Үйлдвэрүүд түүхий эдийнхээ дийлэнх хувийг импортоор авдаг тул нарийн боовны үнэ нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Нарийн боов, талхны үнэ өссөнд иргэд бухимдмсаар байна. Тодруулбал, энэ сарын 11-нээс эхлэн монголчуудын өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг Атар талхны үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн. Түүнчлэн Өгөөж-Чихэр боов ХХК-ийн тосонд хайрсан боорцогнуудын үнэ нэмэгдсэнд хүмүүс бухимдсаар байгаа. Үүнтэй зэрэгцэн тухайн компаниуд боорцгоо транс тос агуулсан тосоор хайрдаг, хүнсний нэмэлт E тэмдэглэгээтэй бодисууд их хийдэг гэх мэт шүүмжлэлийг өрнүүлж буй. Тиймээс хүнсний нэмэлт орц, нарийн боовны үнийн өсөлтийн шалтгаан, үйлдвэрлэлийн шат дамжлагын талаар сурвалжилга бэлтгэлээ.


 

E ГЭСЭН ТЭМДЭГЛЭГЭЭТЭЙ ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮХЭН ХОРТОЙ БОДИС БИШ

 

Хүнсний манлай хэмээн нэрлэгддэг Өгөөж-Чихэр боов ХХК-ийн үйлдвэртэй танилцах боломж олдлоо. Айл өрх бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцыг сонирхох нь мэдээж олзуурхууштай зүйл юм. Биднийг үүдээр ормогц үйлдвэрийн ажилчид угтан авч цагаан нөмрөг, малгай зэргийг өмсөхийг санууллаа. Хонгилын давхарт очмогц гутлын ул ариутгаж, цэвэрлэх автомат машинаар гутлаа цэвэрлэх ёстой аж. Тэндээс гараа савандаж угаасны дараа дахин гутлын улаа цэвэрлүүлэх хэрэгтэй. Ингээд хүн бүр жижиг төмөр бүхээгт орж ариутгуулснаар халдвар хамгааллын дэглэмээ бүрэн сахиж дуусна.

Шатаар дээш гарч үйлдвэрийн өрөөнд ороход амтат гурилан бүтээгдэхүүний үнэр хамар сэтэлж байв. Эхний зогсоол еэвэн хийх үйлдвэрлэлийн явцтай танилцах байлаа. Зуурагч машинд 100 кг гурилыг орцыг нь тааруулан хийнэ. Эхний шат дуусмагц зуурмагийг хэвлэж бэлдэх аж. 10 эгнээгээр хэв болгож бэлддэг уг машин нь монголдоо төдийгүй дэлхийд ч ганц гэж хэлж болохуйц гэнэ.

Учир нь, еэвэнг үйлдвэрлэхдээ ихэвчлэн уламжлалт аргаар буюу нэг, хоёр ширхгээр нь гараараа хэвлэж хийдэг аж. Тус үйлдвэр 2013 онд Япон улсаас энэхүү олон үйлдэлт хэвлэгч машиныг авсан ба тэр цагаас хойш тус бүтээгдэхүүнийг хэвлэх ажил бүрэн автомат болсон байна. Нэгэнт хэвэнд орсон еэвэнг жигнэж болгох ёстой. Халуун зуухны хэм хамаг биеийн хөлс цутгамаар, бүгчим байсныг үйлдвэртэй танилцаж явсан бусад маань хэлж байсан юм. Жигнэж болгосон бүтээгдэхүүнийг дараагийн шат дамжлага руу шилжүүлж хөргөнө. Халуун хэмийг нь буулгасны дараа еэвэнг уутлах ажиллагаа эхэлж нэг ёсондоо үйлдвэрлэлийн үйл явц өндөрлөнө.

