“Олон улсын сувилагчдын өдөр” өнөөдөр тохиож байна. Тиймээс энэ удаагийн “Өглөөний зочин”-оороо УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг урилаа. Түүнтэй эмийн чанар, үнэ ханш болоод улс орон даяар явагдаж байгаа эрт илрүүлгийн талаар ярилцлаа.
-Эмийн чанар, хяналтын тогтолцоог сайжруулах, хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барьсан. Чухам яагаад ийм тогтоолын төсөл өргөн барих болсон юм бэ?
-Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог 2020 оны ээлжит бус чуулганаар зассан. Төсвийн хамааралтай байсан санхүүжилтээсээ зах зээлийн зарчим руу шилжсэн. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо илүү сайн, үр дүнтэй болохын тулд эмийн чанарын асуудал зайлшгүй яригдах ёстой. Анчин хүн буутай байж л ангаа агнадагтай адилхан чанартай эм, эмнэлгийн хэрэгсэл нь өвчнийг эдгээх хамгийн гол зэвсэг юм. Тиймээс эмийн чанар сайн байхгүй л бол маш их зардал гаргадаг. Жишээлбэл, уушгины хатгалгаатай хүн бактерийн үрэвслийг нь долоо хоног эм уугаад л эдгээх ёстой байтал чанаргүй антибиотикоос болоод 21 хоног болж сунжирдаг. Ингэхээр ор хоног нь нэмэгдээд, үргүй зардал нь ихсээд байгаа юм. Үүнээс шалтгаалан эмнэлгийн зардал ч нэмэгддэг. Тийм учраас эмийн чанарыг сайжруулах нь үнэхээр тулгамдсан асуудал болоод байна. Нөгөө талаасаа эмийн ханган нийлүүлэлт хийдэг хувийн хэвшлийнхнээ хэт буруутгаж болохгүй.
Яагаад гэхээр бид чинь тогтолцоогоо засаагүй. Сүүлийн 30 жилд хувийн хэвшлийнхнийг эм ханган нийлүүл, ингэхдээ хямд үнэтэй эм оруулж ир гэдэг байдлаар л явсан. Эмийн худалдан авалтын ихэнхийг буюу 60-70 хувийг нь улсын том эмнэлгүүд хийдэг. Тендер зарлахдаа хямд байх гэдэг шалгуур тавьдаг. Ингэсээр байгаад Монголын зах зээл дэх эмийн чанарыг унагаачихсан. Тиймээс хэн нэгнийг буруутгахаас илүүтэй тогтолцоогоо нэн яаралтай засах хэрэгтэй юм. Үнэ нэгдүгээрт бус чанар нь эхэнд байх ёстой. Чанартай эмийг боломжийн үнээр авдаг болох тогтолцоог бий болгохоор бид оролдож байна. Үүнтэй холбоотойгоор Эмийн агентлаг гэж байгуулсан. Энэ нь нэгдсэн худалдан авалт хийж, илүү чанартай эмийг авах талаар үйлдвэрүүдтэй нь гэрээ байгуулах зэрэг янз бүрийн механизмыг ашиглах ёстой. Бид хуучин Оросоос нефть авахдаа бөөний худалдаа эрхэлдэг компаниуд нь очоод үнэ хаялцаж байгаад авдаг учраас үнээ буулгаж чаддаггүй байсан. Харин одоо Монгол Улс гэрээ хийж үнээ тогтоогоод нэг цонхоор худалдан авдаг болсон. Яг л үүнтэй адилхан байх ёстой. 10 сая аспирин авахын тулд компаниуд очоод үнээ өсгөх уралдаанд орж болохгүй. Эхний жилдээ 15, дараа нь 30, гурав дахь жилээсээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр эмээ худалдан авдаг гэрээ хэлцлийг хийж чаддаг тогтолцоо руу орох хэрэгтэй байна.
Гадаадаас авсан эм ханиадыг тэр дор нь намдаадаг. Монголоос авахаар л намдахгүй байна гэдгийг хүн бүр ярьдаг боллоо. Тиймээс эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн нэг том хэсэг бол эмийн чанарын асуудал. Энэ үндсэн дээр УИХ-д эмийн хяналтын чиглэлээр Түр хороо байгуулах санаачилга гарсан юм.
-Чанартай эмийг боломжийн үнээр авна гэж байна. Гэхдээ бодит байдал дээр тухайн эмийг үйлдвэрлэсэн улсаасаа 10-82 дахин өндөр үнэтэй байна гэсэн. Тийм болохоор чанартай эмийг хямд үнээр авах боломж бололцоо бий юм уу?
-Энэ чинь л тогтолцоотой холбоотой асуудал. Жишээлбэл, бид тогтолцоондоо гаалийн мэдүүлж байгаа үнэ нь хэд юм гэдгийг ил байдлаар тавих хэрэгтэй. Ингэснээр ямар компани хэдэн төгрөг нэмж байгаагаа харах, мэдэх боломжтой болно. Хэн нь үндэслэлгүйгээр хэд дахин үнээ нэмж байгааг гаргаад ирнэ. Засгийн газраас өргөн барьсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг би ахалж байна. Энэ ажил дээр бид бүхэн найман сарын хугацаанд суулаа. Хуульд 30 гаруй хуудас нэмэлт, өөрчлөлт орохоор боллоо. Өнгөрсөн 2019 онд өргөн барьсан хуульд 137 зарчмын зөрүүтэй санал гарсан. Бараг үндсээрээ өөрчлөгдөж, шинээр өргөн барьснаас ялгаагүй болж байна. Хуулийн төсөл дээр ажилласан найман сарын хугацаанд тогтолцоог бүхэлд нь судалсан. Эндээс харахад, дэлхий нийтэд байдаг хамгийн сайн туршлага нь үйлдвэрлэгчээс авч байгаа үнэ дээрээ 15-30 хувиас хэтрэхгүй нэмнэ гэдгийг нь заагаад өгчихдөг.
Энэ нь бүхий л зардлаа нөхөөд ашгаа авах хангалттай үнэ нь байдаг. Эсвэл илүү шилэн болгоод ямар компани хэдийг нэмж байгааг нь ил тод болгох. Үүнээс гадна зайлшгүй ярих ёстой зүйл бол иргэдэд улсаас хөнгөлөлттэй өгдөг эмийн жагсаалт гэж байдаг. Нэг ёсондоо Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан улс худалдан авдаг гэсэн үг. Тэр эмнүүд дээр төр бодлогоо барих ёстой. Даатгалын сан чинь хязгаартай мөнгөтэй. Намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө хөнгөлөлттэй эмийн төсөв нь ердөө 27 тэрбум төгрөг байсан. Сарын эхээр өвөө, эмээ нар хар үүрээр дугаарлаж байж эмээ бичүүлж авдаг байсан. Харин өнөөдөр үүнийг 67 тэрбум төгрөг болгон өсгөсөн. Мөн тухайн эмнүүдийг бүх эмийн сан чөлөөтэй өгдөг болгосон. Өөрт ойр дурын эмийн сандаа ороод эмчийн бичгээ үзүүлээд дуртай үедээ авдаг болсон. Энэ бол тогтолцоог засаад байгаа хэлбэр. Нэг хүнээс хамаардаг байдлыг багасгаж, илүү тунгалаг болгож, авлига хээл хахуулиас ангид болгож байна. Ингэж тоглолтын дүрмээ шударга, ил болгох нь хамгийн чухал. Хуулийн төсөл дээр суусан найман сарын хугацаанд яавал Монгол Улсад борлуулагддаг эм нь чанартай хэрнээ иргэдийн халаасыг хоосолдоггүй байх вэ гэсэн тогтолцоог л хийх гэж оролдсон. Тухайлбал, тэр хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг батлах үйл ажиллагааг маш ил тод болгох хэрэгтэй. Нэг хүн шийдвэр гаргаж, гарын үсгээр шийддэг байдлыг халах ёстой. Олон нийтийн оролцоотой, Үнэ тогтоох хороо нь үнээ шударгаар тогтоож чаддаг болох шаардлагатай. Ядаж энэ эмнүүд дээрээ төрийн тогтолцоогоо сайжруулъя. Бусад эмийн худалдаан дээр төр хамаагүй оролцоод байж болохгүй. Оролцох, оролцохгүй байх хэсэг дээрээ их уян хатах байх ёстой гэсэн зарчим барьж байгаа.
-Эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлийн бараг 60 хувийг нь гуравхан компани эзэлдэг юм билээ. Тэгэхээр эдгээр компани үгсэн хуйвалдаж, зохиомлоор үнээ хөөргөх боломжтой юм биш үү?
-Байгаа шүү дээ. Үүнийг чинь монопол тогтолцоо гээд байгаа юм. Хуулийн хэлэлцүүлгийн үед монопол, оли тогтолцоо гэдгийг ярьж байгаа. Цөөхөн бүлэг компани илүү давуу эрхтэй байгааг бид яаж болиулах юм. Яаж өрсөлдөх чадамжуудыг бусдадаа олгох вэ. Хамгийн энгийн жишээ гэхэд л нэг компани дотооддоо үйлдвэрлэдэг, гадаадаас оруулж ирдэг эмээ өөрийн нэрийн баахан жижиг эмийн сангуудаараа дамжуулан хямд үнээр зардаг. Гэтэл хажууд нь өөр нэг жижиг эмийн сан өндөр үнээр зарахаар яаж хоорондоо өрсөлдөх юм. Тэгэхээр тэр том үйлдвэрлэгч компаниудад олон жижиг эмийн сан эзэмшихийг нь хориглох ёстой. Энэ чинь л монопол системийн эсрэг авч болох арга зам.
Ханган нийлүүлэлт, үйлдвэрлэлээ л хийх хэрэгтэй. Бүхий л юм руу ороод бусдынхаа зах зээлийг хумиад байж болохгүй. Аль болох тогтолцоог нь зөв болгож өгөхийн тулд хууль ийм чухал үүрэгтэй. Хүмүүс УИХ-д эмч хүн орж яах гэсэн юм л гэж бодоод байдаг. Гэтэл мэргэжлийн хүмүүс нь хууль батлалцах шатанд орж ирж байж эрүүл мэндийн салбараа илүү тунгалаг, хэн нэгэн, хэсэг бүлгээс хамаардаг байдлыг болиулна. Миний бодол энэ.
-Тухайн салбараа мэддэг хүн хууль тогтоох байгууллагад сонгогдсоны ач тус нь сүүлийн үед өргөн баригдаж байгаа эрүүл мэндийн салбартай холбоотой хуулийн төслүүдээс харагдаж байна гэж боддог?
-Энэ ярилцлагыг далимдуулаад хэлэхэд хууль боловсруулах шат дамжлага амархан биш. Гишүүн болчихоороо л баахан хууль өргөн барьдаг биш юм. Үүн дээр чинь судалгаа хийнэ, тогтолцоогоо судалж мэднэ. Хэлэлцүүлгийг шат дамжлагуудаар нь хийнэ гээд олон ажил байдаг учраас цаг хугацаа нэлээд ордог.
-Манай улс Эмийн үндэсний бодлогоо нэлээн дээр баталсан. Тэгэхээр энэ бодлого таныхаар хэр зэрэг хэрэгжиж байна вэ?
-Саяхан Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр 2014-2018 оны эрүүл мэндийн салбарын эмийн тогтолцоонд хийсэн аудитын дүгнэлт танилцуулсан. Нэг ёсондоо нөхцөл байдал нь ямар байна вэ гэдгийг гаргасан. Аудитын энэ дүн мэдээн дээр байдал маш ноцтой гэж гарсан. Ямар ч зохицуулалт байхгүй. Хэн нэг нь дуртай үнээ тавьдаг. Хүний зовлон, хэрэгцээг далимдуулан ашиг олдог. Түүн дээр нь хяналт тавих боломж байхгүй байна гэдгийг аудитын дүгнэлтээр тодорхойлсон. Тийм ч учраас нэн яаралтай тогтолцоогоо сайжруулах шаардлагатай байгаа юм. Шинээр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Их хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн хүрээнд хоёр дахь Хяналт шалгалтын түр хороог байгуулах гэж байна. Эхнийх нь Оюу толгойтой холбоотой байгуулагдаж маш амжилттай ажилласан.
Харин хоёр дахь Түр хороог эмийн чанартай холбоотой байгуулах гэж байна. Үүгээр тогтолцоонд нь ямар алдаа дутагдал байна, үүнээс үүдэн хэнд давуу байдал бий болгоод байна. Эмийн үнэ ханш өндөр хэрнээ яагаад чанартай эм зах зээл дээр борлуулагдахгүй байна гэдгийг илүү ярина. Дээрээс нь нэн шаардлагатай эмийн жагсаалт байна. Тэр эмийг л уухгүй бол болохгүй эмийн жагсаалт юм шүү дээ. Гэтэл саяхан интерферон лаанд зориулж таван тэрбум төгрөг төсөвлөсөн гээд бөөн маргаан болж байсан. Тэр нь гэтэл яг вирусийг устгадаг эм биш. Тэгэхээр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орох шаардлагагүй. Тогтолцоо нь буруу байгаа учраас ийм төрлийн маргаан бий болж, алдаа завхрал гараад байгаа юм.
-Эмийн сан шиг ашигтай бизнес байхгүй гэж хүмүүс ярьдаг. Тийм ч болохоор булан бүрд эмийн сан байна. Тэгэхээр хууль батлагдаж, тогтолцоог засна гэхээр эмийн сан байгуулах зөвшөөрөл зэрэг дээр өөрчлөлт гарах уу?
-Хуулийн төсөлд яригдаж байгаа нэг зүйл бол тухайн газарт хэдэн жижиглэнгийн худалдаа байх вэ гэсэн тоог нь зааж өгөх юм. Тэгж байж бид чанарыг нэхэх ёстой. Тав байх ёстой газарт 10 эмийн сан байхаар хэн ч амжилттай ажиллаж чадахгүй, чанар үйлчилгээ нь мууддаг. Гэхдээ зах зээлийн горимоор явах хэрэгтэй.
Зүгээр л нэг эм зардаг газар биш мэргэжлийн эм зүйч ажилладаг, хэрэглээн дээр нь зөвлөгөө өгч чаддаг байх хэрэгтэй. Гадаадад өдөрт уух эмийг багцлаад өгдөг. Бид дэлхий нийттэй хөл зэрэгцэхгүй бол ард хаягдаад үлдчихлээ. Харамч хүн арав дахин төлдөг гэсэн үг бий. Бид хямд үнэ гэж ярьсаар байгаад долоо хоногт эмчлэх хүнийг 21 хоног эмчилж байна. Энэ чинь ашигтай бус үрэлгэн тогтолцоо. Энэ жил бидний хийж чадсан нэг том зүйл бол эмийг ширхгээр нь үнэлдэг болсон. Хуучин хайрцгаар нь үнэлдэг байсан. Тэр хүн хэдхэн ширхгийг нь уучихаад үлдсэнийг нь найз нөхдөдөө өгчихдөг. Энэ чинь л эмийн буруу хэрэглээг бий болгож байгаа юм.
-Өсвөр насныхан зарим төрлийн эмийг их тунгаар хэрэглэж мансуурдаг гэсэн яриа бий. Тэгэхээр нэн шаардлагатай бус хэрнээ хүмүүс буруу байдлаар хэрэглэж байгаа зүйлсийг хилээр оруулж ирэхэд нь хяналт тавьдаг байдал бий болох уу?
-Эмийн агентлаг бол зах зээл дээр ямар эмийг оруулж ирэх вэ гэдэг зөвшөөрлийг өгдөг том байгууллага болж байгаа. Энэ агентлаг хажуудаа судалгааны багтай. Тэр нь тухайн эм хэрэгтэй юү, хэрэггүй юү гэдгийг тогтоодог. Манай улсад даралт бууруулдаг эм гэхэд л 10-аад төрөл бий. Энэ бүхэнд хяналт тавьж ажиллах юм. Дээрээс нь чанарыг шалгадаг лабораторитой байх ёстой. Түр хороогоор манайд байгаа лабораториуд чанарыг нь шалгаж чадах уу, гадаадын газрууд шиг шинжилж чадах уу гэдгийг гаргаж ирнэ. Гаалиар оруулж ирсэн 10 төгрөгийн эмээ 50 төгрөгөөр зарж байвал түүнд нь хяналт тавьж, болиулж чаддаг байх хэрэгтэй.
-Дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж байж үнэ ханш буурах байх. Тэгэхээр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Яг зөв. Хуулийн төсөлд орсон бас нэг том сэдэв бол дотоодын үйлдвэрлэл. Бид ер нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн том зурагтай яваад байдаг. Гэтэл дотоодын үйлдвэрлэгчид маань чанартай бүтээгдэхүүн хийж байна уу, чанартай тоног төхөөрөмжийг бий болгож уу гэдгийг ч эргэн харах хэрэгтэй. Одоогоор эмийн үйлдвэрлэл хийдэг хоёрхон газар л GMP шаардлагыг хангасан байна. Бусад нь энэ шаардлагыг хангахгүй байна гэдэг чинь чанар, стандарт, аюулгүй байдлыг хангахгүй байна шүү дээ. Тэгэхээр заавал тэдгээрийг худалдан аваад байх ёстой юм уу. Эхлээд шаардлагаа ханга гэдгийг нь хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол үйлдвэрлэгчид чинь хөрөнгө оруулалт хийхгүй байна. Энэ бүх зохицуулалтыг ч оруулж өгч байгаа.
-Эрт илрүүлгийг анхлан ярьж байсан хүмүүсийн нэг бол та. Улс орон даяар эрт илрүүлэг явагдаж байна. Үүний ач тусыг хэрхэн харж байна вэ?
-Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, чанартай болгох, эдийн засгийн хувьд өгөөжтэй болгох гурав дахь том зүйл нь эрт илрүүлэг юм. Нэгдүгээрт, санхүүжилтийн тогтолцоо, хоёрдугаарт эмийн чанар, гурав дахь нь өвчнийг эрт оношлох. Энэ гурван тогтолцоо бүрдээд ирэхээр манай эмнэлгийн тусламж үйлчилгээ маш сайн өгөөжтэй болно. Би 24 жил мэс заслын эмчээр ажилласан. Ингэхэд хамгийн их зардал гаргадаг зүйл нь хожуу оношлогдсон хүмүүсийн эмчилгээ. Бөөн зардал гаргаж гаргаж, эцэст нь үр дүн гардаггүй. Маш том хагалгаа хийгээд босгоод ирдэг. Гэтэл хэсэг хугацааны дараа хавдар нь дахичихдаг. Өвчин хожуу оношлогдох нь хүний амь насыг аврахад муу нөлөөтэй. Дээрээс нь эмнэлэгт эдийн засгийн асар их дарамт болдог. Манай улсын хүн амын дундаж наслалт өнөөдөр 72 байна. Гэтэл Солонгос улсын дундаж наслалт 83 байдаг. Тус улс эрт илрүүлэгтээ жилд хоёр их наяд вон зарцуулдаг.
Харин манайх анх удаагаа 2022 онд 60.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан. Би үүнийг хэцүү цаг үед бага дүн гэж бодохгүй байгаа. Би УИХ-ын гишүүн болоод Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэлж байж оруулсан гол ажил маань эрт илрүүлэг. Өнгөрсөн хоёр жилд цар тахал гээд бид хийж чадаагүй. Харин одоо хийх ёстой. Би өөрийнхөө тойрог дээр өнгөрсөн оны 10-11 дүгээр сард 65 болон түүнээс дээш насны 2500 хүнд эрт илрүүлэг хийсэн. Тэгэхэд ходоодны дуран хийхгүй байхад л 61 хавдар илрүүлсэн. Үүний 57 нь эрт үедээ илэрч байгаа юм. Эмчилгээний зардал, эдгэрэх магадлал харьцуулшгүй болно. Тийм учраас эрт илрүүлгийг орон даяар хийх ёстой. Өмнө нь бид эрт илрүүлгийг уг нь хийж байсан. Харамсалтай нь оромдох нь их байлаа. Одоо дэвшүүлж байгаа Эрүүл мэндийн яамнаас гаргасан хөтөлбөрт ч гэсэн сэтгэл дундуур байгаа. Насны ангиллаар таван багц гаргасан. Нас баралтын хамгийн их шалтгаан болж байгаа зүрх судас, хорт хавдар дээр түлхүү ажиллах ёстой. Сүүлийн 30 жилд зүрх судасны өвчнөөр 160 мянга гаруй, хорт хавдраар 100-аад мянган хүн нас барсан. Энэ бүх хүнийг авархын тулд эрт илрүүлэг нь оновчтой, зөв байх ёстой. Гэхдээ ямар ч байсан эхэлж байгаад баяртай байгаа. Орон нутгийн эмнэлэг, эрт илрүүлэг хийдэг тусдаа төвүүдээр дамжуулан хийх ёстой.
Төр үйлчилгээ, тусламжийг худалдаж авдаг тогтолцоо руу орох хэрэгтэй байна. Тухайн хүнийг үзсэнийх нь төлөө төр даатгалаас мөнгө төлөхдөө олигтойхон өгөх хэрэгтэй. Гол нь чанартай сайн үзсэн байх. Хувийн хэвшлийнхэн ч гэсэн мөнгөө олж авахын тулд орон нутагт, суманд нь хүрч ажиллана. Хуучин тогтолцоогоор эрт илрүүлэг хийхэд хамрагдах ёстой хүмүүсийн ердөө долоохон хувь нь хамрагдсан. Учир нь төлбөр нь бага байсан учраас эмнэлгүүдэд их алдагдалтай байсан. Ходоод дурандахад халдвар тараахгүй байх ёстой шүү дээ. Ариутгал нь чанартай байхын тулд мөнгө гарна. Намайг Хавдрын эмнэлгийн даргаар ажиллаж байхад нэг хүнд найдвартай ариутгал хийгээд ходоод дурандахад 30 мянган төгрөг гардаг байсан. Гэтэл одоо 50 мянган төгрөгөөр хийх гэж байна. Эмнэлгийн салбарыг эдийн засагжуулсан бодлогоор хийх ёстой гээд шаардаж л байна.
-Эрт илрүүлгийг хийгээд ирэхээр өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Тэгэхээр дагаад зардал нэмэгдэнэ. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал ийм байгаа үед буцаагаад нөгөө хүмүүсээ эмчилж чадах уу гэсэн асуудал гарна байх даа?
-Ер нь өвчлөлийн тоо ихэснэ. Энэ бүхнийг шийдэх гаргалгаа нь юу вэ гэхээр аймгийн эмнэлгүүдийг сайжруулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд бид нэг их түүртэхгүйгээр даваад гарна. Өнөөдөр хамаг ачааллыг гуравдугаар шатлалын эмнэлгүүд үүрч байна. Аймаг, дүүргийн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр энэ ачаалал буурна. Уг нь эдгээр эмнэлгүүд эмчилсэн хүн бүрийнхээ тоогоор санхүүжилт авах юм шүү дээ. Эдийн засагжсан эрүүл мэндийн салбар гэж яриад байгаа маань энэ. Шүдний салбар бол цэвэр зах зээлийн тогтолцоогоороо явж байгаа.
-Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Төрийн ордонд 800 сувилагч чуулна гэсэн. Үүгээр юу ярьж, ямар шийдэлд хүрэх вэ?
-Манай эрүүл мэндийн салбарын бүтээгчид нь 56 мянган ажилтан албан хаагч бүгдээрээ. Гэхдээ салбарын нүүр царай нь сувилагчид. Тэд эмчилгээ, үйлчилгээг гардан хийдэг хүмүүс. Ойролцоогоор 12 мянга гаруй эмч, 13 мянган сувилагчтай. Тавдугаар сарын 12 бол сувилагчдын өдөр. Баяр гэхээсээ илүүтэй сувилагч гэдэг мэргэжлийн бахархал нь юу юм, яагаад удахгүй энэ мэргэжилтэнгүй болох гээд байгаа юм. Нийгмийн баталгаа нь юу вэ гэсэн гол, гол асуултад хариулах үндэсний чуулга уулзалт болно. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж, мэндчилгээ дэвшүүлж оролцоно.
