УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүх хурал өчигдөр /2024.02.29/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч ирээгүйн улмаас хойшлууллаа.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Шүүх шүүгдэгч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг явуулахад шүүгдэгч З.Энхболдоос “өвчний учир шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тул хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт ирүүлсэн байна.
Шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, харин хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэж үзэн шүүгдэгч З.Энхболдыг дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13:30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
Сануулахад, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс аваад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Чи том юм чинь бттгий оч. Чи бол мундаг очихгүй байж чадна. Чамайг яах ч юм билээ! Битгий оч. Миний иөлгөнд очихгүй байсан нь дээр гэж бууж байна. Бүү түүгээр яв. Муу энхамгалан очиг.