулалт ямар байна вэ?
-Коронавирусний халдвар хумигдсан. Гэхдээ дэлхий нийтээрээ шинэ хувилбар омикрон гарсан байгаа энэ цагт бүгдээрээ хариуцлагатай байж, дэглэм сахих, вакцины гуравдугаар тундаа идэвхитэй хамрагдах хэрэгтэй.
-Архангай аймагт шүлхий өвчний тархалт байгаа сурагтай?
-Малын гоц халдварт шүлхий өвчин Архангай аймгийн есөн суманд голомтлон үүссэн нь нэн тэргүүний асуудал болоод байна. Улсын Мал эмнэлгийн ерөнхий газраас өгсөн вакцины нөөц ч дуусах дөхсөн. Аль болох өвчин гарсан сумдын голомт дээр хорио цээр тогтоож тархаахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна. Гол нь одоо өвс тэжээлээ татах, сүү, цагаан идээ, махаа борлуулах гээд өвлийн ажил ихтэй, малчдын хөдөлгөөн ихэссэн. Аймгийн Онцгой комиссын гишүүд нэг нэг сум руу очиж, удирдлага арга зүйгээр хангах, сумын Онцгой комиссыг идэвхижүүлэх ажлыг хийж байгаа. Шүлхийн улмаас цагаан сарын өмнө мах, цагаан идээ борлуулах малчдын ажил ч гэсэн хорио цээрт орж саатаж байгаа нь нэг асуудал. Мах биш юм аа гэхэд сүү, цагаан идээгээ борлуулах талаар Улсын онцгой комисс руу албан хүсэлт явуулсан.
-Малын тооллогын хувьд?
-Дүн мэдээ хараахан нэгтгэгдээгүй байна. Энэ жил сумын төсвийн эрх мэдэл нэмэгдэж, сумын Иргэдийн хурлаас малын хөлийн татвараа тогтоож, тус ногдсон татвараараа бэлчээр, худаг усаа сайжруулах, малаа эрүүлжүүлэх зэрэг ажлыг сумандаа хийх боломжтой болсон. Манай аймаг бог малаас 400 төгрөг, бод малаас 800 төгрөгийн татвар авах жишиг тогтоохоор эхний төлөвлөгөө гарсан.
-“Аймаг болон сумын төвийн шинэчлэл” төслүүд хэрэгжиж байгаа юу?
-2022 оны улсын төсөвт суусан хөрөнгө оруулалтын хэмжээгээр Архангай аймаг Хэнтий аймгийн дараа хоёрт орсон. Үүнд, манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн үүрэг, оролцоо ч их бий. Тиймээс 2022 онд бүтээн байгуулалтын ажлууд сайн хэрэгжинэ. Жишээлбэл, “Аймгийн төвийн шинэчлэл” төслөөр гэр хорооллын орчныг сайжруулна. Цэцэрлэг хотын өнгө зүсийг засахаар өмнө нь “Гудамж” гээд улсад жишиг болсон төсөл хэрэгжсэн шүү дээ. Одоо гэр хорооллыг цэвэр, бохир усанд холбох, тохижуулах ажлыг 2024 он хүртэл хэрэгжүүлнэ. Энэ хүртэл 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татах юм. Зураг төсөл, ТЭЗҮ-г боловсруулж байна. Он гарахаар ажлуудаа зарлана. Архангай аймаг 5700 орчим өрх айлтай. Үүнээс 4000 гаруй өрх гэр хороололд амьдардаг. Тэдгээр өрхөөс цэвэр, бохир усанд өмнө нь холбогдсон өрхүүд ч бий. Үргэлжлүүлэн энэ ажлаа явуулна. Эрдэнэмандал сумын хувьд "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд нэгдсэн усан сан, сумын төв доторх хатуу хучилттай авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, замын тэмдэг, цэвэрлэх байгууламж зэргийг бүтээн байгуулаад байгаа. Цаашид сумын төвийн шинэчлэлээ үргэлжлүүлэн гудамж болгонд цэвэр бохир ус татах, 50 айлын орон сууц барих зэргээр "Хаадын хот" төслийг хэрэгжүүлэх юм.
-Хөдөө аж ахуйн салбарт “Зах зээл ба бэлчээрийн удирдлага” гээд томоохон төсөл хэрэгжиж байгаа сурагтай. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Байгаль орчны чиглэлээр НҮБ-ээс хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зүүн талын дөрвөн суманд төсөл хэрэгжиж байна. Монголын унаган байгалийг хангах буюу Бөхөн шарын нурууг хамгаалах мастер төлөвлөгөөг баталсан, төлөвлөгөөний дагуу ажлууд хийнэ. Байгаль орчин, тэр дотроо ойн салбарын судлаач, мэргэжилтнүүд төслийг боловсруулсан. “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил’’ төсөл нь Архангай аймгийн Төвшрүүлэх, Хайрхан, Эрдэнэмандал суманд хэрэгжиж байгаа. Тус төслийн хүрээнд өнгөрсөн жилүүдэд мах боловсруулах жижиг үйлдвэрүүд, ногооны зоорь, өвсний саравч, бэлчээрийн худаг усжуулалт гэх ажлуудад нийт гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. 2017 оноос хойш хэрэгжсэн төсөл шүү дээ. Энэ жил Эрдэнэмандал, Өлзийт суманд махны үйлдвэр, аймгийн төвд ногооны зоорь байгуулах ажлууд хийнэ. Хүнсний ногоогоо аймагтаа хадгалж, нөөцөлдөг болохын тулд зоорь барих ажлыг үе шаттай хийх юм. Мөн энэ жил Лондоны амьтан хамгаалах нийгэмлэгээс Хангайн нурууг хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжиж байгаа. Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарч Хангайн нуруунд бас төсөл хэрэгжиж байна. Ихэнх төсөл бэлчээрийн даацыг сайжруулах, мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглэсэн. Манай аймгийн нийт нутгийн 80 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрсэн гэсэн судалгаа бий. Тиймээс бэлчээрийн даацыг сайжруулах, байгалиа хамгаалах ажил ихээхэн чухал байна. Ингэснээр малын эрүүл мэнд ч сайжирна.