Хянагч машин хүнсний бүтээгдэхүүнээс өөр эд зүйл төхөөрөмжид ойртсон тохиолдолд анхааруулах дохио өгөх аж. Бүх шат дамжлага автомат гэж дээр дурдсан. Тиймээс гаднах гялгар уутан дээр тамгалах он сар бичсэн шошгыг хуурамчаар үйлдэх боломжгүй байна. Автомат машин тухайн өдрийн он сарыг гялгар уутны гадаргуу дээр хэвлэсний дараа еэвэнг ууталж бэлэн болгож байлаа. Бусад нарийн боовны шат дамжлага мөн үүнтэй төстэй. Зуурмаг бэлдэх явц, шарах, жигнэх, хайрах гэх мэт өөр шат дамжлагаар бүтэхээс биш нэг стандарт, үйл ажиллагааны ерөнхий журмаар бүтээгдэхүүнээ бэлэн болгодог байна.

Өгөөж-Чихэр боов ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Энхчимэг “Манай компани 170 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж 30 нэрийн барааны дэлгүүртээ борлуулж байгаа. Одоогоор бид сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүтээгдэхүүнээ үйлвэрлэж байгаа ч шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулбал дахиад шинэчлэх шаардлагатай зүйлс их бий. E тэмдэглэгээтэй хүнсний нэмэлт орцны тухайд бид хаанаас ч айх юм үгүй. Учир нь, хэрэглэгчдэдээ хортой хүнс хэрэглүүлэх нь байж боломгүй зүйл. Жишээ нь, давсыг олон улсын нэршлээр E331 гэсэн кодоор тэмдэглэдэг. Х

аяг шошгон дээр мөрдөх стандартын дагуу орц найрлагаа бичсэн байхад олон E тэмдэглэгээ тавьсан учир хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэх нь өрөөсгөл ойлголт юм. Хүнсний нэмэлт бодис ашигладаг ч түүнийгээ нуудаг жижиг үйлдвэрүүд бий. Харин ч бид бүх орц найрлагаа нээлттэй мэдээлж байна. Өнгөрөгч онд нарийн боовтой холбоотой нэлээд хэдэн стандарт шинэчлэгдсэн. Тэр ч утгаараа одоо хүчинтэй мөрдөгдөж буй стандартыг ягштал баримтлах нь улсын үйлдвэрийн ганц авууштай тал шүү дээ” хэмээв.

 

ТҮҮХИЙ ЭДИЙНХЭЭ ДИЙЛЭНХИЙГ ГАДНЫН УЛСААС, ВАЛЮТААР АВЧ БАЙГАА ТУЛ ҮНЭЭ НЭМЭХЭЭС ӨӨР СОНГОЛТ БАЙГААГҮЙ…

 

Хүүхэд багачуудын идэх дуртай Өнхрүүш нэрийн шарвинг бусад нарийн боовыг бодвол хөнгөн шат дамжлагаар үйлдвэрлэдэг байна. Гэрийн нөхцөлд шингэн зуурмагаа бэлдсэнийхээ дараа хайруулын тавгийг багахан тослоод шарснаар шарвинг хийдэг. Үүнтэй адил шингэн зуурмагийг томхон ширмэн дээр хайрч дунд нь дөрвөн төрлийн шанзаа хавчуулдаг байна. Доторх шанзыг нь хийсэн шарвин дээр Өгөөжийн бэлгэ тэмдэг болох өнхрүүшийн логог хэвлэж савлагааны үе шат руу шилжүүлнэ. Хүүхдийн сонирхол татах үүднээс тус компани Пороро нэрийн шарвинг үйлдвэрлэх болсон.

Хүүхэлдэйн киноны баатрын дүрээр нэрлэсэн тус бүтээгдэхүүн нь энгийн Өнхрүүш шарвинг бодвол элсэн чихрийн орц багатай. Энэ мэтээр хүнсний манлай гэж нэрлэгдэх тус компани бүтээгдэхүүнийхээ орц найрлагад анхаарсаар байгаа аж. Олон нийт хүнсний үйлдвэрүүд цөм транс тос агуулсан тосоор бүтээгдэхүүнээ бэлтгэдэг гэж шүүмжилж буй. Мөн далдуу модны тосыг бүтээгдэхүүн бэлтгэхдээ ашиглаж буйг ч ихээхэн эсэргүүцэж байгаа. Үнийн хувьд далдуу модны тос ургамлын тосыг бодвол хямд ч чанарын хувьд илүү сайн гэв. Учир нь далдуу модны тосыг цельсийн 250 хэмд халаахад транс тосны агууламжтай болдог байна. Гэхдээ тус үйлдэр боорцгоо 120-130 хэмийн халуунд шарж, хайрдаг тул хэрэглэж буй далдуу модны тос нь транс тосны агууламжтай болдоггүй гэв.

Импортын хүсний бүтээгдэхүүн авахгүй байх үндсэн шалтгаан нь мэдээж эх оронч үзэл мөн. Түүнээс гадна хадгалах хугацааг хэт уртасгаагүй бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэдэг байна. ОХУ-аас авч ирсэн нарийн боов, кекс зэрэг бүтээгдэхүүн нь зургаан сар хадгалах хугацаатай ирдэг гэв. Харин дотооддоо үйлдвэрлэсэн гурилан бүтээгдэхүүн хоёр сар хадгалах хугацаатай байна. Мэдээж амархан хатах, хөгцрөх шинж чанартай бүтээгдэхүүн долоо хоног хүрэхгүй хугацаанд хадгалах заалттай гэдгийг үйлдвэрийн удирдлагууд дурдаж байв. Транс тос агуулсан тос гэдэг нь бүх төрлийн тосыг хамруулах ойлголт биш гэнэ. Учир нь байгалийн гаралтай тосыг хатууруулж, устай хольсон нь транс тосыг дотроо агуулдаг байна. Нэг ёсондоо тасалгааны хэмд хайлахгүй, хадгалах хугацаа урттай болсон тосны үнэ хямд болно. Олон улсын асуудал, хойд хөршийн эхлүүлсэн зэвсэгт мөргөлдөөн зэргээс үүдэн бүх төрлийн ургамлаас гаргаж авах тосны үнэ өссөн.

Мөн манай улсын хилээр орж ирэх бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнэ хэд дахин нугарсан. Тийм учраас угаас үнэтэй байдаг, нэмээд хилээр орж ирэх үнэ нь нэмэгдсэн тосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь цэвэр алдагдал гэдгийг үйлдвэрийнхэн онцолж байв. Тус компани Сингапур улсын Лампун үйлдвэрийн ургамлын болон далдуу модны тосыг хэрэглээд нэлээдгүй хугацааг үдсэн байна. Олон нийтийн дунд үүссэн транс тостой холбоотой маргааны дагуу 2019 онд БНХАУ-ын Pony лабораторид бүх бүтээгдэхүүнийхээ тосны дээжийг явуулжээ.

Шинжилгээний хариугаар хэрэглэсэн тосон дахь транс тосны агууламж 0.012 хувиас бага гарсан байна. Олон улсад 0.5 граммаас бага хэмжээтэй транс тос хүнсэнд агуулагдаж байгаа тохиолдолд аюулгүй, цэвэр гэж үздэг аж. Мөн шинжилгээнд илгээсэн дээж нь хэрэглэсний дараах буюу боорцог хайрсан тосны хэсэг юм байна. Транс тос бий эсэхийг эх орондоо шинжлүүлэх гэсэн боловч одоогоор манай улсын МХЕГ-т ийм төрлийн илрүүлэг хийх лаборатори байддаггүй гэнэ. Тиймээс тухайн үйлдвэрийнхэн энэ асуудалд эмзэглэдэггүй, ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаагаа дурдсан юм. Ачаа тээврийн үнэ өссөнөөс гадна ам.долларын ханш тэнгэрт хадаж, олдохоо байсан. Ийм үед импортын бараагаар түүхий эдээ авдаг үйлдвэрүүд банкны самбарт зарласан ханшаас дээгүүр үнээр ам.доллар худалдан авч түүгээрээ бараагаа татаж байгаа аж.

 

ИРГЭД ЗАРИМ НАРИЙН БООВЫГ АВАХАА БОЛЬЖ, ДЭЛГҮҮРҮҮД ТҮҮНИЙГ НЬ БУЦААЛТААР ЯВУУЛАХ БОЛЖЭЭ

 

Хүнсний үйлдвэрийн зүгээс дээрх тайлбарыг өгч бодит нөхцөл байдлаа бидэнд ний нуугүй тайлбарлалаа. Харин хэрэглэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгчид энэ тал дээр арай өөр байр суурь илэрхийлнэ. Хотын төвд орших тус дэлгүүр олон оффис дунд байрлах тул орлого ихтэй. Дэлгүүрийн бараа өрөгч, кассын ажилтан, менежер зэрэг хүмүүс хөлсөө ч арчих сөхөөгүй үйлчилж байгаа харагдана.

Тус дэлгүүрийн ахлах ажилтан Л.Баттогтох “Үнэ нь нэмэгдээгүй бараа гэж алга даа. Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд импортын бараанаас ч үнэтэй байх тохиолдол гарч байна. Иргэд их бухимдалтай байгаа. Үнэ нэмсний дараа бидэн рүү хандаж уурлах нь их. Өдөр болгон орж ирдэг хүмүүс ч та нар л үнэ нэмээд байна гэх мэт хэлдэг. Бид ашгаа бодсон ч гурилан бүтээгдэхүүн дээр 15-20 хувь л нэмж зардаг. Байнга дэлгүүрийг буруутгаж буй нь хамгийн ойр байгаа газартаа хандаж байгаа хэлбэр нь юм уу гэж бодох болсон. Ерөнхийдөө ямар ч барааны нийлүүлэлт тасарч байгаад ирэхээрээ үнэ нь нэмэгдсэн байдаг. Хил хаагдсан үеэр уут, савлагаа нь тасалдсан гээд Атар талх бас л үнээ нэмж байсан. Жин туул гэх мэт үйлдвэрүүд бид ч гайхахаар үнээр бараагаа авчирдаг. Тэр үйлдвэрийн барааг хүмүүс авахаа байсан. Ихэнхийг нь буцаалтаар явуулчихдаг болсон. Савлагаан дээрээ бичсэн хэмжээнээсээ бага хэмжээтэй ирж буй нь нүдэн илт мэдэгдэхүйц болж байгаа” гэж хариуллаа.

Мөн дэлгүүрээс худалдан авалт хийж буй иргэдийн нэг болох Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн А.Амгаланбатаас гурилан бүтээгдэхүүний үнийн талаар тодруулахад, “Манайх ам бүл зургуулаа амьдардаг. Инфляцын түвшин, талх боовны үнэ нэмэгдээд байхаар эдийн засгийн хувьд тун хэцүү нөхцөл байдалд орж байгаа. Өөрсдөө гэртээ талхаа бариад идэхийг хичээж байгаа ч ажил ихтэй учраас тэр бүр чадахгүй юм. Талх нарын боовны үйлдвэрүүд инфляцыг далимдуулж байгаа юм болов уу гэж бодож байна. Дээрээс нь хэдхэн том үйлдвэр байдаг тэд нар нь ч зах зээл дээр монополь байдлаар ажилладаг болохоор ингэж байгаа байх хэмээн бодож байгаа” гэлээ. Хүнсний нэмэлт E тэмдэглэгээг аюулгүй, анхаарч үзэх ёстой буюу сэжигтэй, аюултай хэмээн ангилдаг байна.

Үүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ангилж баталдаг бөгөөд мэдээж хэрэг аюултай ангилалд орсон нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлдэггүй аж. Тиймээс тухайн бүтээгдэхүүнийг импортолж буй компанид шаардлага тавьж, сэжигтэй гэсэн ангилалд орсон барааг буцаадаг гэдгийг Өгөөж-Чихэр боов ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Энхчимэг хэлж байсан юм. Мөн иргэдийн худалдан авах дуртай жимст нэрийн боовыг хийх түүхий эдийн 89 хувийг гаднын улсаас худалдан авдаг байна. Гурилын үнэ харьцангуй тогтвортой байгаа энэ үед ургамлын тос, жимсний чанамал зэрэг импортоор ирэх бүтээгдэхүүний үнэ нэлээд өсжээ. Тухайлбал, хүнсний үйлдвэрүүдийн худалдан авдаг жимсний чанамал нэг килограмм нь 8000 төгрөгийн үнэтэй байжээ. Гэвч ачаа тээврийн зардал өсөж, валютын ханш тэнгэрт хадсан тул одоогоор нэг кг жимсний чанамалыг 11 мянга орчим төгрөгөөр худалдан авах болсон байна. Тиймээс нэгж уут боорцог бүрийнхээ үйлдвэрийн үнийг 500 төгрөгөөр нэмсэн гэж тайлбарлаж байлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол ард түмэнд со(66.181.161.27) 2022 оны 04 сарын 21

Гамбир.бингээ хайрч идэх хэрэгтэй ч өөрсдийн гараар сэтгэлдээ гэм хоргүй шүү гурил хямдхан байгаа тасархай амттай бин гамбир хайрч идээрэй

0  |  0
Zochin(202.9.47.28) 2022 оны 04 сарын 21

Dalduu modnii tosnii ednii tailbart itgeh hereggyi.mnaid teeverlegdej ireh yavts, yamar yuman dotor teeverlegdej irsen,yamar zeregleliin hyamdiin hyamd ni mun bh tdrhoi geh met olon yum todruulj olj medeh heregtei.orsod jishee ni mash olon jil benzin tos teeverlej yavsan huuchin tsistern dotor teeverledeg tuhai ilersen.mash bohir erooldoo huuchin tos edrtei. . Aimaar..mash ih avilgalaar hyamd muu tos olon jil avchirch byh turliin hynii yildveryyd medseer bj avch bgaa tuhai garch bsn chanartai deed zergiin tos mash baga mash ynetei bgiin bnlee

0  |  0
Уншигч(202.126.88.189) 2022 оны 04 сарын 21

Талх,боов хийхэд гадаадаас бүтээгдэхүүн авдаг гэнэ үү.үүнийг хийхэд гадаадын ямар бүтээгдэхүүн хэдий хэр хэмжээгээр ордог юм бэ.шуналд автсан монголчууд ширэн нүүрлэж ярихаасаа ичихээ болж ёстой мөнгө олж байвал юуч гэж үнээ нэмэх,худлаа ярихдаа гарамгай юм.харин үйлдвэрлэж байгаа талх,боов нь хортой юу үгүй гэдэг нь хамаагүй болжээ.моэнолын бүх гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүд транс тос их хэмжээгээр хэрэглэдэг шүү.

0  |  1
Зочин(192.82.89.182) 2022 оны 04 сарын 21

Шал худлаа тайлбаар. Үйлдвжрлэгч биш дамчин болчихсон новшнууд. Манай хэсэг айл өрх нарийн боов худалдаж авалгүй өөрсдөө хийж эхлэнд сар гаруй болж бна. Гурилын үнэ нэмэгдээгүй болохоор үнэхээрхэмнэлттэй бна. Үйлдвэрлэгч нэртэй даичдын бүтээгдэхүүнийг биьгий худалдаж аваарай. Та сард дор хаяж 50 мянган төгрөг хэинэнэ шүү.

0  |  0
Z(103.229.122.240) 2022 оны 04 сарын 21

Uguuj terguutei trans tosond sharsan gurilan buhal hiideg yumuud odoo bolih heregtei,tegeed yaltchgui bolomj muutainuud ni avaal iddeg bh daa gertee saihan gambir hairaad iduul arail deer bh niiteeree tatgalzsh heregtei

1  |  0
УХААРЧ АМЬДАР(103.111.68.3) 2022 оны 04 сарын 21

ТАЛХНЫ ҮНЭ 200 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДДЭГ НЬ ЖЕНКО САЯ СОНГУУЛЬ ХИЙХ ГЭЖ ИХ ЗАРЛАГА ГАРГАСАН ТҮҮНИЙГЭЭ НӨХӨХ ГЭЖ ҮНЭЭ НЭМСЭН ШҮҮ ДЭЭ ТҮҮНЭЭС ТАЛХАНД ОРДОГ ХИЛЭЭР АВДАГ ТҮҮХИЙ ЭД ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ

1  |  0
Top