2025 онд 61 шүүх үйл ажиллагаа явуулна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
5 цагийн өмнө

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс “Нээлтэй шүүх” сэдэвт хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Шүүхийн Ерөнхий Зөвлөл /ШЕЗ/-ийн гишүүн Э.Зоригтбаатараас “Шүүх болон хэвлэл, мэдээллийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, зохицуулалт” сэдвээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэрээс Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар тодрууллаа.



А.НАСАНДЭЛГЭР: БАГА ҮНИЙН ДҮНТЭЙ ХЭРГИЙГ ХЯЛБАР АЖИЛЛАГААНЫ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭНЭ

 

-Шүүх байгуулах тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн хэрэгжилт болон 2025 онд шинээр байгуулагдах тойргийн шүүхийн явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Шүүх байгуулах ажил хоёр жил үргэлжилсний эцэст УИХ 2024 оны зургаадугаар сарын 5-нд эцэслэн баталсан. Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 90 шүүх үйл ажиллагаа явуулж байгаа. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 61 шүүх үйл ажиллагаа явуулна. Улаанбаатар хотын дүүргийн шүүхийг тойргийн зарчмаар байгуулна. Ингэхдээ нийслэл хотын нутаг дэвсгэрийн харьяаллын баруун, зүүн талд Иргэний болон Эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүх тус бүр нэг, Налайх, Багахангай дүүргийн тойргийн анхан шатны шүүхийг нэгтгэж байгуулна. Тухайлбал, 2025 оноос зүүн талдаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болж  нэгдэнэ. Баруун талдаа Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх гэж үйл ажиллагаа явуулах юм. Багануур дүүргийн шүүх харьцангуй алслагдмал, одоо байгаа ачаалал нь зохист хэмжээнд байгаа учраас өөрчлөөгүй хэвээр үлдээсэн.

-Өөрчлөөгүй буюу хуучнаараа үйл ажиллагаа явуулах ямар шүүхүүд байгаа вэ?

-Шүүх байгуулах тухай хуулиар Давж заалдах шатны шүүхүүдийг өөрчлөөгүй, хуучин хэвээр үлдээсэн. Иймд 2015 оны хуульд заасан тогтолцоогоор үйл ажиллагаа явуулна. Ер нь захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх өөрчлөгдөөгүй. Мөн Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сум дундын найман шүүхийн ачаалал хэвийн байгаа учраас өөрчлөөгүй. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн, Нийслэл дэх гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн гэсэн хоёр шүүх шинээр байгуулагдаж байгаа.

-Хялбар ажиллагааны шүүх ямар үйл ажиллагаа явуулах талаар тодруулна уу?

-Хялбар ажиллагааны шүүх ирэх сарын 1-нээс үйл ажиллагаа явуулна. Энэ шүүх нь  эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, эрүүгийн хэргийн харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэргийг шийдвэрлэх, таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шийдвэрлэнэ. Мөн иргэний хэргийн тусгай журмаар шийдвэрлэх хэргийг шийдвэрлэх учраас эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны гэж нэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлсан журмаар шийдвэрлэх ажиллагаа гэсэн өөрчлөлт орсон. Энэ төрлийн маргааныг хялбар ажиллагааны шүүх иргэний журмаар хянан шийдвэрлэнэ.

-Ингэж зохион байгуулах үндэслэл юу байв?

-Шүүх байгуулах тухай хуулийг боловсруулах судалгааны үр дүнд хэт их ачаалал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шүүхэд байна гэсэн. Иргэний хэргийн онцлогийг харвал бага үнийн дүнтэй буюу 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй хэрэг 40 гаруй хувийг эзэлдэг. Тиймээс бага үнийн дүнтэй хэргийг шийдвэрлэх шүүхийг тусад нь байгуулбал шүүхийн ачаалал тэнцвэржих талаар судалгаа гарсан.

-Хялбар ажиллагааны шүүхийн хаяг байршил тодорхой болсон уу?

-Хялбар ажиллагааны шүүхийн байр нь тодорхой болсон, одоогоор засварын ажил явагдаж байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн урд байрлаж буй дөрвөн давхар байранд Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх үйл ажиллагаагаа эхэлнэ. Мөн нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулна. Энэ шүүхийн процессын хууль 2025 онд батлагдах юм. Хууль батлагдсанаар  ямар хэргийг харьяалан шийдвэрлэх вэ гэдэг нь тодорхой болно. Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх  2026 оноос үйл ажиллагаагаа эхлүүлнэ.Тойргийн шүүх байгуулагдсанаар хууль хэрэглээний нэгдмэл байдал хангагдана. Тойргийн зарчмаар байгуулагдвал ачаалал тэнцвэрждэг. Мөн шүүхийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх юм.

 

Э.ЗОРИГТБААТАР: ШҮҮХ БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДАЛ САЙЖИРСНААР ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ НЭМЭГДЭНЭ 

 

-Шүүх болон хэвлэл, мэдээллийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг та юу гэж үзэж байна вэ?

-Шүүх эрх мэдлийн байгууллага болоод хэвлэл, мэдээллийн хамтын ажиллагаа тодорхой хэмжээнд байгаа, өмнө нь ч байсан. Гэхдээ үүнийг одоогийн шаардлагад нийцүүлж улам өргөжүүлэн хөгжүүлэх, ингэснээр иргэдийн мэдэх эрхийг хангах, цаашлаад хэвлэлийн эрх чөлөөг хангахтай холбоотой цогц ойлголт байгаа. Үүнийг улам сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Энэ ч үүднээс төсөл хөтөлбөрт оролцож, тодорхой зорилго зорилтыг ШЕЗ-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа. Нээлттэй, ил тод байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бид бэлтгэж байна.

 

 

-Шүүхийн мэдээлэл хязгаарлагдмал явж ирсэн, гэтэл хэвлэл бол  хурдан шуурхай мэдээлэхийг гол зорилгоо болгодог. Тэгэхээр энэ хоёр салбарын хоорондын зохицуулалт ямар байх вэ?

-Хуулийн байгууллагууд  үг хэлэхээс өгсүүлээд алхаж гишгэх нь хүртэл бүгд хуулийн хэм хэмжээтэй. Дураараа явж болдоггүй, хэлэх ярих зүйлээ хамаагүй хэлж, ярьж болдоггүй харьцангуй хаалттай. Гэвч энэ байдлыг даван туулах, тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр өнгөрсөн зун Шүүхийн тухай хуульд томоохон өөрчлөлт орсон. Бидний үйл ажиллагаа хуулийн хүрээнд цаашид улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

-Хуульд өөрчлөлт орсноор шүүхийн мэдээлэлд шинээр  ямар зохицуулалтууд бий болж байгаа вэ?

-Хувь хүний эмзэг мэдээлэл гэж байдаг. Энэ нь хуулийн зохицуулалттай. Шүүх, шүүхийн шийдвэрээр дамжуулах, тухайн хүний дүрсийг гаргах гэх мэт бүх зүйл хориотой байсан. Эмзэг мэдээлэл гэдэгт хамаарч байгаа юм. УИХ 2024 оны зургаадугаар сард Шүүхийн тухай хуульд томоохон өөрчлөлт оруулсан. Тухайлбал авлигын хэргийн анхан болон давж заалдах шатны, хяналтын шатны нээлттэй явагдаж буй бүх шүүх хуралдааныг шууд дамжуулах эсвэл дуу дүрсний бичлэгээр олон нийтэд хүргэх талаар өөрчлөлт оруулсан.Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс ШЕЗ нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журмыг баталсан. Эрүү, иргэн, захиргааны хэргийн эцэслэн шийдсэн нээлттэй шүүх хуралдааны бичлэг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс шүүхийн цахим хуудаст нээлттэй байршиж эхэлнэ. Мөн 2015 онд сэтгүүлч, сурвалжлагчид шүүх хуралдааныг сурвалжлах журмыг баталсан. Цаг үетэй нийцүүлэн тус журмыг цоо шинээр батлахаар ажиллаж байгаа. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагын саналыг авч боловсруулна.

-Ингэснээр ямар дэвшил гарна гэж үзэж байна вэ?

-Шүүхийн нээлттэй ил тод байдал хангагдахад чухал ач холбогдолтой. УИХ шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлахдаа шүүхэд мэдүүлэх иргэний эрхийн баталгааг хангаж, үйл ажиллагаа нээлттэй ил тод байдлыг дээшлүүлнэ гэж заасан. Тиймээс шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах хөтөлбөрийг боловсруулж байна. Ойрын хугацаанд батална. ШЕЗ нь Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтарч Европын холбооны санхүүжүүлэлттэйгээр "Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал" гэх төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд шүүхийн дагнасан сэтгүүлчийг бэлтгэж, шүүх эрх мэдлийн байгууллага иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын хоорондын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, шүүхийн шийдвэр тойм бэлтгэх ажлыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн шүүхийн мэдээллийн санг байгуулж, хэргийн оролцогчдын гаргасан хүсэлт, санал, тайлбар, шүүхийн эрх зүйн акт байршуулна. Ингэснээр тухайн хэргийн оролцогч бус сонирхогч этгээд үзэх боломжтой болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top