Хоол хүнс, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний тухайд 60 сая малтай Монгол Улс минь үндэснийхээ тусгаар тогтнолыг тавиад туучихжээ. Энэ сэдвээр сүүлийн хэд хоногт эр эм, хөгшин залуугүй ярьж, бичлээ. Хорт хавдар яагаад залуужсаныг, хүн амын дундах нас баралтын тоо хэрхэн өссөнийг, шалтгаан нь юу болохыг бараг л оношилчихлоо. Хэвлэл, мэдээллийн салбар нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, газар дээр нь мөрдөгч шиг ажиллав.
Монголын залуус “Эх орны төлөө зүтгэе” хэмээн өдөр, шөнөгүй тэмцэж, хятад эзэд бүхий махны үйлдвэрүүдтэй заргалдав. Үүний мөрөөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цагдаагийн байгууллага, Шадар сайд гээд холбогдох байгууллага, албан тушаалтнууд хөдөлж, хяналт, шалгалт үргэлжилж байна. Энэ олон үйл явдал өрнөж байхад ҮАБЗ хэл нь татчихсан мэт таг чиг. Асуудал хариуцсан ХХААХҮЯ ч, салбарын сайд нь ч ус балгасантай адил чимээгүй.
Бүхэл бүтэн яам энэ асуудлаас сугараад үлдчихдэг нь гайхмаар юм шүү. Уг нь мах экспортлох квот олгодог эрх бүхий газар нь энэ яам шүү дээ. Хэний үйлдвэрт, хэрхэн ямар замаар мах бэлтгэх квот олгосон бэ. Түүний ард хэн гэдэг албан тушаалтан нөлөөлсөн бэ. Мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, нийлүүлэх асуудал яагаад ийм хэмжээнд хүртэл бугшсан юм бэ. Цаашид бид идэх махаа хаанаас худалдаж авах вэ, хүнсний захуудаар нийлүүлэгдэж байгаа мах эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа юу.
Нөөцийн мах чинь найдвартай юу гэдэг асуултад ХААХҮ-ийн сайд хариулах учиртай. ҮАБЗ нь ч ард иргэддээ мэдээлэл өгөх үүрэгтэй. Бид цогцос хадгалдаг бодисоор хордуулсан мах идэж амьдаараа занданшуулсан шарил болмооргүй байна. Эсвэл Төв Азийн цээжинд дэх Монгол Улс ХХI зуунд иргэдээ амьдаар нь муми болгож байж гэж түүхэнд үлдэхийг хэн нэгэн хүсээд байгаа юм уу? Энэ асуултад заавал хариулаарай, ҮАБЗ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )