Баянхонгор аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд “Сурагчдын шүдний өвчлөлийг бууруулах чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах”- аар тусгасны хүрээнд 12-13 насны хүүхдүүдийг шүдний үзлэгт хамруулах арга хэмжээг аймгийн төвийн сургуулиудад явуулж байна.
Арга хэмжээг эмчийн үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх үйлчилгээ, шүдээ хэрхэн зөв арчлах, амны хөндийн эрүүл мэндийн сургалтыг хослуулан үнэ төлбөргүй зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
12-13 нас нь хүүхдийн сүүн шүд солигдож дуусдаг үе ба энэ хугацаанд шүдийг хэр зөв, эрүүл байлгаснаас байнгын шүдний /ясан шүд/ ирээдүй шалтгаалдаг учраас онцлог үеийг сонгосон тухай “Хонгор дент” шүдний эмнэлгийн эрхлэгч эмч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Нацагдорж ярив.
Үзлэгийг хуваарийн дагуу сургууль тус бүр дээр нь зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 12-13 насны 600 гаруй хүүхэд тус арга хэмжээнд хамрагдаад байгаа аж. Өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл "Эрдэм" сургуулийн сурагчид, 17-23-ны өдрүүдэд “Номундалай” цогцолбор сургууль, 24-өөс “Баян-Ойт” цогцолбор сургуулийн сурагчид тус тус үзлэгт хамрагдах юм.
Сэтгэгдэл ( 0 )