Хөгжлийн банкны чанаргүй болон чанаргүйдэх эрсдэлд орсон зээлүүдтэй холбоотой мэдээлэл сүүлийн өдрүүдэд нийгмийн анхаарлын төвд байна. Нэрс нь тодорсон зээлдэгчдийн олонх нь улс төрийн хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой байгаа талаар хэвлэлүүд бичиж, нийтэлж буйтай зэрэгцэн Хөгжлийн банкны хөрөнгийг луйвардсан хулгайчдыг илчлэх, шүүх “линч” маягийн хандлага жишгийн дагуу сошиалаар хөвөрч байна.
Монгол Улсын Хөгжлийн банканд татан төвлөрүүлсэн хөрөнгө гэдэг бол хэсэг бүлэг этгээдийн дур зоргоороо зарцуулах эрхтэй мөнгө биш учраас авсан зээлээ хугацаандаа төлж барагдуулахгүй байгаа зээлдэгчдийн мэдээлэл ил тод байх нь зүй ёсны хэрэг.
Гэхдээ асуудлыг хөнгөн хуумгай байдлаар биш үндэс суурьтай харах хэрэгтэй. Тухайлбал, Хөгжлийн банкнаас зээл авсан бусдын боломжийг ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮД болон жинхэнэ БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ ялгаж, салгаж харах хэрэгтэй юм.
Үүний тулд, Хөгжлийн банк гэдэг байгууллагынхаа үндсэн үүрэг юу болохыг ойлгож, мэдсэн байх хэрэгтэй л дээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд:
Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө хуулийн этгээд байна гэж заасан байдаг.
Түүнчлэн тус хуулийн 10 дугаар зүйлд Төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх талаар дараах байдлаар тусгажээ.
Тэгэхээр бие даасан хуулиар эрх, үүрэг баталгаажсан Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгчдээс аль аль нь Хуулийн нөхцөл, шаардлагыг хангасан зээлдэгчид байсан байна вэ гэдэг асуултад хариулт хэрэгтэй болж байна.
Ингээд аваад үзэхээр, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, импортыг орлосон үйлдвэрлэл эрхлэгчдийг дурдах хэрэгтэй болж байгаа юм.
Тухайлбал, “Монцемент”, “МАК” гэхчлэн дотооддоо цемент үйлдвэрлэгч, бүтээгч аж ахуйн нэгжүүдийн тухайд Хөгжлийн банкны хөрөнгийг луйвардсан этгээдүүд гэж цоллуулах бус баялаг бүтээгчид гэх ангилалд багтах ёстой зээлдэгчид болж байна.
Монгол Улсын эдийн засагт бүтцийн томоохон өөрчлөлтүүд хийгдсэн он жилүүдийг эргээд харахад томоохон үйлдвэр, бүтээн байгуулалтууд л гол реформын суурь нь болсон байдгийг сануулъя.
Далаад оны сүүлчээр “Эрдэнэт” үйлдвэр үүдээ нээж, наяад оны эхээр “Говь” комбинат ашиглалтад орох хүртэл Монголын эдийн засаг үндсэндээ мал аж ахуйд суурилж байлаа. Дулааны IV цахилгаан станц, Багануурын уурхай зэрэг эдгээр томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэнээр Монголын эдийн засагт бүтцийн өөрчлөлт орж, ганц салбарын хамаарлаас ангижирч, үйлдвэрлэгч орон болж болохуйц эхлэл тавигдаж байсан түүхтэй.
Үүнийг дурдахын учир нь, Монгол Улс цаашид эдийн засгийн тусгаар тогтнолтой байхын тулд Үндэсний үйлдвэрлэгчдээ, импортыг орлосон дэд бүтцийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ чичлэх бус дэмжих хэрэгтэй юм.
Өнөөдрийн бодит байдал дээр уул уурхай, үйлчилгээний салбар дээр тэгнэсэн Монголын эдийн засаг 37 их наяд төгрөг буюу 13 тэрбум л ам.доллароор хэмжигдэж буйг, цаашлаад эдийн засгийн бодит багтаамжийг тэлэх шаардлагатай байгааг судалгаа харуулдаг. Эдийн засгийн багтаамж бодитоор тэлэхэд бүтцийн төрөлжилт нэмэгдэх, салбаруудын ДНБ-д эзлэх хувь хэмжээ өсөх шаардлагатай. Үүнд суурь өндөр ач холбогдолтой хэрнээ хөгжил нь сул явж ирсэн салбаруудын оролцоо тун чухал. Тухайлбал, барилгын салбар гэдэгтэй хэн ч маргахгүй байх.
Нүүрс, зэхээ ухаж, нэмүү өртөг шингээлгүйгээр экспортолж олсон хэдэн ам.доллароо импортоор эргээд гадагшаа урсгачихдаг Монголын эдийн засгийг бүтцийн хувьд эрүүлжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх барилгын салбарын үндсэн түүхий эд болох цемент үйлдвэрлэлийг хөгжүүлж, импортын хамаарал, зовлонгоос ангижруулсан баялаг бүтээгчдээ дэмжихэд төрийн зүгээс анхаарах нь зүй ёсны хэрэг юм.
Цар тахал болон хил гаалийн нөхцөл байдлаас үүдэн өнөөдрийн байдлаар импортын цементийн үнэ татвартай нийлүүлэн тооцохоор, 320-370 мянган төгрөгт хүрэхээр байгаа. Харин манай дотоодын үйлдвэрлэгчдийн цементийн дундаж үнэ 196 мянган төгрөг байна. Энэ бол тэд хулгайчид биш баялаг бүтээгчид болохыг илүү дутуу үггүй нотлон харуулж буй бодит жишээ болж байна.
Хөгжлийн банкнаас улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулахуйц ач холбогдол бүхий төслийг хэрэгжүүлэхээр зээл авсан хэд хэдэн зээлдэгч валютын ханшийн өөрчлөлтөөс үүдэн эрсдэл хүлээж буйгаа өнгөрсөн өдрүүдэд хэлж ярьсаар байна.
Үнэндээ бол валютын ханшийн өөрчлөлт гэдэг бол Монголын эдийн засгийн сул дорой байдал буюу эдийн засаг төрөлжих, илүү томрох шаардлагатай байгааг л харуулж буй явдал шүү дээ. Бүр тодруулбал, Монголын төр эдийн засгаа өнгөрсөн жилүүдэд дутуу гучуу залж ирсний уршиг нь валютын ханшийн огцом хэлбэлзэл юм. Харин үүний горыг үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид нуруундаа олон жилийн туршид үүрч дүүрсээр байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хөгжлийн банк өөрөө хулгайч нарт хулгайлж өгдөг хулгайч нарын өөрсдийнх мөнгө угаадаг тэдний эрх мэдлийнх нь байгууллага Тэд өөрсдөдөө зориулж энэ банкийг байгуулсан Ард түмэн минь эрх мэдэлтнүүдийнхээ тоглоом болж ингэж л амьдрахаа болиод сэр тэмц авч хая хогнуудыг Улсын үйлдвэрүүдээ ардаараа аваад Монголоороо ажиллуул
hugjliin bank ni uuruu hulgaich