Орон нутагт хатуу хог хаягдлын ЛАНДФИЛЛ байгууламжийг хэрэгжүүлж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн “Хог хаягдлын менежментийг сайжруулах” 3-р зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур болон Хэнтий аймгийн Онон-Балжийн байгалийн цогцолборт газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хатуу хог хаягдлын ландфилл байгууламж барих ажлууд хэрэгжиж эхэллээ.

Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгалд тосгонд 50,500 м3, Ханх суманд 15,180 м3, Хэнтий аймгийн Дадал суманд 28,400 м3 багтаамжтай энгийн хог хаягдлыг хөрсөнд нэвчилтгүй дарж булшлах технологи бүхий хатуу хог хаягдлын ландфилл байгууламж баригдах юм.

Тус төслийн хүрээнд хатуу хог хаягдлын ландфил байгууламж нь ажилчдын байр, ландфилл байгууламж, далангийн байгууламж, хог ангилан ялгаж хүлээн авах талбай, дэд станц, хүнд машин механизмын зогсоол, аюултай хог хаягдал агуулах, харуул бүртгэлийн байр, шороо нөөцлөх талбай, шүүрлийн болон шүүрэл цуглуулах талбай, гэрэлтүүлэг, камержуулалт, төмөр торон хашаа, ариун цэврийн байгууламжаас бүрдэх ба Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон, Ханх суманд жилийн туршид аялал жуулчлалаар ирэх гадаад, дотоодын аялагчид ихээр ирдэг ба орон нутгийн төвшинд хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийн төлөвлөлтийг цогцоор нь буюу жишиг байдлаар шийдвэрлэх боломжтой болж байна.

Азийн хөгжлийн банкнаас 2017-2018 онд боловсруулсан төслийн техник эдийн засгийн үзүүлэлтэд заасны дагуу төсөл хэрэгжиж буй орон нутгийн одоогийн хогийн цэгийг нөхөн сэргээж, орон нутгийн ирээдүйн хүн амын өсөлт, жуулчдын урсгал, түүнчлэн тухайн орон нутгийн уур амьсгал, хөрсний бүтэц, мөнх цэвдгийн тархалт зэрэгт тохируулан энгийн хог хаягдлыг хөрсөнд нэвчилтгүй дарж булшлах технологи бүхий ландфилл байгууламжийн иж бүрэн зураг төслийг Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “Эн Эй Пи Групп” ХХК боловсруулсан бол барилгын ажлыг тусгай зөвшөөрөлтэй “Билгүүн од коснстракшн” ХХК болон “Хэмжилзүй” ХХК-иудын түншлэл гүйцэтгэж байна.

Гурван сумын нутаг дэвсгэрт баригдах тус байгууламжуудыг нэг ижил зураг төслөөр хийж гүйцэтгүүлсэн ба гүйцэтгэгч байгууллагаас энэ ондоо багтаан Хатгал тосгоны ландфил байгууламжийг иж бүрнээр нь барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Ханх сум болон түүх, соёлын өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд хэрэгжих хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийн төсөл нь хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хүрээлэн буй орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, жуулчдын тав тухтай аялах нөхцөлийн бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top