Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадна бага насны хүүхэд нас барсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Уг дуудлага, мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, дөрвөн настай эрэгтэй хүүхэд нас барсан байсан аж.
Хүүхдийн нас барсан шалтгааныг тогтоохоор цогцсыг задлан шинжилгээнд оруулахад, хүүгийн мөгөөрсөн хоолой цоорсны улмаас амь насаа алдсан болох нь тогтоогджээ. Талийгаач хүү хагас жилийн өмнө цагны зай залгисны улмаас өвдөж, улаан хоолойн мэс засалд ороод байсан ажээ.
Эцэг, эхийн хараа хяналт сул байгаагаас бага насны хүүхэд зай, товч зэрэг зүйл залгих тохиолдол олноор гарч байгаа ба эдгээр нь хүүхдийн биед ямар хор уршигтай байдаг талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн дурангийн эмч Г.Отгонсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Зарим эцэг, эхчүүд хүүхэд хахсаны дараа амьсгал нь чөлөөтэй байвал санаа нь амраад орхичихдог. Гэтэл төвөнх дээр тээглэсэн зүйлс нь гарсан ч улаан хоолой руу орсныг тэр бүр мэддэггүй. Энэ тохиолдолд бөгж, кальцо зэрэг байсан бол дундаа нүхтэй болохоор хоол хүнс саадгүй нэвтэрч байдаг. Гэтэл тээглэсэн зүйл улаан хоолойн ханаар цусыг нь гүйлгэхгүй дарчихдаг учраас холголт үүсгэж, шархлуулна. Шарх үүснэ гэдэг нь судасны хананы бүрэн бүтэн байдал алдагдана гэсэн үг. Хоолой нимгэн учраас амархан цоордог. Энэ нь маш аюултай. Улаан хоолойг голтын эрхтэн гэдэг. Голтын идээт үрэвсэл бол маш аюултай өвчин. Энэ нь цусанд халдвар орох эрсдэл бий болгож, гол судас, зүрх, уушгинд халдварлаж, амь насаа алдах аюул учруулна.
Харин зайн дотор химийн түлэгч бодисууд агуулагдсан байдаг бөгөөд залгисан тохиолдолд улаан хоолойн ханыг үрэвсүүлж, шархлуулах ба хоол идэхэд өвдөлт өгч, халууруулж эхэлдэг. Яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд хүүхдийн амь насанд хүрэх хүртэл аюултай” гэлээ.
Иймд, эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдлээс хамгаалах шаардлагатай байгааг албаныхан сануулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
araishdee
Ивий дэ хөөрхий хүүхэд гэж гэнэн амьтад сайн харж хандаж бхгүй бол болохгүй.