Архангай аймагт “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд Төвшрүүлэх, Хайрхан, Эрдэнэмандал сумдад 24 бэлчээр ашиглагч малчдын бүлэг бий болсон. Бэлчээр ашиглагч малчдын бүлэг нь Өвөрхангай, Дундговь аймгуудад төслийн хүрээнд мөн байгуулагджээ.
Бэлчээр ашиглагч малчдын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр холбогдох төрийн байгууллагууд, бусад хамтран ажиллах талуудтай үр дүнтэй ажиллаж, бэлчээрийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор дээрх гурван аймгийн төлөөллүүдийн уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж байгаа юм.
Зөвлөгөөнийг Хүнс хөдөө аж ахуйн яам, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран зохион байгуулж байна.
Бэлчээр ашиглагч малчдын бүлгийн бэлчээрийн менежментийн гурван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бүх талын оролцоог хангуулах, орон нутгийн удирдлага, малчид, иргэдэд төслийн хэрэгжилт, үр нөлөөллийн талаар ойлголт мэдээлэл өгөхөд энэхүү зөвлөгөөний хэрэгцээ чухал байгааг төслийн дэд зохицуулагч Г.Баярхүү хэлж байлаа.
Архангай аймагт төслийн хүрээнд хийгдсэн ажлын мэдээллийг аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодорж танилцууллаа. Зөвлөгөөний үеэр аймагтаа идэвхтэй ажилласан төслийн ажилтан Г.Лхагвасүрэн, А.Алтаншагай нарт ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”-ийг гардууллаа.
Сэтгэгдэл ( 0 )