Цар тахалтай сүүлийн хоёр жилд сувилагчдын үүрэг оролцоо их байсныг тодотгож, тэд нараараа бахархах бахархлыг төрүүлнэ. Цалин хөлсийг нэмэх, амьдралын баталгааг хэрхэн хийх вэ гэдэг зөвлөмжүүдийг гаргана. Тэд нарыгаа сонсоно. Манай сувилагчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Тэдний олонх нь гэр хороололд амьдарч байна. Яагаад эрүүл мэндийн салбарынханд тусгайлсан ипотекийн хөтөлбөр байж болохгүй гэж. Энэ асуудлыг Монголбанк, Засгийн газарт өргөн барина. Сувилагчдын цалин нэг үеэ бодоход нэмэгдэж л байна. Гэхдээ л дахин нэмэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй.
-Тусламж, үйлчилгээ үзүүлсэн хүнийхээ тоогоор цалин урамшуулал нь нэмэгддэг байдлыг бий болгож байгаа гэсэн үү?
-Хууль эрх зүйн орчныг нь бий болгоод гүйцэтгэлээр санхүүждаг байдлыг бий болгосон. Арван хагалгаанд орсон, нэг хагалгаанд орсон хоёрын цалин өөр байх ёстой. Хүн хийснээрээ цалингаа авах хэрэгтэй. Би гурван жил эмнэлгийн захирлаар ажиллахдаа цалин нэмэх эрхгүй байсан. Харин одоо хуульд өөрчлөлт оруулаад энэ бүхнийг байхгүй болгосон. Цалингийн доод хэмжээг 7-12 хувиар нэмсэн. Сувилагч нарынх 15-24 хувиар нэмэгдэж байгаа. Үүнээс доошоо цалин өгч болохгүй. Харин дээшээ бол дуртай цалингаа өгч болно.
-Чадвартай ажилтнаа авч үлдэхийн тулд удирдлага нь цалинг нь нэмэх хэрэгтэй л болно доо?
-Тэр сайн хүнийг чинь өөр эмнэлэг авчихна шүү дээ. Улсын, хувийн эмнэлгүүд адилхан гүйцэтгэлээрээ санхүүжилт авдаг болоод ирэхээр сайн мэргэжилтний төлөө тэмцэлдэнэ. Ингээд цэвэр зах зээлийн зарчмаараа эрэлт хэрэгцээнд суурилсан санхүүгийн тогтолцоо бий болж байгаа. Тархины харвалт өгсөн хүнд Даатгалын сангаас 7.5 сая төгрөг төлдөг. Тухайн эмч, сувилагч өдөрт 10 хүнийг эмчлэхэд тэр эмнэлэгт 75 сая төгрөг оруулна. Мянган хүн эмчлэхэд л зөвхөн нэг эмчилгээгээр 7,5 тэрбум төгрөг оруулна. Тэгэхээр нэг эмч 10 сая төгрөгийн цалинтай байж болохоор байгаа биз.
Энэ ярилцлагаар дамжуулан нийт сувилагч нартаа баярын мэнд хүргэе. Эмч хүний хувьд та бүхнээрээ би бахархдаг. Эмч хүний гар болж, тэр гар нь зүрх сэтгэлээсээ, энэрэл хайр асралаар хүнд хүрч, тусламж үйлчилгээ үзүүлж өвчтөнийг хөл дээр нь босгодог хүмүүс бол сувилагчид. Монгол Улс хүчирхэг, ажил мэргэжлээрээ бахархдаг сувилахуйн тогтолцоог бий болгохын тулд хичээж ажиллах болно гэдгээ та бүхэндээ амалж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
ene emch nuhur ymar surguuli tugsun yum boldoo 20.r zuun bolj bna ene olon jil yu hiij yavsan hun yum boldoo ali deer hiih bsan baital 10 20 jileer delhiig.s hothorj yavna iim nuhud baidag bolood uls hugjuhgui bgaa yum da buh yumnaas hothorj bna urgelj untaa yum yarhii