БНСУ 130 мянган гаднын ажилчны визийг нэг жилээр сунгана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

БНСУ-ын Засгийн газар визнийх нь хугацаа дуусаж байгаа гаднын ажилчдын визийг сунгахаар болжээ.

Тус улсын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр, энэхүү шийдвэр нь 130 мянган гаднын иргэдэд хамаатай. Өмнө нь визээ сунгуулж байгаагүй, визнийх нь хугацаа энэ оны дөрөвдүгээр сарын 13-наас арванхоёрдугаар сарын 31-ний хооронд дуусах гаднын ажилчдад тус улсад байх хугацааг нэг жилээр сунгах гэнэ. Харин өмнө нь визээ сунгуулж байсан, визнийх нь хугацаа дөрөвдүгээр сарын 13-наас зургаадугаар сарын 30-ны хооронд дуусаж буй бусад гаднын иргэдийн визийн хугацааг нэмж 50 хоногоор сунгахаар болжээ.

Ингэхдээ визийн хугацааг автоматаар сунгаж байгаа тул өргөдөл гаргах шаардлагагүй ч ажил олгогч тухайн гаднын ажилчныг ажиллуулах хугацааг сунгаж байгаа тухай албан ёсоор мэдэгдэж ёстой аж.

Тус улсын бага болон дунд бизнес, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хомсдол үүссэн тул ийм алхам авч байна гэж тус яам тайлбарлажээ.

Эрх баригчдын мэдээллээр, сүүлийн хоёр жил  коронавирусний цар тахлын улмаас БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй гаднын ажилчдын тоо 60 мянгаар буурчээ. Энэ оны нэгдүгээр сард БНСУ-ын Засгийн газар энэ жил 59 мянган гаднын ажилчин хүлээн авахаар төлөвлөж буй тухай мэдээлж байсан юм. Энэ нь 2021 онтой харьцуулахад долоон мянгаар их юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top