Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хөвсгөл нуурыг хамгаалах” үндэсний чуулган өнөөдөр /2022.02.23/ Төрийн ордонд эхэллээ. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хөвсгөл аймгийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Нэн тэргүүнд аялал жуулчлалынхаа бүтээгдэхүүний стандартыг сайжруулж байж, олон улсын зах зээл дээр өрсөлдөх хэмжээнд хүрнэ. Тэрний дараа үүд хаалгаа том нээж, олон жуулчин хүлээж авах боломжтой болно. Олон улсын жишгээс харахад казинотой улс оронд аялал жуулчлал илүү хөгждөг. Тэгэхээр өнөөдрийн чуулганд энэ асуудлыг хөндөж ярих болов уу гэж харж байгаа. Манай улсад казиног зохицуулах хууль байхгүй учраас энэ зөвхөн санаа төдий байгаа зүйл юм.
-Казино байгуулахаар судалж байгаа гэсэн үг үү?
-Монгол Улсад эрхзүйн орчин нь бүрдээгүй учраас эхлүүлсэн судалгааны зүйл алга. Гэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлье гэж бодож л байвал энэ асуудлыг хөндөх ёстой гэж бодож байгаа. Нутгийнхаа, улсынхаа аялал жуулчлалыг хөгжүүлж, мөнгө олъё гэж бодож л байвал дэлхийн мөнгөтэй хүмүүсийг татах ажлыг хийх ёстой.
-Шингэн хог хаягдлын асуудлаар Хөвсгөл нуурын ойр орчимд байдаг жуулчны баазын эзэд хөндөж байна. Энэ тал дээр та бүхэн ямар хяналт шалгалт хийдэг вэ?
-Хяналт тавьж байгаа. Урьд нь энэ асуудлаар байсхийгээд л асуудал дэвшүүлдэг байсан. Шийдэгдэхгүй байгаа шалтгаан нь авсан арга хэмжээ нь хангалтгүй байгаад оршиж байна гэж харж байгаа. Гэхдээ жуулчны баазын эздийн ярьж байгаа шиг шингэн хог хаягдлаа шууд далай руу хаяж байгаа гэж ойлгож болохгүй. Магадгүй тийм асуудал байж болзошгүй гэдэг үүднээс өнөөдөр ярьж байна.
-Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын газар шинээр газар олгохгүй байх асуудлыг хөндөнө гэж байсан. Энэ талаар тодруулаач?
-Энэ тусгай хамгаалалттай газарт газар өмчлүүлэх, олгох эсэх асуудлыг Байгаль орчны яам хариуцдаг. Тиймээс орон нутгаас үүнд хяналт тавьж чадахгүй байна. Тиймээс энэ асуудал дээр цаашдаа хамтарсан хяналт тавьдаг байх саналаа өнөөдрийн чуулганд тавина.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )