Б.Чимид: Уулнаас мод авч хотод суулгах нь Увс нуураас шанагаар ус авахтай адил

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Дендрологич, Биологийн ухааны доктор, Профессор, Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан Бадрахын Чимидийг "Өглөөний зочин"-оор урилаа.


-Ой модны салбарын томоохон төлөөлөлтэй уулзаж байгаагийн хувьд бодлогын чиглэлд түлхүү ярилцъя. Өдгөө энэ салбарын хөгжил ямар түвшинд байна вэ?

-Монгол орны нийт газар нутгийн найм хүрэхгүй хувийг ой мод эзэлж байна. Одоогоос гучаад жилийн өмнө буюу 1990-ээд оны үед энэ тоо 10 орчим хувьтай байсан. Эндээс үзвэл, манай орны ой сийрэгжиж, хортон шавжид идэгдэж, түймэрт үрэгдэж байгаагийн тод илрэл юм. Ойн чанар, ойн хөгжил, ойн экологид үзүүлэх үр нөлөө муудаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд энэ салбар бодлогын түвшинд уналтад орсон гэж дүгнэж болно.

-Өдгөө ойн салбарын бодлого уналтад оржээ. Өмнө нь тэгвэл ямар байсан юм бэ?

-Урьд нь 18 аймгийн 15-д нь Ойн агнуурын аж ахуй, дөрөвт нь Ойн анги байсан. Жишээ нь, миний хувьд Дорнод аймгийн Ойн агнуурын аж ахуйн дарга байлаа.

Түүх сөхөн харвал 1970-аад онд ойжуулалтын ажлын үндсэн бэлтгэл болох үр бэлтгэх, тарьц суулгац үржүүлэх, мод үржүүлгийн газруудыг шинээр байгуулан, ойжуулалтын гар болон хагас механикжсан бригад, салаа байгуулагдаж байсан. 1980-аад онд гэхэд ой, модны салбар бие даасан яамтай, 60 орчим үйлдвэр, үүний тав нь бүтэцдээ 4-6 үйлдвэртэй томоохон цогцолбор комбинатууд, нийт 10 мянга орчим ажиллагсадтай байсан гээд бод.

Миний хувьд тухайн үед яамны Ойжуулалт хариуцсан мэргэжилтнээр таван жил ажилласан. Манай яам жинхэнэ мэргэжлийн яам байлаа. Жишээ нь, яамны сайд Д.Цэдэн нь Ойн аж ахуйн инженер, Ой хариуцсан орлогч сайд Н.Гомбожав нь мөн Ойн аж ахуйн инженер хүн. Сүүлд байгаль орчны гавьяат ажилтан болсон. Газрын дарга н.Хаянхярваа нь Ойн аж ахуйн инженер, газрын зургаан мэргэжилтний тав нь Ойн аж ахуйн инженер хүн байсан.

Ганцхан л агнуур зүйчтэй байсан. Бусад нь бүгд ойн инженер. Намын Төв хороонд Ойн асуудал хариуцагч нь Б.Бунсан гэж хүн байв. Сүүлд байгаль орчны гавьяат ажилтан болсон. Сайд нарын зөвлөлд Ойн асуудал хариуцдаг албан тушаалтан нь Ө.Тов гэж хүн байлаа. Мөн Ойн инженер хүн. Ойн хүрээлэнгийн захирал нь н.Аварзэд. Бас Ойн аж ахуйн инженер хүн. Ийм л мэргэжлийн  алба бүрдсэн байв. Гэтэл одоо Монгол Улсын үндэсний ойн, ой модны гэх тодотголтой бүтэц үүрэг бүхий институт байхгүй болсон.

 

“МАНАЙ ХОТОД ГАНЦХАН БАЙХАД ХӨХ ХОТОД 80 ДЕНДРОЛОГИЧ БАЙНА”

 

-Монгол орны нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртсөн. Байгаль, экологийн асуудал жилээс жилд доройтож байгаа энэ үед газар нутгаа ойжуулах, мод тарих нэн тэргүүний ажил болоод байна. Бид одоо юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Хүн бүр байгалиа хамгаалахын төлөө л амьдрах ёстой тийм цаг үе ирээд байна. Мод тарих, ойжуулалт буй болгоход төрөөс цогц бодлогыг боловсруулах шаардлагатай. Түрүүн би хэлсэн. Ойн яам, мэргэжлийн удирдлагыг нь татан буулгасны л гор өдгөө илэрч байна. Ойн салбарт төрийн бодлого алдагдсан. Энэ салбарыг хавсарга байдлаар хаясан. Хамгаалалтын систем нь унасан. Ой эзэнгүй болсон.

Өнгөрсөн жил Ойн агентлаг байгуулна гэж байсан ч одоо хэр нь ажил хэрэг болоогүй л байна. Мэргэжлийн боловсон хүчний хомсдолд орсон. Ойн  аж ахуйн инженер бэлддэг гурван дээд сургууль байсан. Одоо энэ мэргэжлээр оюутан элсэхээ байсан. Ийм байхад энэ салбарт хэн ажиллах юм бэ. Байгаль экологийн энэ сайхан мэргэжлийг эзэмшигчдийг төрөөс дэмжмээр байна. Нэгэнт уналтад орчихсон юм чинь төрөөс эхний ээлжинд улсын тэтгэлгээр оюутнуудыг сургах хэрэгтэй.

Хэд, хэдэн аймагт Ойн Техник мэргэжлийн сургууль /ТМС/ байсан. Даанч татан буугдсан. Бүх аймагт одоо ТМС байгуулах хэрэгтэй. Мэргэжлийн боловсон хүчнийг нэн тэргүүнд бэлтгэх нь чухал. Модыг мэргэжлийн л хүн тарина. Субботникоор хийдэг ажил биш. Нүхээ ч зөв ухаж чадахгүй байна. Мянган мод тарилаа гэхэд мянган нүхийг шинждэг инженер байх ёстой. Харамсалтай нь алга.

-Та Улаанбаатар хотын ерөнхий дендрологичоор  21 жил ажилласан хүн. Хотын ногоон байгууламжийн талаар ямар бодол санаатай явдаг вэ?

-Жишээн дээр тайлбарлаж өгье. Улаанбаатарын хэмжээнд ганцхан дендрологич байхад Хөх хотод 80 дендрологич байна. Манайхаас 80 дахин илүү байна гээд бод. Хөгжиж буй хот энэ салбарт ингэж их анхаарч байна. Манай хотод саяхнаас л дөрвөн дендрологичтой боллоо.

Ийм учраас мэргэжлийн боловсон хүчнийг ажлын байраар хангах, бодлогоор дэмжиж байж л энэ салбар хөгжинө. Хотын ногоон байгууламжийн хувьд ганцхан Улаанбаатараар хэмжих асуудал биш. Аймгийн төвүүд, Эрдэнэт, Дархан гээд томоохон суурин газрууд бүгд ногоон хот болох хэрэгтэй. Энэ асуудлыг бас л улс хаячихсан. Төсвийн үлдэгдлээр хамгийн бага санхүүжилтийг  энэ салбарт зарцуулсан болдог.

-Хотыг моджуулахад нэг асуудал гардаг. Ойгоос мод тайрч авчирч ирээд байна гэдэг шүүмжлэл нийтийн дунд дэлгэрсэн. Энэ талаар тайлбар өгөх үү?

-Хот ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгждөг. Хот өөрийн мод ургуулах стандарттай. Хоёроос гуравхан настай нарс, шинэсээр хотыг ойжуулдаггүй. Энэ чинь  өвс шиг юм байгаа. Хотын мод багадаа хоёр метрээс дээш байж ургана. Энэ ч үүднээс 2016 онд хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хотод ямар мод тарьж, яаж өөд нь татах талаар анхаарч эхэлсэн. Тухайн  үед надтай зөвлөлдсөн. Би “Энэ том хотыг богино хугацаанд ногоон болгох ёстой. Тийм учраас байгальд ургасан ойг сийрэгжүүлэх журмаар модыг нийслэлд суулгах бололцоотой. Тухайлбал, хүний тариад шигүү ургасан, хоорондоо ганц метрийн зайтай асар их ой байна.

Мөн уурхайн устгалд орж байгаа мод. Түүнчлэн түймрийн халз, хилийн зурвас гэх мэт дээшээ ургуулж болохгүй авах, тайрах, арчилгааны огтлолт хийх  хэрэгтэй  модноос хот суурин газруудыг ойжуулья” гэсэн санааг гаргасан. Дэлхийн олон хотод ч энэ ажлыг хийсэн байдаг. Гэтэл уг ажлыг мэдлэггүй, мэдээлэлгүй нөхдүүд “Ойгоос мод хулгайлж нийслэлд мод тарилаа” гэсэн цуурхал тараадаг. Тэр цуурхлыг хэсэг нөхөд зорилттой ч цацдаг.

-Ямар хүмүүс вэ?

-Мод үржүүлгийн газартай хэдэн хүмүүс байдаг. Тэд “Миний тарьсан модыг хот авахгүй байна. Ойгоос том мод зөөлөө” гэдэг. Харамсалтай нь тэдний мод хотод ургах боломжгүй. Жижиг модыг бид тарьж үзсэн. Шууд үзүүр нь хугараад, нахиа нь гэмтээд ирдэг. Ийм модыг мод гэх үү. Тахир дутуу мод. Харин бидний тарьсан мод ийм болсон /Тарьсан модныхоо зургийг харуулав/.

-Та бүхэн хотод авчирч суулгасан модоо хаанаас авсан бэ?

-Жишээ нь, Булганы Хялганатад байдаг дух нарс, дүгэрээ нарс гэж байна. Тэнд академич Ч.Доржсүрэнгийн тарьсан  мод хоорондоо ойрхон ургачихсан. Тэр модноос сийрэгжүүлэлт хийгээд авсан байдаг. Тэр ойг сийрэгжүүлэх шаардлагатай ч байсан. Арчилгааны огтлолт хийгээд  авсан модоо хот руу 500 километр газар зөөж авчраад 380-хан мянган төгрөгөөр гурван жилийн арчилгааны зардалтай нь авчирч, нийслэлд тарьсан. 2016 оноос өнөөдрийг хүртэл тарьж байна. Бидний авчирсан мод  98 хувь ургасан. Яармаг, Нисэхийн зам, хотын гудамжаар зөндөө бий. Яваад үзээрэй. Энэ ажлыг хийснээрээ магтуулах байтлаа муулуулаад явж даанч таарахгүй. Манай хотод дөрвөн метрээс пээш өндөртэй шилмүүст мод тарих стандарт батлагдсан. Стандартаа бариад модоо амжилттай ургуулах нь чухал.

 

“ЗӨВ АШИГЛАЛТ БОЛ ЗӨВ ХАМГААЛАЛТ ЮМ”

 

-Яаж ч бодсон ойгоос мод тасдаад авчрах нь экологид хохиролтой биш үү?

-Маш энгийнээр үүнийг ойлгуулахыг хичээе. Бид тав, арван мянган модноос зөв аргаар суулгац авч байна. Нэг мод авахад экологид ямар хохирол учруулчихаад байгааг хэн гэдэг эрдэмтэн тогтоочихоод байгаа юм. Нэг га ойгоос арван мод авахад хэр хохирол учирсныг тогтоосон ямар эрдэм шинжилгээний бүтээл, дүгнэлт байна. Тийм зүйл байхгүй. Уулнаас мод авна гэдэг Увс нуураас шанагаар ус авахтай адил гэж би ярьдаг. Увс нуураас би шанага ус авахад нуурын ус хорох уу. Туул голоос азарга адуу услахад Туул гол хорох уу. Ингээд бодоод үз. Зарим нэгэн нь “Хорно, битгий азарга адуугаа усал” гэсэнтэй адил намайг шүүмжилдэг.

Сая хилийн зурвасаар холбогдох албаныхан яваад ирсэн. Огтолж хаях 10 мянган мод байна гэсэн. Тэр модыг хаяж байхаар хотод авчраад ургуулна. Бид түүнийг хийнэ. Хүмүүс бас л шүүмжлэх байх. Тэртэй, тэргүй улс ав гэж байгаа юм чинь аваад нийслэлээ моджуулахад яагаад болохгүй гэж. Зарим мод үржүүлгийн газар “Миний мод борлогдохгүй байна” гэж гомдоллодог. Одоо энэ тэрбум мод тарих аяны хүрээнд борлогдоно. Угаасаа ургах боломж нөхцөл бүрдсэн газар тэр үржүүлгийн мод нь ургана. Нийслэлийн хувьд бол стандартад нийцсэн модоо л аваад явна.

-Одоо тэрбум мод аян өрнүүлэхээр ярьж байна. Бидэнд энэ их модыг тарих үндэс болсон тарьц суулгацын аж ахуй нэгж, тэдний хүчин чадлын хүрэлцээ хэр байна вэ?

-Социализмын үед улсын чанартай, яамны харьяаны Дорнодын Халхын гол, Говь-Алтайн Гуулин, Сэлэнгийн  Цагаантолгой, Өвөрхангайн Хужиртад 200-350 мянган суулгац жилд гаргах мод үржүүлгийн газар байгуулсан. Аймаг болгон мод үржүүлгийн газартай байсан. Харамсалтай нь бүгд байхгүй болсон. Одоо ганц, нэг хүмүүс л хувийн мод үржүүлгийн газартай байна. Тоолоод үзсэн чинь тарьц, суулгац нь 20 сая мод байна гэсэн шүү. Гэхдээ энэ хангалтгүй. Иймээс мод үржүүлгийн газрыг нэмж байгуулах шаардлага байна. Үүнийг төрөөс бодлогын хэмжээнд дэмжих хэрэгтэй.

Мод ургамал бол жилээс жилд томорч байдаг, цэцэглэдэг, гоё болдог бол байшин барилга нурж, хуучирч, муухай болж өнгө зүс нь гунддаг. Тийм учраас жижиг гэлтгүй навчит модыг ч гэсэн тариад байх хэрэгтэй. Жилээс жилд гоё болж ургана. Хотын хэтийн хөгжлийг ногоон байгууламжаасаа харах хэрэгтэй.

-Манай улс нийт газар нутгийн хэмжээнд эзлэх ойгоороо дэлхийн улс орнуудын дунд ямар түвшинд явна вэ?

-Улсын хэмжээнд ярих нь харьцангуй ойлголт. Жишээ нь, Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй. Тэр нутаг дэвсгэрийн найман хувь нь ой байна гэдэг багагүй үзүүлэлт. Битүү ой зөндөө бий. Заган ой багагүй байна. Гэтэл манай Өмнөговь аймгийн нутгаас жижиг нутагтай улс зөндөө байгаа шүү дээ. Баруун Европын Бельги, Швед гээд бүгд жижиг газар нутагтай. Эндээс улс орнуудын ойжуулалтын харьцааг гаргах нь  харьцангуй ойлголт. Гэхдээ Монгол улс ойн  сандаа онцгой анхаарах цаг ирсэн. Учир шалтгааныг нь тайлбарлуулах уу.

-Тэгье?

-Монголын ой мөнх цэвдэг дээр байгаа. Мөнх цэвдэг нь дэлхийн дулаарлын нөлөөгөөр хайлсаар байна. Дээр нь байгаа ой доошоо явж байгаа гэсэн үг. Мөнх цэвдэг устах юм бол Монголын ой сөнөнө. Цөлжилт, дэлхийн дулаарал экологид тэгэж аюултай нөлөөлж байгаа юм. Ийм учраас урд талаасаа говь, цөлийг ойжуулах ёстой. Богд ууланд ч цөлжилт мэдрэгдэж байна. Монголын нийт нутгийн 76.8 хувь нь цөлжсөн гэдгийг ч тогтоочихсон. Ийм байхад ойжуулалтад  анхаарах ёстой. Модоо тарих хэрэгтэй. Мэдээж говь цөлд хайлаас, заг, тоорой, сухай гэх мэтийн говийн модоо тарь. Хангайд хангайн модоо тарих хэрэгтэй.

-Ойгоо хамгаалахын тулд модоо бага ашиглах ёстой гэж шууд ойлгодог. Модны хэрэглээгээ багасгах нь ой хамгаалах үр дүнтэй арга мөн үү?

-Ойн хуулинд “Монголын ойн 86 хувь нь хамгаалалтын ой, 14 хувь нь ашиглалтын ой” гэж заасан байгаа. Монголын нийт ойн 70 гаруй хувь нь нас гүйцсэн, хөгширсөн ой. Ийм нас гүйцсэн хөгширсөн ойг ашиглах ёстой. Ашиглахдаа мод бэлтгэлийн технологи, аргуудыг зөв хэрэглэх учиртай. Ямар нэгэн байдлаар ойг ашиглах нь зөв. Түүнээс бус хамгаалж байна гээд хав дараад байж болохгүй. Зөв ашиглалт бол зөв хамгаалалт юм. Өнөө цагт ойн аж ахуйн инженер хүн ховордсон.

Ойг цөөлөх, гэрэлтүүлэх, залуужуулах, арчилгааны зэрэг огтлолтуудыг зүй зохистой, мэргэжлийн түвшинд хийх хэрэгтэй. Тэгж байж ойг жинхэнэ ой болгодог юм. Одоо бол манай ихэнх ой ширэнгэ. Ширэнгэ хэвээрээ байвал тэр ой бол ой биш. Зарим эрдэмтэд бичиж байна. 40 настай мөртлөө тав, аравхан см-ийн өргөнтэй мод байна гэж. Уг нь 40 настай мод ядаж 40, 50 см-ийн өргөнтэй байх ёстой. Зөв арчилгаатай мод “таргалдаг”. Гэтэл таргалж чадахгүй байна. Энэ бүхэн модоо арчилж чадахгүй байгаагийн илрэл шүү дээ.

-Мод тарихад бүх нийтийн экологийн боловсрол чухал талаар таны ярихыг сонсож байсан. Үнэхээр тийм шүү?

-Самар тарихаар хуш ургадаг, мойлны яс тарихаас монос ургадаг гэдгийг заахгүйгээр арван жил, дээд сургууль төгсөөд сайд болчихоод байна. Бүх нийтийн боловсролд экологийн мэдлэгийг анхаарах хэрэгтэй. Би сая энэ тухай санал боловсруулаад БСШУЯ-нд өгсөн. Монголын бүх цэцэрлэг, сургуулиудын хашаанд модны төгөлтэй болъё. Монголд 843 сургууль, 2300 цэцэрлэг байдаг. Энэ бүгдэд хашаанд нь 30 метр квадратад хайлаас мод үржүүлэхэд л тэрбум хайлаас тарих боломжтой.

Биологийн багш нь тэр талбайдаа хичээл ороод хэчнээн сайхан бэ Хавар хайлаас үрээ хаяна. Түүнийг аваад шууд тарих бололцоотой. Үр хайгаад байх шаардлагагүй. Хайлаас бол Монголын бүх бүсэд ургадаг сайн мод.

(Хэмээн Б.Чимид доктор ярилаа. Тэрбээр шүүгээнээсээ хайлаас модны үр гаргаж үзүүлээд “Бид экологийн бага ч болов боловсролтой бол мод тарихад дөхөмтэй. Жишээ нь, модны үр суулгац олдохгүй байна. мөнгө хэрэгтэй гэж зовлон тоочихын оронд байгальд үнэгүй байж л байдаг үрийг ашиглаад сайхан мод тарьчих боломжтой шүү” хэмээв.)

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шар(192.82.84.159) 2022 оны 04 сарын 26

Уулнаас авсан модоор хотыг ногооруулах нь өнөө үёд хамгийн зөв шийдэл.

0  |  0
Ой зүйч(43.242.242.237) 2022 оны 04 сарын 25

Ёооё ядаргаатайн бэ, өөрөө үлдэхгүй, үр нь үлдээх хорвоог насаараа тамлалаа даа

0  |  0
ой судлаач(192.82.74.107) 2022 оны 04 сарын 25

Энэ өвгөн үнэхээр бузартай өвгөн шүү. Мөнгөний төлөө уулын модыг олон жил оршуулах ажлыг хийж байгаа хүн

1  |  0
NER(202.21.124.3) 2022 оны 04 сарын 25

Zub shdee

0  |  1
баяр(66.181.160.86) 2022 оны 04 сарын 25

Түлдэг баридагтайгаа зөндөө л авч байгаа шд. нэг уулыг тэр чигээр нь модгүй болгочихсон л байдаг

1  |  1
Top