ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн бямба гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нартай утсаар ярьжээ. Ярианы гол сэдэв нь Украиныг тойрсон асуудал байв.
Кремлийн тэргүүн тэдэнд хандан барууны зүгээс Киевийг Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг ятгах тал дэр хангалттай арга хэмжээ авахгүй байна гээд Оросын тал удахгүй аюулгүй байдлын баталгааны талаар АНУ болон НАТО-д хариу хүргүүлнэ гэж мэдэгджээ.
Кремлийн мэдээллээр, Путин Макронтой Оросын тал Украин руу довтлохыг төлөвлөж байна гэсэн өдөөн хатгасан мэдээллийн талаар ярилцжээ. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн Украиныг зэвсгээр хангаж байгаа нь Украины Донбасс дахь нөхцөл байдлыг улам хурцатгахад хүргэж байна гэж Путин онцолжээ.
Елисейн ордны төлөөлөгчийн Ройтерс агентлагт мэдэгдсэнээр, хоёр талын яриа хэлэлцээний агуулгаас үзвэл Москва Украин руу довтлохоор бэлтгэж байна гэж ойлгох нь буруу гэсэн бол Вашингтон Москва хүч хэрэглэх эсэхийг мэдэхгүй гээд Украиныг тойрсон нөхцөл байдалд зарчмын өөрчлөлт харагдахгүй байна гэжээ.
Цагаан ордны мэдээлснээр, Байден Москвагийн зүгээс довтолсон тохиолдолд АНУ холбоотнуудынхаа хамтаар маш шийдэмгий хариу өгөх ба ингэснээр Орос улс хүнд цохилтод орно гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Вашингтон дипломат төдийгүй бусад хувилбарт ч бэлэн байгаа тухай сэрэмжлүүлжээ.
Байден Оросын санааг зовоож буй олон асуудлыг тусгасан хэд хэдэн санал дэвшүүлжээ. Москва эдгээрийг анхааралдаа авахаа мэдэгдсэн ч эл санал, санаачилгууд нь гол асуудлыг тойрч, НАТО, АНУ-гийн зүгээс өгсөн хариу саналыг давтаж байна гэж Кремль онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )