Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газраас хамтран зохион байгуулж буй "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022" арга хэмжээ үргэлжилж байна.
Өнөөдрийн тухайд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн худалдан авах ажиллагаанд оролцох боломжийн талаар сургалт, мэдээллийг өгч байгаа юм. Энэ үеэр тус үзэсгэлэнд оролцож буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан, сэтгэгдлээ хуваалцлаа. Тэд үзэсгэлэнд оролцсоноор шинэ үйлчлүүлэгчидтэй болж, бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах боломж бүрддэг гэдгийг онцолж байснаас гадна жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүйгээр энэ арга хэмжээнд хамруулж байгаад талархал илэрхийлж байв.
“Ариун баян шигтгэмэл” хоршооны дарга Г.Мөнхтуяа:
-Манайх подволк, монгол цамц буюу зөөлөн эдлэлийн чиглэлээр голчлон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Өрхийн үйлдвэрлэлийг олон жил хийж байгаа. Саяхнаас Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төслөөр хоршоо болон өргөжиж, гутал, арьсан эдлэлийн чиглэл рүү орон ажиллаж байна. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв тоног төхөөрөмжөөс эхлэн олон төрлийн сургалтад хамруулан, бүх төрлөөр дэмжиж байгаа. Энэ удаагийн дөрвөн өдрийн арга хэмжээнд оролцоход биднээс ямар нэг түрээс авахгүй байгаа тул орлого олох боломжтой гэж харж байна. Үйлчлүүлэгчид, иргэд маань ч маш өргөнөөр оролцож, бидний бараа бүтээгдэхүүнийг сонирхож байна. Бид ч иргэдэд үйлдвэрийн үнийг санал болгож байгаа.
Хан-Уул дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгч Н.Бадмаахүү:
-Бид арьсан гутлаар уг үзэсгэлэнд оролцож байна. Миний хувьд 1980-аад онд гутлын үйлдвэрт ажиллаж байсан. Одоо бол хувиараа үйлдвэрлэл эрхэлж байгаа. Манай бүтээгдэхүүнд хэрэглэж буй арьс нь вакумжуулсан, цэвэр монгол арьс. Хэлбэрээ алдахгүй, чийг татахгүй гэдгээрээ онцлог. Сүүлийн үед Итали технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Иргэд ихээхэн сонирхож, манай брэндийг таньж авч байна. Ер нь түрээсийн мөнгө авахгүйгээр, үзэсгэлэн арга хэмжээнд оролцуулан, олон нийтэд бараа бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгож байгаад талархаж байгаагаа илэрхийлье.
“Иромик” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Батбаяр:
-Манайх өнгөрсөн жилээс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа шинэхэн брэнд. “Ковид-19” цар тахлын үед хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалан сав, баглаа боодлын дутагдалд орж, хэсэг зогссон. Одоо буцаад хэвийн үйл ажиллагаандаа орчихсон ажиллаж байна. Бид Монгол хүмүүст зориулан бүх төрлийн хоолтой хамт хэрэглэж болох амтлагчийг бүтээн, оюуны өмчид бүртгүүлсэн. Дунд зэргийн халуун ногоотой болон халуун ногоо багатай гэсэн хоёр төрлийн амттай. Орц, найрлагад хатааж нунтагласан чинжүү, саримс зэрэг ордог. Саримс ихээр агуулдаг тул хүний эрүүл мэндэд тустай. Хүнсний аюулгүй байдалд анхааран шинжилгээний бичигтэй түүхийн эдүүдийг сонгож байгаа. Үйлчлүүлэгчид маань ч маш ам сайтай хэрэглэдэг. Өнөөдрийн үзэсгэлэндээ зориулан бөөний үнээр хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн бүх сүлжээ дэлгүүрээс манай бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.
“Mon petit” хүүхдийн хувцасны брэндийн үүсгэн байгуулагч Ц.Намуундарь:
-“Mon petit” хүүхдийн хувцасны брэндийг үүсгэн байгуулаад дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа эрхэлж байна. Өмнө нь өрхийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2022 оны гуравдугаар сараас эхлэн массын чиглэлээр үйлдвэрлэх боломжтой болсон. Бид хүүхдэд тухтай, амьсгалдаг хувцсыг үйлдвэрлэдэг. Өдөр тутмын болон гоёлын хувцас нь нейлонон, хүнд материалтай, ганган чамин загвартай байдаг тул хүүхдийг ихээр хөлөргөн, тухгүй мэдрэмж төрүүлдэг. Тиймээс тэр тогтсон хэв маягийг эвдэн, хувцас өмссөн ч өмсөөгүй мэт хөнгөн мэдрэмж төрүүлэх, сайтар амьсгалдаг, биед эвтэйхэн зөөлөн материалтай бүтээгдэхүүнийг гаргаж байгаа. Хамгийн сүүлд манайх хүүхдийн дээл гаргасан. Дээл гэхээрээ л торгон, хүнд материалтай байх албагүй. Тиймээс амьсгалдаг тухтай материалаараа хөнгөн, зөөлхөн дээл үйлдвэрлэж байна. Аль болохоор хүйс хамаарахгүйгээр буюу эрэгтэй, эмэгтэй хүүхэд аль аль нь өмсөх боломжтой загвар гаргахаар зорин ажиллаж байгаа.
“Сара” брэндийн үүсгэн байгуулагч П.Мөнхжаргал:
-Хоёр жилийн өмнө анх өрхийн үйлдвэрлэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Одоо бол хувьдаа урлантай, дэлгүүртэй болсон. Би өмнө нь гоо сайхны чиглэлээр бизнес эрхэлж байсан ч ээжийнхээ саналаар дотуур хувцасны загвар гарган, бүтээгдэхүүнээ хийж эхэлсэн. “Ковид-19” цар тахлын карантины үеэр бизнесээ эхлүүлж байсан бол өнөөдөр тодорхой хэмжээнд амжилттай ажиллаж байна. Дотуур хувцаснууд ихэвчлэн размерын сонголттойгоор худалдаалагддаг. Харин манайх килограммаар хэмжиж бүтээгдэхүүнээ гаргадаг. Манай үйлчлүүлэгчдийн 80 хувь нь байнгын үйлчлүүлэгч байдаг. Ийм үзэсгэлэн худалдаанд оролцохоор маш олон шинэ үйлчлүүлэгчтэй болж, бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах боломж нэмэгддэг.
Тус үзэсгэлэн арга хэмжээ нь Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )