Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ИРГЭДИЙН САНАЛЫГ авна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 06 сарын 18

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар пүрэв гаригт нийгмийн анхаарлыг татаж буй хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцлээ. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд  энэ сарын 18-наас 26-ны хооронд иргэдийн санал бодлыг сонсъё гэдэгт гишүүд санал нэгдсэн.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт  хэлэхдээ иргэдийн оролцоотойгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төсөл оруулж ирнэ гэж ажлын хэсэг байгуулсан, дөрвөн бүлэг асуудлын хүрээнд. Үүнд хүний эрхийн тогтолцоог эргэж харна.  2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөс зарим нь орхигдсон. Мөн парламентын тогтолцоог бэхжүүлье гэж УИХ-д суудалтай улс төрийн намууд байнга ярьж байгаа. Сонгуулийн холимог тогтолцоо байвал сонгогчдын санал гээгдэхгүй гэж үзсэн судалгаа бий. Эдгээр асуудлаар иргэдийн саналыг сонсоно гэсэн.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Энэ нь ард нийтийн санал асуулга бол биш. Улс төрийн нам байгуулахад нэг хувийн босго гэж байх юм уу гэж асуусан. Одоо хасна хасахгүй, нэмнэ нэмэхгүй гэсэн асуудал байхгүй. Иргэд, сонгогчид дэмжиж байна уу гэж санаа бодлыг нь сонсъё л гэж байгаа юм” гэдгийг нэмж  тодотгосон юм.

Сүүлийн үед цар тахал, дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой хүнсний хомсдол нүүрлэсэн. Улмаар хоол, хүнсний  аюулгүй байдал хүн амын эрүүл мэнд, амь насанд заналхийлж байгаагийн тод жишээ дулааны аргаар мах боловсруулж буй асуудлаар олонд ил болсон. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж, өргөн барьсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”  УИХ-ын тогтоолын төслийг   Х.Болорчулуун гишүүн чуулганы хуралдаанд танилцуулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл  “Хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн тухайд ямар дэвшил гарах вэ. Хөтөлбөрийн үр дүнд малчдын эдийн засаг хэрхэн сэргэх вэ.  Малчдаас  ямар стандартын дагуу татан авалт хийх вэ. Гадаадаас 1000 тонн махны захиалга орж ирсэн тохиолдолд тогтолцоог хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг тодруулахыг хүссэн. Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Наранцогт “Хүнсний аюулгүй байдал зөвхөн ханган нийлүүлэлт бус тогтолцооны асуудал. Иймд бүхий л талаас авч үзсэн. Хөдөө аж ахуйн онцлог, ханган нийлүүлэлтийн онцлог гээд бүх тогтолцоог харсан” гэдгийг тэмдэглэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат хүнсний аюулгүй байдлыг хүүхдийн өдрийн хоолноос эхлэх хэрэгтэйг онцолж байлаа. Ажлын хэсгийн гишүүн, ЕТГ-ын дарга Я.Содбаатар хэлэхдээ эхний ээлжид Монголбанктай ярилцаж хүүний  татаас өгөх байдлаар аж ахуй нэгжүүдэд олгож  байгаа гурван хувийн хүүтэй зээлийг олгоход анхаарна. Үүнд дотоодын банкууд болон бусад механизмыг ашиглаж зээл гаргуулах талаар ярилцаж байгаа. Олон улсын зээл тусламжаар хэрэгжиж буй хөтөлбөрүүд бий. Иймд тухай бүрд нь шийдээд явна. Импортын татварын тухайд нэмэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс боломжит хэлбэрээр дотоодын үйлдвэрээ дэмжээд явна. Эцсийн дүнд  таван жилийн дараа монголчууд гол нэрийн бүтээгдэхүүний 19 нэр төрлийг дотооддоо үйлдвэрлэдэг болох  нь чухал. Түүнээс хэн нэгэн ямар нэгэн ашиг хонжоо харж энэ төслийг батлуулах гээгүйг ойлгох хэрэгтэй. Мөн хүүхдийн өдрийн цай, хоолонд ч анхаараад явна гэлээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.45) 2022 оны 06 сарын 19

Үндсэн хууль бол заавал дагаж мөрдөх шүтээн. Шүтээнээрээ тоглож болохгүй. Хориотой, зөрчвөл устнана

0  |  0
Зочин(192.82.91.156) 2022 оны 06 сарын 18

Ард нийтийн санал асуулга явуулах ёстой ш дээ. М.ЭНхболдыгоо УИХ-д жагсаалтаар оруулах гэж Мөнхбат их зүтгэж байнаа.

0  |  0
Top