Украиныг тойрсон нөхцөл байдал ХУРЦАДСААР байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Украиныг тойрсон нөхцөл байдал улам хурцадсаар байна.

Дэлхийн олон улс орон иргэдээ тус улсаас гарахыг уриалж байгаа бол Их Британийн даатгалын компаниуд Украин дахь нисэх онгоцнуудыг даатгалыг зогсоож байгаа тул өнөөдрөөс /2022.02.14/ Украины агаарын орон зай “хаагдаж” байна.

Халуун цэг болоод буй эл сэдвийн хүрээнд шинэ мэдээлэл хүргэе. 
 

  • Украин улс ОХУ болон Венийн хэлэлцээрт оролцогч улс орнуудад хандан 48 цагийн дотор уулзалт хийн, Украины хил дагуу цэрэг байршуулж буй асуудлыг хэлэлцэх хүсэлт хүргүүлжээ.
     
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг Киевт урьж, түүний айлчлал хурцадмал байдлыг намжаахад дөхөм болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
     
  • Их Британийн Ерөнхий сайд энэ долоо хоногт Европын удирдагчидтай Украинд дайн гаргахгүй байх бүхий л арга зам болон Киевт тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэхээр зэхэж байна. Даунинг стритээс гаргасан мэдэгдэлд “Украины хил дээр үүссэн хямрал дээд цэгтээ хүрлээ. Бидэнд буй мэдээлэл Орос улс хэзээ  л бол хэзээ Украинд довтлохоор төлөвлөж буйг харуулж байна. Гэсэн хэдий ч хурцадмал байдлыг намжаах, дипломат арга замын цонх нээлттэй хэвээр байна” гэжээ.
     
  • Германы Канцлер Олаф Шольц өнөөдөр /2022.02.14/ Киев улсад айлчилж, Москвад хийх айлчлалаасаа өмнө аюулгүй байдлын асуудлаарх байр сууриа нэгтгэнэ Украины тал мэдээлжээ.
     
  • Орос улс Украинд довтолно гэсэн хэнээрхэл дээд цэгтээ хүрсэн тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдлээ. АНУ-ын тал эл хэнээрхлийг хиймлээр дэвэргэж, хэзээ довтлохыг хүртэл таамаглаж, Украиныг зэвсгээр хангаж байна гэжээ.
     
  • Өнөөдөр ОХУ, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. 1992 хоёрдугаар сарын 14-нд тогтоосон хоёр улсын албан ёсны харилцаа идэвхтэй хамтын ажиллагаанаас гүнзгий хямралд хүрээд байна.
     
  • Их Британийн цэргийн сургагч багш нар Украин улсаас энэ сарын 12-13-ны хооронд гарчээ. Их Британийн батлан хамгааллын дэд сайд Жеймс Хиппигийн мэдэгдсэнээр, сүүлийн хэдэн долоо хоногт Их Британийн сургагч багш нар олон мянган украин цэргүүдийг бэлтгэжээ.
     
  • Олон улсын даатгалын компаниудыг давхар даатгадаг Их Британийн даатгалын компаниуд дэлхийн иргэний агаарын тээврийн компаниудад хандан 48 цагийн дараа даатгалын хамрах хүрээ Украин дахь бүх нисэх онгоцонд үйлчлэхгүй болсон тухай албан ёсоор мэдэгджээ. Тиймээс энэ сарын 14-нөөс эхлэн Украины агаарын орон зай хаагдаж байна гэж "Страна.ua" эх сурвалж дурдан мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан агаарын хөлгийн лизингийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд Украины иргэний тээврийн компаниудаас бүх онгоцоо буцаахыг шаардсан байна.
     
  • Украины Засгийн газар ээлжит бус хуралдаан хийж, тус улсын агаарын орон зайд гүйцэтгэж буй нислэгийн хэвийн үйл ажиллагааг хэвийн хангахын тулд 16.6 тэрбум гривен буюу 600 сая ам.долларын аюулгүй байдлын баталгаа олгохоор болжээ.
     
  • Канадын эрх баригчид Украинд байрлаж буй цэргийнхээ зарим хэсгийг гаргаж, Европын бусад улс орнуудад байрлуулахаар болжээ. 2015 оноос хойш Канадын цэргүүд “Unifier” ажиллагааны хүрээнд Украины цэргүүдийг бэлтгэж байгаа юм.
     
  • Киев дэх АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг Львов хот руу шуурхай шилжүүлж эхэлжээ.
     
  • Швед, Нидерланд, Герман, Кувейт, Хорват, Словени, Умард Македон, Израил зэрэг улс орнууд иргэдээ Украинаас яаралтай гарахыг уриалжээ.
     
  • Франц улсаас Украинд суугаа Элчин сайд Этьен де Понсен Украинд амьдарч байгаа иргэддээ хандан хүнс, ус, дулаан хувцас базаахыг зөвлөжээ.
     
  • Украины олигарх, бизнесменүүд чартер нислэгээр тус улсаас гарч байна гэж “Украинская правда” сонин мэдээлжээ. Өнгөрсөн ням гарагт гэхэд нийт 20 орчим чартер нислэг, хувийн онгоц тус улсаас гарсан байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.88.205) 2022 оны 02 сарын 15

Америк, англи 2 ч ёстой сэвж байна даа.

0  |  0
Б(202.126.88.154) 2022 оны 02 сарын 14

Киев улс

0  |  0
Top