Монгол Улс Харбины олон улсын худалдаа, эдийн засгийн үзэсгэлэнд зочноор оролцлоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 06

Монгол Улс Харбины олон улсын худалдаа, эдийн засгийн үзэсгэлэнд зочноор оролцлоо.

Харбин хотын олон улсын худалдаа, эдийн засгийн үзэсгэлэнд Монгол Улс зочноор оролцлоо. Манай талаас Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран дотоодын аж ахуйн нэгжүүдээ зохион байгуулж тус арга хэмжээнд оролцсон юм.

Харбин хот нь БНХАУ-ын Хармөрөн мужийн нийслэл бөгөөд 11 сая гаруй хүн амтай хот юм. Хүйтэн, эрс тэс уур амьсгалтай тул жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр мөсний фестиваль зохион байгуулдаг ажээ. Хармөрөн муж нь улсдаа алт, бал чулууны олдвороор тэргүүлдэг ба уул уурхайн салбар эдийн засагт нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн цэвэр, үржил шимтэй хөрстэй тул үр тариа үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг аж. Сүүлийн үед эко хүнс үйлдвэрлэлийг хөгжүүлж, сүү, будаа, шар буурцаг үйлдвэрлэл нэмэгдэж байна. БНХАУ нь Зүүн хойд мужууд, тэр дундаа Хармөрөн мужаа хөгжүүлэх бодлого баримталж, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, хүнс боловсруулалт, эрчим хүч, нефть химийн үйлдвэрлэлийг өргөжүүлэхээр зорьж байгаа ажээ.

55,000 мкв талбайд зохион байгуулагдаж байгаа Харбины олон улсын худалдаа, эдийн засгийн үзэсгэлэнд 33 улсын 1400 компани оролцож буй. Монгол Улсаас ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Кашмер Холдинг ХХК, Монгол Кашмер ХХК, Ноён Кашмер ХХК, Индэрт Кашмер ХХК, Пашмина ХХК, Хангал Кашмер ХХК, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Говидара ХХК, арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч И зи лийдэр ХХК компаниуд оролцсон.

Тус үзэсгэлэнд оролцсон Монголын компаниудын сэтгэгдэл өндөр байгаа бөгөөд Харбин хотод Монголын бүтээгдэхүүнийг сонирхол өндөр байгааг онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu