Коалаг устах аюулд орсон төрөл зүйлийн жагсаалтад оруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Австралийн гурван бүс нутаг устаж үгүй болох аюулд орсон амьтдын жагсаалтад коалаг оруулжээ.

Австралийн Байгаль орчны сайд Сюзан Лейн мэдээлснээр, Шинэ Өмнөд Уэлс, Квинслэнд болон Австралийн нийслэлийн нутаг дэвсгэрт коалаг хамгаалах улсын хамгаалалтын түвшинг нэмэгдүүлсэн байна.

Сүүлийн 25 жил Австралийн коала ган гачиг, ойн түймэр, халдварт өвчин зэрэг хэд хэдэн гамшигт нэгэн зэрэг өртжээ. Үүнээс гадна хотжилт, тариалангийн талбай нэмэгдсэний улмаас коалагийн цорын ганц амьдрах орчин болсон эвкалипт ой мод их хэмжээгээр устжээ.

Сүүлийн 20 жилд коалагийн тоо толгой Шинэ Өмнөд Уэлст 60 хувь, Квинслэндэд 50 хувиар тус тус буурсан байна. 2019-2020 онуудад гарсан ойн түймрийн улмаас Австралийн зүүн эргийн нутаг дэвсгэрт энэ амьтны тоо толгой 25-30 хувиар цөөрчээ.

Тус улсын парламентын захиалгаар 2020 онд явуулсан судалгаанаас үзвэл коалаг хамгаалах арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд энэ төрөл зүйл бүрэн устаж үгүй болох гэнэ. 2021 оны есдүгээр сард Австралийн байгаль хамгаалах сангийн мэдээлснээр, тус тивийн зэрлэг байгальд 80 мянган коала үлдээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top