Бидний өвөг дээдэс дэлхийн түүхэнд цэрэг зэр зэвсэг, улс төр, эдийн засгийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр тоолж баршгүй олон бөгөөд оюун санаа, шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн түвшинд ч оруулсан хувь нэмрээрээ их хаадаас дутахгүй тэдэнтэй энэ зэрэгцэхүйц гэж хэлэхэд дэгстүүлэхгүй олон олон эрдэмтэн мэргэд төрөн гарсны нэг нь Шарайн Мянгат билээ.
Тэрбээр 1692 онд Цахарын найман хошууны нэг болох Шулуун хөвөөт Цагаан хошууны (Одоогийн Өвөр Монголын Шилийн гол аймгийн нутаг) Шарайд овгийн гэр бүлд төржээ. Цаг төрийн үймээнт үед төрсөн ч балчир наснаасаа авьяас билэг тодорч, хошуу нутагтаа алдаршсан тулд манжийн хааны ордны дэргэд "Математик сурах тэнхим"-д хүргэгдэн суралцаж, гарамгай сайн төгсөөд, улмаар манжийн хааны Тэнгэрийг сүсэглэх яаманд одон орныг тооцоолон бодох ажлыг эрхэлсэн түшмэлээр томилогдсон цорын ганц эрдэмтэн болж, даяар олондоо Их Мянгат хэмээн алдаршжээ.
Манжийн хааны ордны дэргэдэх "Тоон ухаан сурах газар"-т шилэгдэн ирсэн хүүхдүүдээс авьяас чадвараар илт тасарч, цаашлан их тоон ухаан, одон зурхай, сав шимийн ертөнцийн ухаанд шимтэн боловсорч, хааны харьяа албаны судлаач түшмэлийн албыг бараг хагас зуун жил хашихдаа, асар их судалгаа шинжилгээ хийж, бүтээл туурвилыг гаргажээ.
Тухайн цаг улирлын тоон бичиг зохиох, хянах, нар сар хэдийд хиртэхийг тооцоолон бодох зэрэг ажил үйлийг идэвхтэй сайн гүйцэтгэж байсан баримт тодорхой үлджээ.
Итгэлтэй сайн гэдгийн хувьд их эрдэмтэн математикч маань манжийн хааны дараалан заларсан гурван хаан болох Энх-Амгалан хааны үед 10-аад жил, Найралт төв хааны үед 12 жил, Тэнгэр тэтгэгч хааны үед бараг 30-аад жил дээрх албыг тасралтгүй хашсан байна.
Мянгатын математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нээлтүүд нь дэлхий дахинд ач холбогдолтой болохыг судлаачид үнэлсэн байдаг.
Ялангуяа 1712 онд түүний зохиосон "Математикийн хуулийн нарийн хуримтлал" бүтээлд тоог олох хялбар арга, мөн тригонометрийн ба тригонометрийн урвуу функцүүдийг зэрэгт цуваанд задлах аргачлал, пифагорын теорем, хавтгайн ба огторгуйн геометрийн сургаал, логарифм, комплекс тоо зэрэг тухайн цаг үеийнхээ математикийн бүх мэдлэгийг бүрэн дүүрэн багтаасан нийт 53 боть бүтээл нь 1722 онд ном болон бичигдсэн байдаг.
Их Мянгатын энэхүү бүтээлийн ачаар Хятад, Япон зэрэг Азийн орнуудад логарифмын сургаал нэвтрэн тархсан гэж үнэлэгддэг билээ. Түүний бүтээлүүдээр өрнө дахины математикийн ололт амжилт дорно дахинд зохих хэмжээнд нэвтэрсэн гэж үздэг.
Мянгатын бүтээл туурвилд ертөнцийг үзэх үзэл нь туссан байдаг нэг онцлогтой. Үүнд "Нар дэлхийг бус, дэлхий нарыг тойрдог" гэсэн Н.Коперникийн сургаалыг зохиолдоо бүтээлчээр хэрэглэж энэ тухай "Цаг улирлын үзэгдлийг шалган бүтээсний дараа найруулсан нь" гэдэг алдарт бүтээлдээ, ....нарны хэлбийлтээс нартай дэлхий ойртсоноор нэг жил болно. Нарыг сар халхлахад сар хиртэнэ, нар сар хоёр өөд өөдөөсөө харах үед дундуур нь дэлхий ороход сар хиртэнэ. Дэлхий нь өндгөн хэлбэртэй, зууван дугуй, хоёр тал нь урт, дунд тал нь бүдүүн... гэж нар сарны хиртэлт, гаригийн хэлбэр дүрсийн талаар тодорхойлон бичсэн нь орчин үеийн ойлголттой таарч байгаа юм.
Хожим их эрдэмтэн Мянгатын хүү болоод шавь нар нь номт мэргэн багшийнхаа захиас гэрээсийг биелүүлж, түүний бүтээлүүдийг нэгтгэн "Тойргийн нийт хэмжээний дөт арга" хэмээн нэрийдсэн бүтээлийг нь гаргажээ. Судлаач мэргэдийн үнэлснээр дорнын гайхамшигт математикчийн тэр үеийн математик сэтгэлгээ дэндүү хол тасарсан байв.
Гарамгай математикч Леонерд Эйлер /1707-1783/, Брук Тейлор /1685-1731/, Жеймс Стирлинг /1692-1770/, Шарайд Мянгат /1692- 1764/ нар математикийн бүтээл нээлтээрээ нэг цаг үеийн, нэг зиндааны суутнууд байжээ.
Ийнхүү их эрдэмтэн маань хагас зуун жил манжийн төрийн хаан ширээ дамжсан гурвын гурван хааны үед тэдний "Эрдэм ухааны хүрээлэн"-д алба хашихдаа "Цаг тогтоох үүсгэвэр" нэрийн доор "Зурхайн шинжлэл" 42 боть, "Тооны ухааны хураамж бичиг" 53 боть, нийт 100 гаруй боть цуврал болон "Зурхайн шинжлэлийн хойнох найруулал" 10 боть, "Хэмжигч багажийн шинжлэл" 32 боть, "Нар сарны эргэлтийн хүснэгт" зэрэг олон бүтээл номыг хянан тохиолдуулахад оролцож байжээ.
Монгол угсааны гарамгай математикч, одон оронч, газарзүйч, зурхайч гээд эрдэм ухааны оргилд гарсан энэ их эрдэмтний нээлт бүтээлийг Хятад, Япон зэрэг улсад сайн мэдэх боловч манайд энэ талаар тун хомс мэддэг. Далан нэгнийх нь жил орсон агуу өвгөний бие чилээрхэн чилээрхсээр 1764 оны хөх бичин жилтэй золгоод тэнгэрт хальжээ.
Эх сурвалж: Математикийн салбар, ЭША, Э. Энхцолмон
蒙古族科学家明安图故里导游词 https://baike.baidu.com/reference/
明安图(清朝科学家)https://baike.baidu.com/item/
Martzloff, Jean-Claude(1987). A History of Chinese Mathematics. Retrieved 26 March 2012.
28242 Mingantu (1999 AT22) https://ssd.jpl.nasa.gov/
28242 Mingantu https://www.wikiwand.com/
Сэтгэгдэл ( 0 )