Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнгийн талаарх аудитын тайланг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар сонсож, хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулгадаа, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аудитын газрын гүйцэтгэх аудитын сэдвийг үндэслэн Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийснийг тодотгоод аудитыг Засгийн газрын шугамаар олон улсын байгууллагаас авсан зээлийг үр дүнтэй ашигласан эсэх, хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан тусламжийн ашиглалт үр дүнтэй эсэх зорилтод чиглүүлсэн гэв.
Мөн Засгийн газрын гадаад зээл, тусламжийн байдал, түүнд нөлөөлөх гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа, шинжилгээ, тайлан, төслийн нэгжийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангууд, дамжуулан зээлд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын зээлтэй холбогдох үйл ажиллагааны мэдээлэл, тайлан, бусад нотлох баримт материалд үндэслэн Засгийн газрын гадаад зээл тус 2018-2020 оны үйл ажиллагааг хамруулан гүйцэтгэсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор онцолсон.
Төрийн аудитын төв байгууллагын аудитын дүгнэлтэд Өрийн удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Засгийн газрын гадаад зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох” гэж заасан боловч УИХ-аас Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, зорилттой уялдуулсан гадаад зээлийн талаар баримтлах бодлогыг батлаагүй байна.
Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ гадаад зээл, тусламжийг түлхүү ашиглаж байгаа нь өрийн ачааллыг нэмэгдүүлж буй тул санхүүжилтийн бусад эх үүсвэр ашиглах бодит шаардлага бий болсон байна.
Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаагүй 30.0 тэрбум төгрөгөөс доош өртөгтэй төсөл, арга хэмжээг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалтгүйгээс Өрийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т заасан шаардлага хэрэгжихгүй байгааг дурджээ.
Мөн Засгийн газрын шугамаар шинээр авах зээл нь гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх хүсэлт илгээхэд төслийн баримт бичгийг ямар түвшинд боловсруулсан байх, техник, эдийн засгийн үндэслэлийг төслийн аль үе шатанд хийх, баримт бичгийн үнэлгээг хэрхэн хийх талаарх хуульд нийцсэн аргачлал байхгүйгээс Өрийн удирдлагын тухай хуулийн 18.5.3, 18.5.4, 18.5.7-д заасан шаардлага хангасан эсэх дүгнэлтийг Сангийн яам гаргадаггүй байна.
Энэ нь төсөл, арга хэмжээний хэрэгжилт удааширч, үр дүнд сөргөөр нөлөөлж байна. Сангийн яам гадаад зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахдаа Засгийн газрын 2006 оны 185 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журам”-ын 4.2, 4.9, 4.10, 4.11-т заасныг мөрддөггүй, зээлийн эргэн төлөлтөд тавих хяналт болон хугацаа хэтэрсэн зээлийг барагдуулах ажлыг зохион байгуулах чиг үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүйгээс нийт дотоодод дамжуулан зээлсэн зээлийн 47 хувь нь эргэн төлөгдөөгүй, энэ нь улсын төсөвт ачаалал үүсгэж байна.
Өрийн удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасныг үндэслэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар 2018-2019 онд хандивлагч орон, олон улсын байгууллагаас нийт 882.9 тэрбум төгрөгийн гадаад зээл авсан бол 2020 онд түүнээс 2.2 дахин их буюу 1,978.1 тэрбум төгрөгийн зээлийг авч ашигласан нь сүүлийн 3 жилд ашигласан нийт гадаад зээлийн 44.1 хувийг эзэлж байна. Гадаад зээлийн хөрөнгөөр төсвийн алдагдлыг санхүүжүүлж байгаа өнөө үед улсын төсвөөс зарцуулах нийгмийн халамжийн зардал өсөж, төсвийн үр ашиг урт болон дунд хугацаанд буурч байна гэж дүгнэлтэд дурдсан байна.
Дэлхий нийтийг хамарсан коронавируст (Ковид-19) цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 онд буурсан боловч 2021 оны эхний улирлын байдлаар өсөх хандлага ажиглагдаж, эдийн засаг сэргэж гадаад валютын эрэлтийг өсгөж, төгрөгийн ханш сулрах нөхцөл бүрдэж байгаа үед Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон хязгаар зөрчигдөх, гадаад валютын эсрэг төгрөгийн ханш 5.0 хувь сулрахад өрийн үйлчилгээний зардал 2021-2025 оны хооронд 309.3 тэрбум, 10.0 хувь сулрахад 618.5 тэрбум төгрөгийн бодит ханшийн алдагдал хүлээх, төсвийн ачаалал нэмэгдэх эрсдэлтэй тул зээлийг үр ашигтай зарцуулах нь чухал байна. Гадаад тусламжаар хэрэгжүүлж байгаа 29 төслийг төсвийн багцад тусгаагүйгээс ашиглалтын дүнг бүртгэдэггүй, тайлагнадаггүй, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийдэггүй нь улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс төслийг давхар санхүүжүүлэх эрсдэлтэй байна.
Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын улирлын мэдээг Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.2-т заасны дагуу Сангийн яам мэдээлэх чиг үүрэгтэй боловч зээл, тусламжийн ашиглалтын мэдээллийг бүрэн байршуулаагүй, 2018-2020 оны байдлаар 3,024.8 тэрбум төгрөгийн зээл, тусламжийн ашиглалтыг мэдээлээгүй, иргэд, олон нийтэд мэдээллийг нээлттэй, ил тод болгоогүй байна.
Гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тоо, дүн тогтмол өсөж, Сангийн яамны гүйцэтгэх ажлын цар хүрээ нэмэгдсэн боловч тус яамны орон тоо дээд хязгаартаа хүрээгүй, дутуу, төсөл, арга хэмжээний санхүүжилт, хэрэгжилт, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, бодлого боловсруулах, шинэ зохицуулалтыг санаачлах, хэрэгжүүлэх зэрэг яамны хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд зөвлөх авч, өндөр зардлаар гүйцэтгүүлснээр зээлийн хүүгийн төлбөрт төлсөн нийт зардал нь цалингийн зардлаас 1.5 дахин өндөр байгаагаас үзэхэд гадаад зээлийн хөрөнгийг арвилан хэмнэлтгүй, үрэлгэн зарцуулж байна гэж уг дүгнэлтэд дурдсан байлаа.
Сэтгэгдэл ( 0 )