ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, албаны бэлэн байдлыг дээшлүүлэх” сарын аяныг албаны хэмжээнд зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан тус газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-“Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе” уриатай аян албаны хэмжээнд өрнөж байна. Аян хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн бол?
-Жил бүр Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ОБЕГ-ын даргын албан даалгаварыг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хүргүүлдэг. Албан даалгавартай уялдуулан удирдамжит арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, албаны бэлэн байдлыг дээшлүүлэх” сарын аяныг албаны хэмжээнд зохион байгуулж байна. Нийслэлийн хүрээний анги, байгууллагуудад мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх ажлын хэсэг байгуулагдан, дүүргүүдэд ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Гал түймэр унтраах, аврах ангиудын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдын санал, сэтгэгдлийг сонсон, мэргэжлийн удирдлагаар хангаж заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Түүнчлэн алба хаагч, ажилтан бүрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг дээшлүүлэх, ажлын байр, албан тасалгаа, гамшиг осол, сургалт дадлагын үед үүрэг гүйцэтгэхдээ анхаарах асуудлын чиглэлээр шат, шатны харьяа байгуулагууд зөвлөгөө, сургалт дадлагыг зохион байгуулж байна. Ингэснээр ажилтан, алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг дээшилж, үйлдвэрлэлийн осол, гэмтэл буурах, ажлын байрны эрх зүйн орчин сайжрах, бүтцийн нэгж, Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй орчин сайжирна гэж харж байна. Аяны хүрээнд зохион байгуулсан ажлын санал дүгнэлтийг байгууллагын хэмжээнд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, эрх зүйн шинэчлэлт хийхэд үндэслэх юм.
-Хөдөлмөрийн аюулгүй байдал бол аюулгүй ажиллагааны хамгийн эхний алхам. Ажлын байрандаа аюулгүй байдлаа хангахад алба хаагчид юунд түлхүү анхаарах ёстой вэ?
-Албаны хэмжээнд ОБЕГ-ын даргын 2018 оны А/433 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”-ийг мөрдөн ажилладаг. Дүрэмд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа, сургалт, хяналтуудыг тодорхой тусгасан. Тухайлбал, нэгдүгээр бүлгийн хоёрт 3 шатны зааварчилгаа өгөхөөр зохицуулсан байдаг. Шинээр болон туршилтаар томилогдсон алба хаагч, дадлага хийхээр ирсэн сонсогч нарт нэгдүгээр шатны сургалтыг 2 цагаас багагүй хугацаанд зохион байгуулна гэх мэт тодорхой зохицуулалттай. Алба хаагчид энэ дүрмийг өөрийн гүйцэтгэх үүрэгтэй холбоотой заалт, ажлын байрны аюулгүй ажиллагаа, гүйцэтгэх үүргийн болзошгүй эрсдэлийг маш сайн мэддэг байх, судлах хэрэгтэй байна. Мөн тогтоосон аюулгүй ажиллагааны холбогдох дүрэм, журам, стандарт, аюулгүй ажиллагааг мөрддөг байх нь чухал.
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл болон салбар зөвлөлүүд байгуулагдан ажилладаг. Эдгээр зөвлөлүүдийн чиг үүргийн талаар нэмж мэдээлэл өгвөл?
-Алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор ОБЕГ-ын даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллах журам” батлагдсан. Журамд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, хэлтэс, анги, салбар, нэгжүүдэд салбар зөвлөл байгуулахаар заасан.
2021 оны байдлаар 22 зөвлөл, 71 салбар зөвлөл байгуулагдаад байна. Зөвлөлийн даргаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгуулагын дарга ажиллаж, 9-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой эрх зүйн баримт бичиг, тэдгээртэй нийцүүлэн гарсан дүрэм, журмын хүрээнд Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажлын байрны нөхцлийг сайжруулах, алба хаагч, ажилтны мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн зохистой орчныг бүрдүүлэхэд анхаарах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй.
-Жилээс жилд албаны гамшигтай тэмцэх тэр дундаа галын автомашины техник, хэрэгслийн шинэчлэлт хийгдэж байгаа. Үүнийгээ дагаад техник хэрэгсэлтэй харьцах, аюулгүй байдлын норм, дүрмийг шинэчлэх асуудлууд гардаг. Дүрэм, журмын шинэчлэлт хэр хийгдсэн бэ?
-Монгол Улсын засгийн газраас Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх, албаны чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр Япон, Австри, Хятад, Польш, Беларусь, Франц зэрэг улсуудтай Засгийн газар хоорондын зээл, тусламж, төсөл хөтөлбөрөөр гал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашин техник хэрэгслийг нийлүүлж шинэчлэлт хийгдсэн. Зөвхөн техник хэрэгсэл гэлтгүй манай байгууллагатай холбоотой хууль, эрх зүйн шинэчлэлтүүдтэй уялдуулан дүрэм, журам, стандарт шинээр боловсруулах, шинэчлэх ажлууд хийгдэж байгаа.
2018 онд ОБЕГ-ын даргын тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”, Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах тусгай тоноглол бүхий автомашинд тавих. Ерөнхий шаардлага. CS 11-0425:2019”, “Объектын болон ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд зориулсан тусгай хувцас. Ерөнхий шаардлага CS 11-0439:2020, CS 11-0440:2020”, “Гал түймрээс хамгаалах хүн нэг бүрийн хэрэгсэл. Ерөнхий шаардлага CS 11-0441:2020”, “Объектын болон ой, хээрийн гал түймэр унтраах үйл ажиллагаанд зориулсан тусгай хувцас хүн хэг бүрийн хамгаалах хэрэгслийг хэрэглэх журам”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах журам” –уудыг тус тус шинэчлэн батлуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Цаашид ч дээрх стандарт, дүрэм, журмуудад нэмэлт өөрчлөлт хийх боломжтой.
-Дадлага, сургуулийг тогтмол зохион байгуулснаар алба хаагчдыг мэргэшүүлдэг давуу талтай. Цаашид зохион байгуулахаар төлөвлөж байгаа арга хэмжээ юу байна вэ?
-Гал түймэр унтраах, аврах үйл ажиллагааг зохион байгуулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах ажлын үндэс нь дадлага, сургуулилт байдаг. Гал түймэр унтраах аврах, ангийн алба хаагчид томилгоот ээлжийн үүрэг гүйцэтгэх хугацаанд өдөр тутмын дасгал сургуулийг хийдэг. Мөн салаа тархалт болон тактикийн дадлага, сургалтыг батлагдсан хуваарь, төлөвлөгөөний дагуу тогтмол зохион байгуулж байна.
Дадлага, сургалтыг зохион байгуулснаар бие бүрэлдэхүүнийг сэтгэл зүй, ур чадвар, бие бялдрын хувьд бэлтгэн дадлагажуулах, багаар ажиллах ажиллагаа, харилцан ойлгох, өндөр ачаалалтай ажиллах, гал түймэр унтраах, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах чадварыг эзэмшдэг. Сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа төслүүдээр нийлүүлэгдсэн автомашины хийц бүтээц, шасси, өндрийн хэмжээ, багаж хэрэгслийн автомашин байх байрлал өөр, өөр байгаа. Тиймээс үүнтэй нийцүүлэн гал унтраах дасгал сургуулийн нормативыг шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Гал түймэр унтраах, аврах ангийн ой, хээрийн болон объектын гал түймэр унтраах, алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр удирдамжит арга хэмжээ албаны хэмжээнд 4 сард зохион байгуулагдана.
Мөн Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтыг 8 сард Дорнод аймагт, Салааны захирагч, туслах, бага дарга болон гал унтраах автомашины жолооч нарын сургалтыг бүсийн төвүүдэд 1, 2, 3 дугаар улиралд, Галын техникийн олон төрөлт спортын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2 дугаар улиралд Сэлэнгэ аймагт тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )