Өнгөрөгч гуравдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Уилл Смит хөтлөгч, хошин жүжигчин Крис Рокыг алгадсан нь ихээхэн шуугиан дэгдээсэн. Өвчтэй эхнэрийнх нь талаар хошигнох гэж оролдсон Рокыг биеэ барьж чадалгүй алгадсандаа хүлцэл өчиж, Уилл Смит өөрийн хүслээр Академийн гишүүнчлэлээс татгалзаж буйгаа зарласан.
Гэвч Америкийн кино академийн зүгээс Уилл Смитэд албан ёсоор шийтгэл оноолоо. Смитийг 10 жилийн турш Оскарын ёслол тэргүүтэй академийн бүх арга хэмжээнд оролцох эрхийг нь хаслаа.
Академиас “94 дэх удаагийн Оскар ёслол 2021 онд маш их ажиллаж хөдөлмөрлөсөн олон хүний гавьяаг хүндэтгэх ёслол болох ёстой байлаа. Харамсалтай нь Смитийн тайзан дээр гаргасан хүчирхийлэл, үйлдэл энэ бүх ёслолыг гутаасан” гэж мэдэгдсэн байна.
Шийтгэлийг сонссон Уилл Смит “Би Академийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байна” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )