“Монгол тэмээний өдөрлөг”-ийг Лондон хотноо зохион байгууллаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 06

“Монгол тэмээний өдөрлөг”-ийг Лондон хотноо амжилттай зохион байгууллаа.

Монголын говийн бүс нутгийн уламжлалт соёл, байгалийн гайхамшиг, нүүдэлчдийн өвийг сурталчлах, хөдөө аж ахуйн үндэсний брэнд бүтээгдэхүүнийг Европын зах зээлд таниулах зорилготой “Монгол тэмээний өдөрлөг” 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Их Британийн нийслэл Лондон хот-д боллоо.

Уг өдөрлөгийг “Торгоны замын тэмээ” төрийн бус байгууллага санаачлан зохион байгуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар,Өмнөновь аймаг “Ханбогд кашемир” ХХК болон бусад үндэсний үйлдвэрлэгчид, бизнесийн байгууллагууд дэмжин оролцов.

Өдөрлөгийн гол зорилго нь Монголын говь цөлийн байгалийн өвөрмөц дүр төрх, түүхэн өв, тэр дундаа хоёр бөхт тэмээний соёл, ач холбогдлыг олон нийтэд таниулах, тэмээгээр төлөөлүүлсэн нүүдэлчдийн өв соёлыг хадгалж үлдэхэд чиглэв.

Зохион байгуулагчдын зүгээс соёл, байгаль, нүүдэлчин өв уламжлалыг гадаадын зочдод танилцуулах цогц үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тодруулбал, монголын говийн байгалийн ховор тогтоц, түүхэн дурсгалт газруудыг танилцуулж, аялал жуулчлалын гарц, боломжуудын танилцуулав. Мөн монголын нүүдэлчин амьдралын хэв маягийг бодитоор тусгасан уламжлалт ахуй, зан заншлыг биечлэн мэдрэх боломжтой орчныг бүрдүүлжээ.

Монгол дархны ур ухаан шингэсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн сонирхуулахын зэрэгцээ “Ханбогд кашемир” ХХК-ийн хамт олон үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл болж, монгол ноолуурын чанар, загварын хэв маягийг илтгэсэн хувцасны шинэ коллекцын загварын үзүүлбэрээ танилцууллаа. Уламжлал ба орчин үеийн загварын чиг хандлагыг хослуулсан үзүүлбэр гадаадын зочдын сонирхлыг ихээр татаж байв.

“Монгол тэмээний өдөрлөг”-ийг зөвхөн нэг удаагийн арга хэмжээгээр зогсолгүй, Европын бусад улс оронд цувралаар зохион байгуулахаар болжээ. Ингэснээр Монголын уламжлалт соёлын өвийг олон улсад сурталчлах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг Европын зах зээлд нэвтрүүлэх, Монгол-Европын соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(59.153.112.105) 2025 оны 06 сарын 07

эр, эмгүй тэмээ шиг юмнууд оччихож, зардлыг ямар эх үүсвэрээс гаргасан бэ?

0  |  0
Close menu