Украиныг тойрсон нөхцөл байдал огцом хурцдаж буйтай зэрэгцэн ОХУ Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар энэ сарын 20-нд утсаар ярьж, сөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд дипломат хүчин чармайлтыг үргэлжлүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ. Үүнтэй зэрэгцэн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Орос улс Украинд 1945 оноос хойших Европт гараагүй өргөн хүрээтэй дайн хийхээр бэлтгэж буй талаар анхааруулсан байна.
Орос, Беларус хоёр Донбасс дахь нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан хамтарсан цэргийн сургуулилтаа үргэлжлүүлэх нь тодорхой болсны дараа Макрон Путинтай утсаар ярив. Ингэхдээ хэлэлцээний дараа Кремль, Елисейн ордноос гаргасан мэдээллүүд ихээхэн зөрж байв.
Елисейн ордны мэдээллээр, талууд хямралыг дипломат арга замаар шийдвэрлэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ. Талууд мөн ойрын өдрүүдэд хоёр улсын гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулах тохиролцоонд хүрсэн байна. Эл уулзалтаар Орос, Украин болон Украины холбоотнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжоос гадна Европ дахь аюулгүй байдлын шинэ тогтолцоог хэлэлцэх юм.
В.Путин цэргийн сургуулилт дууссаны дараа Оросын цэргүүд Беларусаас ойрын өдрүүдэд гарна гэж мэдэгдсэн тухай Елисейн ордноос мэдээлсэн бол Кремлиэс гаргасан мэдээлэлд цэрэг гаргах тухай дурдаагүй байна. Кремль Украины эрх баригчид хямралыг гүнзгийрүүлж байна гэж буруутгажээ. Мэдээлэлд “Киев яриа хэлэлцээ хийж буй дүр эсгэж байгаа ч Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхээс татгалзаж байна. АНУ болон НАТО-гийн зүгээс Оросын тавьж буй аюулгүй байдлын баталгааг хангах шаардлагад нухацтай хандаж, тодорхой хариулт өгөх шаардлагатай” гэж онцолсон байна.
В.Путинтай хийсэн хэлэлцээний дараа Макрон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьжээ. Зеленский Макронтой хийсэн ярианы үеэр Украины дорно хэсэгт даруй гал зогсоох, тус бүс нутаг дахь нөхцөл байдлыг шийдвэрлэх гурван талт бүлгийн хуралдааныг явуулах тухай асуудлыг хөндсөн тухай жиргэжээ.
Мөн өдөр Макрон Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой утсаар ярив. В.Путины Макронд өгсөн амлалт дипломат замаар асуудлыг шийдэх боломж байгааг илтгэсэн сайн дохио гэж Борис Жонсон онцолсон байна. Тэрбээр ямар ч яриа хэлэлцээнд Украины дуу хоолой төвд байх ёстой гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярихдаа Эммануэль Макрон В.Путин, Жо Байдены хооронд дээд хэмжээний уулзалт хийх санал дэвшүүлжээ. Елисейн ордны мэдээлснээр, талууд саналыг зарчмын хувьд хүлээн авсан байна. Ингэхдээ Цагаан ордны зүгээс Орос улс Украин руу дайрахгүй тохиолдолд дээд хэмжээний уулзалтыг хийх боломжтой гэж мэдэгджээ. Харин Москвагийн зүгээс өрнөдийнхний эл болгоомжлолыг үгүйсгэж байгаа юм.
Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлыг энэ сарын 24-нд болох АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын уулзалтын үеэр тохиролцоно гэж Елисейн ордон мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
хөршийгөө өөрийнаа дайсан гээд зарлачихсан украйнтай орос улс эвээр ярих уудаа....