Макрон, Путин нар Украин, байгалийн хийн асуудлыг хэлэлцэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, Украин дахь нөхцөл байдал, Оросын байгалийн хийн нийлүүлэлтийн асуудлыг хэлэлцжээ.

Талууд Украиныг тойрсон нөхцөл байдлын тулгамдсан асуудлыг хөндөж, Истанбулд болсон Орос, Украины ээлжит хэлэлцээний үр дүнгийн талаар санал солилцсон байна.

Энэ үеэр Макрон, Путин нар хүмүүнлэгийн асуудалд онцгой ач холбогдол өгсөн байна. Путин Оросын цэргүүдийн хүмүүнлэгийн тусламж яаралтай үзүүлэх, энгийн иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар мэдээлжээ. Мариуполь хотод үүссэн хүмүүнлэгийн хүнд нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд Украины хэт даврагчид эсэргүүцэл үзүүлэхээ зогсоож, зэвсгээ хаях шаардлагатайг онцолжээ.

Макрон Украины Мариуполь хотод хүмүүнлэгийн нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулахад бэлэн буйгаа мэдэгдэж, гэхдээ ийм алхам хийхэд нөхцөл байдал бүрдээгүй байна гэжээ.

Байгалийн хийн нийлүүлэлтийн хувьд Макрон ОХУ-аас тавьж буй байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх тухай шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж мэдэгджээ.

ОХУ-ын эрх баригчид нөхөрсөг бус улсуудад нийлүүлж буй байгалийн хийн төлбөр, тооцоог рубльд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Макрон, Путина нарын хэлэлцээ нэг орчим цаг үргэлжилжээ. Талууд ОХУ Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш болж буй ес дэх удаагаа утсаар ярьж байна.

Макрон ойрын үед Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Истанбулын хэлэлцээний үр дүнг хэлэлцэхээр төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top