Монгол, Буриадын урлагийн боловсролын байгууллагууд хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

Монголын балетын хөгжил сан, Олон улсын балетын тэмцээн зохион байгуулах хорооноос Монголын олон улсын балетын хоёрдугаар уралдааныг энэ сарын13-15-ны өдрүүдэд УДБЭТ-ийн тайзнаа амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн уралдааныг тайз болон цахим хосолсон хэлбэрээр ОХУ, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Япон, ХБНГУ, БНСУ, БНХАУ, Испани, Куба, АНУ болон Монгол Улсын нэр хүнд бүхий олон улсын балетын шүүгчид урилгаар шүүн, шилдгүүдийг тодруулсан юм.

Монголын Алтан тайзнаа нэгэн дор Орос, Монгол, Украин, Беларусь, Америк, Өмнөд Солонгос улсын бүжигчид нэгэн дор гарч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын балетын урлагийг үндэслэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч, Балжиннямын Жамьяндагва багшийн амин судас нь цохилон орших түүний “Мөнхийн нөхөрлөл”-ийг бүжиглэж хүндэтгэл үзүүлсэн билээ.

Бүжгийн урлагийн энэхүү том баярыг эв найрамдал, нөхөрлөл, итгэлцэл, харилцан ойлголцол, харилцан хүндлэлийн үлгэрлэл болгож чадсан МУГЖ, Монгол Улсын Соёлын элч,"Монголын балетын хөгжил сан"-гийн тэргүүн Д.Алтанхуягаар хүмүүс бахархаж байлаа.

ОХУ-ын Буриад Улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна Дагаева Олон улсын II уралдааныг амжилттай зохион байгуулж, Буриад Улсын Ардын жүжигчид болох Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит Улаан-Үд хотын "Буриадын Бүгд Найрамдах Улсын бүжгийн коллеж"-ийн балетын бүжигчдийг урьж оролцуулсанд "Монголын балетын хөгжил сан"-гийн тэргүүн Д.Алтанхуягт талархал уламжлав. Талархлыг тус коллежийн захирал Доржо Васильевич Дугаржапов ёсоор болгосон билээ.

64 дэх жилдээ Монголын хүүхэд багачуудын оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын Хүүхдийн Ордны захирал Б.Цэнгэлмаа Д.В.Дугаржаповыг хүлээн авч уулзан, ОХУ-ын Буриад улсын Хүүхэд, залуучуудын ордон болон Буриад Улсын Ардын жүжигчид болох Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит Буриадын бүжгийн коллеж, Монголын Хүүхдийн Ордонтой хамтын ажиллагааны хүрээгээ тэлж, залуучууд руу чиглэсэн урлагийн боловсролын төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцов.

Үүний илэрхийлэл болон тун удахгүй Монголын Хүүхдийн Ордны бүжиг сонирхогч хүүхэд багачууд Улаанбаатар дахь “Русский Дом”-ын дэргэдэх Suvd Dance Studio бүжгийн сургуулиас зохион байгуулж буй Байгал нуурын аялал хосолсон зуны бүжгийн эрчимжүүлсэн сургалтад хамрагдахаар болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ нэг (202.9.46.63) 2022 оны 06 сарын 18

Хөөрхөн эрлийз балетчин охин бн. Мэдээж орос-буриад монголын эрлийз

0  |  0
Top