Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сангаас хамтран “Салбар дундын, олон талын оролцоот газар төлөвлөлт, менежментийн үндэсний механизм бүрдүүлэх” зөвлөлдөх уулзалтыг /2022.04.05/ зохион байгууллаа.
Уулзалтаар тогтвортой газар ашиглалтыг дэмжих чиглэлээр “Газрын харилцаа, төлөвлөлт ба удирдлага,” “Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн газар төлөвлөлт, газар ашиглалтын үүрэг”, “Платформд суурилсан зөвлөлдөх механизмууд” сэдэвт түлхүүр гурван илтгэлийн хүрээнд санал дэвшүүлэн, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Газрын Шинэтгэлийн Үндэсний Хороо болон газрын нэгдмэл сангийн цахим системийн платформд тулгуурлан олон улсын чиг хандлага, туршлагын дагуу байнгын үйл ажиллагаатай салбар дундын олон талт техникийн үндэсний механизм бий болгох хэрэгцээ шаардлага, оролцогч талуудын үүрэг, оролцоог тодорхойлоход тус зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой байв.
Уулзалтанд газар, байгаль орчин, хөдөө аж ахуйн, уул уурхай, зам, хот байгуулалт, эрчим хүч, нийгмийн хамгаалал зэрэг салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, сумын удирдлагууд, аймгийн газар байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, хөгжлийн бодлого хариуцсан албан тушаалтнууд, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл зэрэг нийт 85 хүн оролцлоо.
Уулзалтын дараа Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн санхүүжилтээр нийлүүлсэн зургийн аппарат, гар GPS-ийг Хэнтий аймгийн Баян-Адрага, Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Булган, Матад, Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан сумдын газрын даамлуудад ажлын хэрэгцээнд зориулан гардуулан өглөө.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Сэтгэгдэл ( 0 )