-Архангай аймагт мод тарих ажил өрнөнө гэсэн үү?
-Сумдуудтай хариуцлагын гэрээ байгуулж, эрдэмтэн судлаачидтай ойн зөвлөгөөн хийсэн. Архангай аймгаас төрөн гарсан ойн салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцуулаад аймгийн Засаг даргын дэргэд зөвлөх баг байгуулах гэж байна. 2030 он хүртэл тооны араас биш бодитоор нь мод тарьж, ургуулах ажилд анхаарна. Манай аймаг хангай, тал хээр хосолсон нутагтай. Ойн сангийн 96.7 хувь нь шинэс модтой. Үлдсэн хувьд навчит мод ургадаг. Тиймээс аль суманд ямар төрлийн мод тарихад тохиромжтой вэ гэдэг төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Мод үржүүлгийн газрыг сум болгонд шинээр байгуулах, нийт байгаа 34 ойн мэргэжлийн байгууллагынхаа үйл ажиллагааг, ойн нөхөрлөлийг дэмжих ажлуудыг хийнэ. Орон нутгийн хөгжлийн сангаас сум болгонд мод тарих ажилд 20 сая төгрөг төсөвлөх чиглэл зөвлөмжийг хүргэж байгаа. 2021 онд гэхэд манай аймаг 26 мянган мод тарьсан. Цаашдаа ч мод тарих ажлыг эрчимжүүлнэ. Бид “Тэрбум мод” үндэсний чуулганаас өмнө Архангайд төгсөгчдийн холбоотой хамтарч мод тарих ажлыг эхлүүлсэн байсан. Модыг зөвхөн тариад орхихгүй, мэргэжлийн талаас ургуулах ажлыг сайн явуулна. Мөн эдийн засгийн ач холбогдолтой жимс, жимсгэний мод тарих зэрэг ажлыг ч төлөвлөж байна.
-2022 онд анхаарч ажиллах үйл ажиллагааны гол чиглэл юу вэ?
-Ажлаа авснаасаа хойш “Цахим-Архангай” болж, боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, газар зохион байгуулалт зэрэг бүхий л салбарт хөрөнгө оруулалт хийхээр Иргэдийн хурлаар батлуулсан. Орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. “Цахим-Архангай” төслөөр цахим шилжилт хийснээр цаг хугацаа, зардал мөнгө, хүний нөөцийг хэмнэнэ. Жишээлбэл, аймагт эрүүл мэндийн үйлчилгээг цахим болгосноор “Интермэд”, “Гялс” зэрэг эмнэлгийн үйлчилгээг сумын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж болно. Үзлэгийн цагаа урьдаас захиалж, эмнэлгийн ороо цахимаар захиалдаг болно. Боловсролын салбарт сургууль болгонд смарт кабинет байгуулах, Орон зайн мэдээллийн үндэсний платформд төрийн үйлчилгээ, аялал жуулчлалын мэдээллээ нэгтгэх зэргээр ажиллаж байна.
Дата мэдээллийг боловсруулж, нэгтгэх нь хамгийн чухал юм. Цахим шилжилт, хог хаягдлын менежментээ боловсруулах ажилд анхаарч дэд хөтөлбөр батлууллаа. Архангай аймгийг нүүдлийн соёл аялал жуулчлалын төв болгох дунд хугацааны бодлогын баримт бичгийг Иргэдийн хурлаараа батлуулж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч төсөл боловсруулж байгаа. Бодлогын бичиг баримтаа боловсруулж, хаашаа явах зүг чигээ тодорхойлсон.
-Орхоны алтны уурхайн лицензүүд юу болсон бэ. Нөхөн сэргээлт хийгдэж байгаа юу?
-Орхоны алтны уурхайтай холбоотойгоор шүүхээр найман компани лиценз эзэмших эрхээ сэргээсэн, нэг компани үйл ажиллагаа явуулж байгаа. Үйл ажиллагаа явуулж байгаа компани нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргуулсан, уулын ажлын төлөвлөгөө батлуулсан, бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явж байгаа учраас орон нутгийн зүгээс зогсоох шалтгаан байхгүй. Орон нутгийн зүгээс хуулиараа үйл ажиллагаанд хориг тавих үндэслэл байхгүй. Гэхдээ бид цаашдаа байгаль орчинд нөхөн сэргээлт хийх тал дээр нь шаардлага тавиад явна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Ээ дээ энэ нөхрөөс юу ч хүлээх хэрэггүй юм байна. Аймгийн төвийн утааг л эн тэргүүнд шийдэх ёстой юм аа. Гэтэл тэнгэрийн юм яриад л байх юм даа. Орхоны уурхай сэргэж байгаа юм байна. Аргагүй ээ аймгийн ИТХ-ын дарга Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Бадрах нар энэ уурхайтай амин холбоотой, энэ харцага бас холбоотой юм байна л даа. Энэ аймгийнхан яацарсан улс байдаг байна аа