Аутизмтай хүүхдийг ойлгосноор амьдралыг нь өөрчлөх боломжтой

2022 оны 04 сарын 25

Дэлхий дахинаа аутизмыг таниулах сарыг дөрөвдүгээр сар хэмээн зарласан байдаг. Монгол Улсад энэ аяныг арав дахь жилдээ өрнүүлж буй юм. Аутизмын хүрээний эмгэгийн талаар мэргэжлийн эмч болон аутизмтай хүүхэдтэй эцэг, эхийн төлөөлөлтэй уулзлаа.


 

Б.СОЛОНГО: ХЭЛД ОРОХГҮЙ УДАЖ БАЙГАА ХҮҮХДИЙГ АУТИЗМЫН ЭМГЭГТЭЙ ГЭЖ АНДУУРАХ БОЛСОН

 

Аутизм ба бусад онцгой хүүхдүүдийн академийн үүсгэн байгуулагч, хүний их эмч Б.Солонго

-Аутизмын хүрээний эмгэг гэж юу вэ?

-Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн харилцаа, хэл яриа ба зан авирын бэрхшээлээр илэрдэг нэг төрлийн хөгжлийн бэрхшээл юм. Аутизмтай хүмүүсийг гаднаас нь хараад мэдэхэд хэцүү. Хүнд, хөнгөний зэрэг ба шинж тэмдгээрээ хоорондоо ялгаатай. Жишээлбэл, зарим нь ямар нэг эмчилгээ хийлгээгүй ч бусдаас дутахгүй сурч, нийгмийн дунд амьдарч чаддаг. Харин зарим нь олон жилийн нотолгоонд суурилсан сургалт, туршилтын эмчилгээнүүд хийлгээд ч үгээрээ өөрийгөө огт илэрхийлж чадахгүй насанд хүрдэг. Сүүлийн үед ажиглагдаж байгаа нэг хандлага хэлд орохгүй удаж байгаа хүүхдийг аутизмын эмгэгтэй гэж андуурах болсон. Гэвч энэ нь аутизмын хүрээний эмгэгийн үед илэрдэг онцгой шинж биш байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн хэл ярианы хөгжлийн бэрхшээл байж болно. Иймээс аутизм болон хөгжлийн эмгэгийн оношийг зөв ялгах хэрэгтэй..

-Аутизмын хүрээний эмгэг үүсэх үндсэн шалтгаан юу байдаг вэ?

-Аутизмын  хүрээний эмгэгийг үүсгэдэг бүх шалтгааныг тогтоогоогүй боловч генетикийн бүрдэл ба орчны нөлөөний нэгдлээс болж үүсдэг гэдэгтэй мэргэжилтнүүд санал нийлэх болсон. Мөн эцэг, эхийн нас ахимаг байх, аутизмын удамтай байх, ээж жирэмсэн үедээ валпровын хүчил зэрэг эм ууж байсан зэрэг шалтгаанууд аутизмтай хүүхэд төрөх магадлалыг нэмэгдүүлдэг нь тогтоогдоод байгаа.

-Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлэх боломж байдаг уу?

-Аутизмыг жирэмсэн үед илрүүлэх боломжгүй. Харин 24 сар хүрсний дараа л стандарт үнэлгээний аргаар мэргэшсэн мэргэжилтэн оношийг баттай тавих боломжтой. Харин аутизмыг оношилдог ямар нэг лаборатори, багажийн шинжилгээний арга гэж байхгүй байгаа.

-Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлбэл хурдан эдгэрэх үү?                                           

-Аутизмтэй хүүхдэд эрт буюу гурван наснаас өмнө нотолгоонд суурилсан эмчилгээний эрчимтэй арга засал авбал аутизмын шинжүүд ба хөгжлийн хоцрогдлоо хурдан нөхдөг. Улмаар оношоо гээх ч магадлал өндөр. Эсрэгээрээ хожуу буюу таван наснаас хойш арга хэмжээ авбал үр дүн хүссэнээр байх магадлал бага байдаг. Манай улсад ажиглагдаж байгаа нэг харамсалтай зүйл бол аутизмын оношийг эрт тавиулсан боловч эмчилгээний хүртээмж хомс байна. Үүнээс гадна янз бүрийн хоолны дэглэм, хүнд металлын хордлого тайлах, хүчилтөрөгч эмчилгээ, үүдэл эсийн эмчилгээ зэрэг үр дүнтэй нь өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөөгүй, туршилтын эмчилгээнүүдэд олноороо хамрагдаж байгаа нь харамсалтай.

-Аутизмын хүрээний эмгэг бүрэн эдгэрэх боломжтой юу?

-Нотолгоонд суурилсан эмчилгээг эрчимтэй сайн хийлгэсэн хүүхдүүд аутизмын шинжүүдийн ихэнхийг гээж ямар нэг асуудалгүйгээр цаашид өсөж хөгжих тохиолдлууд байдаг.

-Олон нийтийн сүлжээгээр зургаан сартайгаас гурван настай эрэгтэй дөрвөн  хүүхэд тутмын нэг нь аутизмын хүрээний эмгэгтэй гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ үнэн үү?

-Энэ ташаа мэдээлэл байна. Учир нь хоёр наснаас өмнө аутизмын оношийг баталгаатай тавих боломжгүй. Дэлхийн улс орнуудаас хамгийн их тохиолдлыг бүртгэж байгаа АНУ-д 2021 оны байдлаар 44 хүүхэд тутмын нэг нь аутизмын хүрээний эмгэгтэй бусад улс орнуудад дунджаар 100 хүүхэд тутмын нэг байна гэж мэдээлж байгаа.

-Аутизмын хүрээний эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Аутизмын хүрээний эмгэгээс бүрэн урьдчилан сэргийлэх боломжгүй. Гэхдээ хэрэв аутизмтай хүүхэдтэй болохыг хүсэхгүй бол 35 наснаас хожуу хүүхэд төрүүлэхгүй байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ идэвхтэй харьцаж, тоглох боломжтой үедээ хүүхэд гаргахаар төлөвлөх. Хүүхдээ төрсний дараа ямар нэг хөгжлийн хоцрогдол байгаа эсэхийг идэвхтэй анзаарч байх. Хөгжлийн хоцрогдол ажиглагдаж байвал  мэргэжлийн байгууллагад эрт хандах, хүүхдэдээ зурагт, утас бага үзүүл.

-Аутизмын шинж тэмдэг илэрвэл хаана хандах вэ?

-Аутизмын шинжүүд ажиглагдаж байвал Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд хандан үзүүлэх хэрэгтэй.

 

Г.МӨНГӨНШАГАЙ: НИЙГМИЙН ХАНДЛАГА ХАМГИЙН ХЭЦҮҮ

 

Монголын Аутизмын Холбооны гишүүн, Аутизмтай хүүхдийн ээж Г.Мөнгөншагайтай уулзлаа.

-Монголын Аутизмын Холбооны хэрхэн үйл ажилгаагаа явуулдаг вэ?

-Монголын Аутизмын Холбоо 2014 оны нэгдүгээр сард аутизмтай хүүхэдтэй эцэг эхчүүдийн санаачлагаар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.Манай холбооны туйлын зорилго бол Монгол Улсад аутизмтай хүүхэд, насанд хүрэгчдэд хамгийн ээлтэй орчинг бий болгоход хувь нэмрээ оруулах явдал юм. Манай холбоо эцэг, эхчүүдийг чадавхжуулахад гол анхаарлаа хандуулдаг. Учир нь эцэг эхчүүд бол хүүхдийнхээ хувьд хамгийн ойр дотно, хамгийн сайн ойлгодог төдийгүй хүүхэддээ хамгийн сайн тусалж хамгаалж чаддаг гол хүмүүс байдаг.

-Таны хүүхдэд анх аутизмын шинж тэмдэг яаж илэрч байсан бэ?

-Анх нэрээр нь дуудахад сонсохгүй тоохгүй байсан. Хүүхдийг маань ой найман сартай байх үед эмээ нь аутизм гэх өвчин байдаг талаар хэлж байсан юм. Тэр үед зүгээр л оройтож хэлд орж байна гэж бодоод л ойлгож аваагүй. Харин өдөр хоног өнгөрч хүүхэд маань том болсоор бидний ярьж буй зүйлийг тоохгүй хэвээр л байсан. Тэгээд хоёр ой гурван сартайд нь миний хүүхэд сонсголын бэрхшээлтэй дүлий юм байна гэж үзээд эмчид хандаад сонсголын шинжилгээ хийлгэхэд хэвийн сонсголтой байсан. Тэгээд мэдрэлийн эмч гэж явсаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очоод анх аутизмтай байж магадгүй гэх онош сонссон. Гэхдээ  “Хүүхэд тань жоохон байна зургаан сар ажиглаад ирээрэй” гэж хэлсэн юм. Зургаан сарын хугацаанд хүүхэд маань урьдын хэвээр байлаа.Тэгээд эмчдээ үзүүлэхэд аутизмтай болох нь тогтоогдсон.

-Аутизмтай гэж оношлогдсон хүүхэд хэрхэн эмчилгээ хийлгэдэг вэ?

-Аутизм гэдэг ямар нэгэн тусаад эдгэрдэг, халддаг өвчин шиг байнгын эмчилгээ гэж байхгүй. Аутизмтай хавсарсан өвчнүүд байхыг үгүйсгэхгүй. Хоол боловсруулах эрхтэнтэй ч хавсарсан тохиолдол илэрнэ. Хавсарсан өвчнийг эмчлэхээс аутизмыг байнгын эмчилдэггүй, харин дасгал сургуулилт хийж байдаг.

-Аутизмтай хүүхдүүд цэцэрлэгт хэрхэн хамрагддаг вэ?

-Ийм оноштой хүүхдүүдийг цэцэрлэгт авдаг. Гэхдээ зан үйлийн асуудал ихтэй олон хүний дунд хямардаг, өөрийгөө цохиж, орилж хашгарах, дуу чимээ, гэрэлд мэдрэг гээд хүнд, хөнгөн хэлбэрээс хамаарна. Ихэнх нь хүнд хэлбэрийн хүүхдүүд хамрагддаггүй бол хөнгөн ч цэцэрлэгт суралцах боломжгүй хүүхдүүд маш их байдаг. Тухайн хүүхдийн онцлогоос шалтгаалж хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой эсэх. Багш хүүхэдтэй харьцах сэтгэл, харилцах чадвараас шалгаалдаг. Аутизмтай хүүхэд нь өөрөө цэцэрлэгт хамрагдах бүрэн боломжтой.

-Аутизмтай хүүхдүүдийг хараад мэдэх боломжтой юу?

-Тухайн хүүхэдтэй харилцаа үүсгэх хэрхэн биеэ авч явж байгааг хараад энэ аутизмтай хүүхэд хэмээн мэдэж магадгүй байх. Гаднаас нь шууд хараад таних боломжгүй. Нэг хүүхдийг хараад бусад аутизмтай хүүхдүүд ч гэсэн ийм байдаг гэсэн ойлголттой байдаг.  Энэ бол өрөөсгөл зүйл.. Хүүхэд бүр өөр өөр шинж тэмдэг онцлогтой.

-Аутизмтай хүүхдүүдийг эрүүл хүүхдүүд хараад ялгаварлан гадуурхах тохиолдол байдаг уу?

-Бага насны хүүхдүүд харьцангуй бага. Хоёр, гурван настайдаа өөрсдөө хэлд ч сайн ороогүй учраас бусдыг ажигладаггүй. Харин дөрвөн нас хүрээд хүүхдүүд юм ойлгоод анги дотроо ярьж, тоглож эхлэх үед буланд сууж байдаг. Нэг л тоглоомоор байнгын тоглодог, ярьдаггүй эсвэл дөрвөн настай хүүхдийг дүү шиг бүдэг ярихаас болж чи мангар, тэнэг юм уу гэж ялгаварлан гадуурхах тохиолдол гардаг. Үүн дээр эцэг, эхүүд анхаарч зүгээр бидний нэг хүн гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

-Нийгэм аутизмтай хүүхдүүдийг хэрхэн хүлээн авдаг вэ? 

-Хүмүүс ойлголтоо нэмэгдүүлэх шаардлагатай. Жишээ нь, тэргэнцэртэй хүнийг хараад хажууд нь заавал хүн байх хэрэгтэй гэдэг.  Тэгтэл оюуны бэрхшээлтэй аутизмтай хүүхдүүдийг гаднаас нь хараад ялгарахгүй учир дэлгүүрт орилох ч юм уу, уйлахаар “Ёо ямар ядаргаатай юм” гэх төвөгшөөсөн хандлага маш их гаргадаг. Тэр хүүхдийн гаргаж буй  үйлдэл бусдын нүдээр зохисгүй харагдаж болно. Гэвч бусдад өөрийгөө ойлгуулахад тухайн үйлдэл нь цор ганц харьцах хэрэгсэл байдаг.

Нийгмийн хандлага эцэг, эх бидэнд хэцүү.  Эцэг, эхийн хамгийн ойрын хүнээс ч ирэх дарамт их байдаг. Тэгэхээр энэ хүүхэд уйлж, орилоод байгаа учиртай гэдгийг ойлгох хэрэгтэй. Аутизмтай хүүхдүүд гэдэг “Хэл ярианы хоцрогдолтой, нийгэмд авч явахдаа дутагдалтай бас давтагдмал үйлдэл хийгээд байдаг юм байна” гэдгийг мэдчихвэл ойлголт өөр болно. Ангид нь аутизмтай хүүхдүүд байвал “Миний хүү тусалж байгаарай” гэж бусад эцэг, эхчүүд үр хүүхэддээ хэлж, ойлгуулахыг хүсэж байна.

Б.НАРАНГОО

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.191.194) 2022 оны 11 сарын 15

Эх хүн үрээ тээж байхдаа маш зөв буянлаг сэтгэлтэй байх хэрэгтэй Буруу бодлоос үр хүүхэд өвчин тээж гардаг.

0  |  5
Тулга-д(66.181.179.136) 2022 оны 08 сарын 18

Онцгой хүүхдүүдийн академи гээд фэйсбүүк дээр хайгаарай

0  |  0
tulga(59.153.113.65) 2022 оны 08 сарын 18

ene emchiin utasiin ugch bolohuu emneleg ni haana be

0  |  0
Top