П.Соронзонболд: Сүхбаатарт гарсан түймрийг унтрааж, Дорнодын түймрийг цурманд оруулсан

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 23

Манай орны зүүн бүсэд түймэр гарсан. Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Адарга сум, Дорнод аймгийн Халхгол сум, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд хээрийн түймэр гарсан юм. Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан түймрийг энэ сарын 20-ны өдрийн 07.00 цагийн байдлаар цурманд оруулжээ. Тэгвэл Сүхбаатар болон Дорнод аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар болон хуурайшилтын улирлын үеэрх түймэртэй холбоотой бусад асуудлаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдтой ярилцлаа.


-Сүхбаатар болон Дорнод аймагт хээрийн түймэр гарсан. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?

-Сүхбаатар аймгийн Дарьганга суманд дөрөвдүгээр сарын 18-ны өдөр гарсан түймрийг 20-ны 23.00 цагт бүрэн унтрааж дууссан. Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймрийг 21-ний 05.30 цагт цурманд оруулсан байна. Цурмыг Онцгой байдлын газрын алба хаагч, Хилийн цэрэг болон орон нутгийн 68 хүн найман автомашинтайгаар манаж байгаа. Өөрөөр хэлбэл галын тархалт зогссон гэсэн үг.

-Түймэр гарах болсон шалтгаан нь юу вэ. Хохирлын үнэлгээг гаргасан болов уу?

-Түймрийг бүрэн гүйцэт унтраасны дараа галын шалтгааныг Цагдаагийн байгууллагатай хамтарч тодруулна. Хохирлын үнэлгээг Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор үнэлдэг болсон. Одоогоор түймрийн шалтгааныг тодруулаагүй учраас хохирлын үнэлгээг гаргаагүй байна.

-Урьдчилсан тооцоогоор хэчнээн га талбай түймэрт өртсөн бэ?

-Урьдчилсан таамгаар Дорнодод гарсан түймэр 500 гаруй мянган га талбайг хамарсан хэмээн тооцоолж байна. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсанд түймэр Эрдэнэцагаан сум руу үргэлжилж орсон. Ойролцоогоор 60 орчим мянган га талбайг хамарсан мэдээлэл байгаа.

-Түймэр гарсан газрын ойролцоо айл өрх амьдарч байсан уу. Байсан бол тэднийг нүүлгэн шилжүүлсэн үү?

-Манай байгууллагын алба хаагчид түймрийн голомтот хэсэгт 12 өрхийн 14 гэрийн гадуур зурвас татаж, аюулаас аварч хамгаалсан.

-Түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдаас бэртэж гэмтсэн үү. Ан амьтад устсан талаарх мэдээлэл ирсэн болов уу?

-Ан амьтад устсан талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна. Түймрийн голомтод ажиллаж буй алба хаагч бэртсэн тохиолдол байхгүй.

-Улсын хэмжээнд он гарснаар хэчнээн удаагийн түймрийн тохиолдол бүртгэсэн бэ?

-Улсын хэмжээнд энэ он гарснаар 11 аймгийн 34 сум, Улаанбаатар хотын гурван дүүрэг болох Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт ой, хээрийн түймрийг бүртгэсэн. Сүүлийн хоёр түймрийн тохиолдлыг оруулаад нийт 41 түймрийг бүртгээд байна.

-Сүүлийн үед өнжмөл өвснөөс үүдэлтэй түймрийн тохиолдол нэмэгдэж байна. Хэдхэн хоногийн өмнө Далан давхрын хашаанд ч мөн ийм тохиолдол гарлаа шүү дээ?

-Далан давхрын оршуулгын газрын түймэр бол шар өвсний буюу өнжмөл өвсний түймэр юм. Нийслэлд энэ төрлийн түймэр гарах нь ихэссэн. Үүний хүрээнд Улсын онцгой комиссын 01 албан тоотоор Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эрчимжүүлэх даалгаврыг жил бүр өгдөг. Улмаар аймаг, нийслэлийн Засаг дарга захирамж гаргаад, ногоон бүсийн эргүүлийн хяналтыг тавьдаг юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн Онцгой байдлын газарт Ойн хээрийн түймрийн штабыг байгуулсан. Үүнд холбогдох байгууллага болох Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Онцгой байдлын газар хамтран нийслэлийн ногоон бүсийн эргүүлээр өдөр тутамд хяналт тавин ажиллаж байгаа.

-Өнжмөл өвсний гэлтгүй ой, хээрийн түймэр гарч буй энэ үед үүрэг гүйцэтгэгчид хамгийн ачаалалтай ажиллаад байна шүү дээ. Нийт үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн хүний нөөц ер нь хэр байгаа бол?

-Өнжмөл өвснөөс үүсэлтэй түймэр жил бүр гардаг. Иргэдийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээс үүсэлтэй л дээ. Улсын хэмжээнд нийт 144 хэсэгт 511 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Онцгой байдлын газрын хувьд хүн хүчний бололцоо хангалтгүй байдаг. Тиймээс өмнө дурдсан Байгаль орчин, аялал жуулчлал, Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын газруудаар хүч нэмэгдүүлж ажилладаг юм. Үүний хүчинд шар өвсний түймрээс хохирол гарахгүй нөхцөл байдлыг бий болгож чадаж байна. Түймрийг бага дээр нь унтраах, эрт илрүүлэх гэх мэт үр дүн гарч байгаа.

-Богд хан ууланд өнгөрсөн сард түймэр гарсан. Тухайн түймэр гарах болсон шалтгааныг эцэслэн тогтоосон уу?

-Богд хан ууланд гарсан түймрийн шалтгааныг одоог хүртэл шалгаж байгаа. Эцэслэн тогтоогоогүй байна. Нийт гарч буй түймрийн 50-57 хувь нь хүний санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйл ажиллагаанаас шалтгаалдаг. Харин байгалийн гаралтай түймэр 20 хувь, машин техникээс хамааралтай түймэр 17 орчим хувь, үлдсэн нь бусад гэсэн ангилалтай байдаг юм. Ер нь ой хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох их хэцүү зүйл. Их хэмжээний талбайг хамарсан байдаг учраас шалтгааныг тодруулах хүндхэн. Эзэн холбогдогч байгаа эсэхийг олохын тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг. Мөн иргэдийн тавих хяналт маш чухал.

-Сүүлийн жилүүдэд зүүн аймгуудад жил бүрийн хавар хээрийн түймэр гарах нь ихсээд байна. Зүүн аймгаар түймэр гарах нь элбэгшиж буйд юу нөлөөлж байгаа бол?

-Хүний буруутай үйл ажиллагаа болон уур амьсгал нөлөө үзүүлж байна. Зүүн аймгууд нь түймрийн эрсдэлтэй бус нутагт хамаардаг. Дараа нь Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Төв аймгууд эрсдэлтэй хэсэгт хамаардаг юм. Зүүн аймгууд нь хамгийн эрсдэлтэй бүс байдаг шалтгаан нь тал хээрийн бүсэд байрладагтай холбоотой. Өвсний гарц жилийн жилд сайн байдаг. Тухайлбал, хэд хоногийн өмнө Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймэрт өвсний гарц сайн байлаа. Өвсний өндөр энэ хаврын байдлаар 60-80 см орчим өндөртэй гарсан. Мөн салхи өдөрт дунджаар секундэд 12-16 метр хурдтай байна. Товчхондоо салхи нь тогтворгүй гэсэн үг. Салхи баруунаас зүүн тийш, эсвэл зүүнээс баруун тийш салхилдаг. Энэ мэт салхины тогтворгүй чиглэлээс үүдэж түймрийг унтраах, түүнтэй тэмцэхэд хүндрэл учирдаг юм.

-Ойн түймэр, хээрийн түймрийг унтраахад газарзүйн байрлал, орчноос хамаараад харилцан адилгүй байх нээ?

-Тийм ээ. Ойн түймэр олон хоног үргэлжилдэг. Шатах материал их байдаг учраас тэр л дээ. Хээрийн түймэр бол салхины эрчээс хамааралтай байдаг. Түймэрт өртөж буй талбайн хэмжээ ч харилцан адилгүй. Хээрийн түймэр өргөн газар нутгийг хамардаг. Шатах материал бага болохоор тэр.

-Түймэр үүсэх олон төрлийн шалтгаан байгааг дурдлаа. Нэг хэсэг архины шилийг байгальд хаяхгүй байх уриалга явж байсан. Архины шил нь түймэр үүсгэгч хүчин зүйл болдог гэдэг утгаар. Үнэхээр түймрийн ихэнх нь шилнээс улбаатай байдаг юм уу?

-Архины шил түймэр үүсгэх магадлалтай. Линзээр гал асаадагтай адил байгальд хаягдсан шилний тодорхой хувьд нарны туяанаас үүдэж гал гарах эрсдэлтэй байдаг. Энэ нь ой, хээрийн түймэр үргэлж шилнээс үүсэлтэй гэсэн үг биш. Нийт түймрийн тодорхой хэмжээнд шилнээс үүсэлтэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарах ёстой зүйлс бий. Иргэд татсан тамхины иш, ил гал гаргах, хөдөө орон нутагт үнс ил задгай асгахдаа цогтой эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Тариалалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор машин механизмүүдийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, яндангийн оч баригчтай болох, иргэд анхаарал, сэрэмж, болгоомжтой байхыг анхааруулж байна. Нэг хүний хайхрамжгүй байдлаас үүдэж бусдад хор хохирол учрах эрсдэлтэй тул иргэд дор бүрнээ хариуцлагатай байхыг уриалъя.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top