Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй, 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байгаа тул Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, аймаг, сумдад ажиллах Шуурхай бүлгүүдийг сайд нараар ахлуулан байгуулсан.
Зудын эрсдэлд байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ахалж хаваржилт хүндэрч буй аймгуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх багуудыг зургаан чиглэлд гарган энэ сарын 19-нөөс ажиллуулж байна.
Булган, Хөвсгөл, Орхон аймгийн цаг хүндэрсэн сумдад хүрч ажиллахаар явсан эмч нарын багийн ахлагч Улсын гуравдугаар нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч Г.Сүх-Эрдэнэтэй утсаар холбогдож, нөхцөл байдлын мэдээлэл авлаа. Г.Сүх-Эрдэнэ эмчийн багт УГТЭ-ийн дотрын эмч А.Хас, Сэтгэл мэдрэлийн үндэсний төвийн сэтгэл засалч эмч Д.Баттөр нар болон орон нутгийн эмч нарын төлөөлөл хамт яваа юм.
Газар дээр нь ажиллахад иргэдэд архаг хууч өвчний сэдрэл зонхилж байна. Мөн олон тооны малаа алдсан малчдын сэтгэл санаа тогтворгүй, сэтгэл түгшилттэй, зарим нь сэтгэл гутралд орж шөнө унтаж чадахгүй зовиур илэрчээ. Сэтгэл засалч эмч шаардлагатай арга хэмжээг авч, сэтгэл заслын эмчилгээ хийж, зөвлөгөө өгч байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )