О.Лхагвадорж: Төсөв хувааж идэхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

 

Боловсрол, сэтгэл судлалын академийн Нийгмийн сэтгэлзүйн судалгааны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн, судлаач О.Лхагвадоржоос Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар тодрууллаа.


-Тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуулийг шинэчилнэ гэх боллоо. Судлаачид ямар дүгнэлт хийж байгаа бол?  

-Эрх баригчид Үндсэн хуульд гар хүрсэн үед дандаа дордуулах заалтуудыг  оруулж ирсэн. Аль болох өөрсдөдөө ашигтай, ёс суртахууныг алдагдуулсан заалтууд шургуулдаг. Өмнөх “Дордохын долоон өөрчлөлт” бол УИХ-ын гишүүд хууль батлах ирцээ бүрдэхгүй болохоор тоог нь бууруулж цөөн хүн хууль баталдаг болгосон. 2019 оны засварыг мөн ялгаагүй, өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлсэн.

Тухайлбал, Засгийн газар алдагдалтай төсөв оруулж ирж болно. УИХ түүн дээр нь нэмж  алдагдал гаргахгүй гэсэн  заалт байх жишээтэй. Энэ бол өрийн таазыг улам нэмэгдүүлнэ. Алдагдалтай төсөв орж ирнэ гэдэг  түүнийг нөхөхийн тулд гаднаас  зээл авч болно.  Ингэснээр өр үргэлжилнэ гэсэн үг. Одоо Үндсэн хуулийг шинэчилнэ гэж байна.  Ялангуяа тогтолцооны өөрчлөлт хийе гэсэн Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ынхан бол иргэд, олон нийтийг  хуурч байна. Энд зөвхөн нэг намын дарангуйлал тогтож байгаа. Уг нь олон нам оролцох ёстой. Ярьж байгааг нь сонсоход сонгуулийн системд өөрчлөлт оруулж, пропорциональ болгоё. Түүний зэрэгцээ УИХ-ын гишүүний тоог нэмэгдүүлье гэж байна. Ер нь бол хариуцлагыг чангатгахын тулд харин ч гишүүдийн тоог  аль болох цөөлөх бодлого баримтлах ёстой. Гишүүдийн тоог нэмбэл улсын төсөв улам данхайна.

УИХ-ын нэг гишүүн  дөрвөн тэрбум төгрөгийн төсөв авна гэхээр улсын эдийн засаг даах уу. Түүнийг дагаад Засгийн газар дээр ч янз бүрийн ачаа нэмэгдэнэ. Тэгэхээр улс оронд  ямар ч ашиггүй.  УИХ-ын гишүүдийн тоог нэмж,  түүнд нь намууд төлөөллөө оруулж улсын төсвийг хувааж идэх аргаа  улам нарийсгаж Үндсэн хуульд оруулах гэж байна. Гишүүдийн тоог нэмэх нь тогтолцооны өөрчлөлт биш. Энэ бол  хуйвалдааны тэлэлт. Улсын төсвийг хувааж иддэг хүмүүсийн луйвар тэр хэрээр нарийсч байгаа явдал. Мөн түүнийг нь ард түмэн эсэргүүцэж тэмцээд ямар ч үр дүн гарахгүй байх нөхцөл байдал руу оруулах гэж байна.

-Тэгвэл Үндсэн хуульд  ямар өөрчлөлт оруулах ёстой вэ?

-Агуулгын буюу хариуцлага, үүрэг, зорилгын өөрчлөлт хийх  ёстой. Өнөөгийн Үндсэн хуулийн цаад агуулга ерөөс төргүй байлгах, ёс суртахуунгүй байдлыг өөгшүүлэх ийм л зүйл заалтуудтай. Жишээ нь, Үндсэн хуулийн цэц гэхэд  ямар ч хяналтгүй, хийх ажил нь дөрөвхөн функцэд  багтаад,  бусдыг нь авч хэлэлцдэггүй. Улс үндэсний эрх ашгийг хохироосон, хүний эрх зөрчсөн  үйл явдлууд болж байхад хүлээж авдаггүй. Үндсэн хуулиараа  авч хэлэлцэх боломжгүй болгочихсон байдаг.

-76 гишүүнийг хяналттай болгохын тулд хоёр танхимтай парламенттай байя гэдэг  зөв үү?

-Хяналтын систем янз бүрийн хэлбэртэй  байж болно. Гэхдээ бүх шатанд  бий болгосноор хяналт   бодитой  болно. УИХ хоёр танхимтай байвал Дээд танхим юм уу, Ардын Их хурал нь байнгын бус үйл ажиллагаатай байх.  Бүтэц, бүрэлдэхүүн нь ард түмний  төлөөллийг бүрэн хангасан. Дарга нь нэлээд эрх мэдэлтэй, зөвхөн хяналтаа тавих үүрэгтэйгээр Үндсэн хуульдаа  зааж оруулбал  хяналт жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Дээр нь Үндсэн хуулийн цэцийн үүрэг, функцийг өөрчилж, үүргээ хэрэгжүүлж  чадаагүй тохиолдолд огцруулах, эсвэл эргүүлэн татдаг болох  ёстой.

Өнөөдөр Цэц ч, шүүхийн байгууллага нь ч тийм биш.  Хяналтыг томилсон хүмүүс нь л  мэддэг. Зөвхөн тэдэндээ үйлчилдэг. Тиймээс  өөр хэн ч халдашгүй байгаад байна. Цэцийн гишүүн гэхээр л   дархан эрхтэй болчихдог. Үндсэн хуульд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж заасан. Тэгсэн  хэрнээ түүнийгээ зөрчиж, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд халдашгүй дархан эрхтэй байгаа. 1992 оны Үндсэн хуулиар  монголчууд төртэй гэдгийн илэрхийлэл болгож  анхны  Ерөнхийлөгчөө сонгосон. Түүнээс хойш төрийн тэргүүн   бэлгэ тэмдгийн чанартай байсаар ирсэн. Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлнэ гэдэг ямар ч ач холбогдолгүй. Үүний цаана нийгмийг ямар ч удирдлагагүй байлгах, төрийг данхайлгаж, төсвийн мөнгийг үрсэн тогтолцоо явж ирлээ.

-Одоо Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болно гэж байна?

-Ийм  өөрчлөлт хийх нь төрийн тэргүүнийхээ олонд харагддаг байдлыг хумих байх. Ер нь бол том нам, бүлэглэлүүд бүхнийг гартаа авах гэсэн сонирхол явж байгаагийн  илэрхийлэл нь Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа явдал юм. Миний бодлоор  хоёр танхимтай гэхээс илүү ер нь байнгын ажиллагаатай парламент байх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Үүнийг эргэж харах ёстой. Хууль нийгмийн харилцааг хамгийн тогтвортой байдлаар зөв хангаж байх ёстой.

Гэтэл байнгын ажиллагаатай парламент зарим үед ажил хийж байгаа дүр үзүүлэхийн тулд  хэдэн сар болов уу, үгүй юу өөрсдийн баталсан хуулиудыг  өөрчилдөг үзэгдэл бий болсон. Ер  нь  бол өөрсдийн эрх ашиг хөндөгдөөд ирэхээр хуульд өөрчлөлт оруулдаг. Энэ нь парламентын болоод хуулийн ач холбогдлыг үгүйсгэж байна. Үүний цаана нийгмийн харилцаа цөөн хэдэн хүний гарт орж, тэдний дур зоргод үйлчлэх болж байгаа юм. Дахин хэлэхэд  Үндсэн хууль гэмт хэргийг өөгшүүлэх,  хэрэгтнийг хамгаалах ийм л зорилготой болжээ.

-Та жишээ хэлбэл, уншигчдад  ойлгомжтой байх болов уу?

-Тухайлбал, Ерөнхийлөгч нь гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлдэг. Тэр бүү хэл, гэмт хэрэгтнүүдэд зориулж Өршөөлийн хууль гаргадаг жишиг манайд тогтсон. Буруу, зөвийг ялгах эрх мэдэл Ерөнхийлөгчид байхгүй. Шууд эрх мэдлээ ашиглан  гэмт хэрэгтнүүдийг ялаас чөлөөлдөг. Энэ бүхэн төр гэдэг нэрийн дор дур зоргоор авирлах бүлэглэлүүдэд тал засч, үүнийгээ намаар хуваан хэрэгжүүлдэг.  Тэр үйлдлээ төр гэж нэрлэн  замбараагүй байдлыг бий болгож байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(192.82.66.181) 2022 оны 06 сарын 10

сайн сэтгүүлч, нийтлэлч , шаггүй сэтгэгч хүндээ лхагвадорж, хэнээс ч хараат бишээр хийх юмаа хийгээд тун их өсөж байгаа судлаач. Ийм л хүмүүсээ дээш нь гаргах сан даа

0  |  0
Top