Зуны дэлгэр сайхан цагаар хүмүүс байгалийн тансагийг мэдрэхээр хөдөөг зорих цуваа тасардаггүй. Тэгвэл тэрхүү байгалийн цогцлыг хашаандаа бүрдүүлсэн иргэн Ц.Энхбаатартай уулзахаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо буюу бидний нэрлэж заншсанаар Сэлхийг зорилоо.
Зорьсон айлынхаа хашаанд очиход үнэхээр үй зайгүй ногоон төглөөс гадна элсээр дүүргэсэн модон сүүдрэвчинд хүүхдүүд тоглож, баруун талд хүлэмжинд нарийн ногоо ургаж, савлууртай сандалд хүмүүс ярилцан тухалж, усан оргилуур агаар сэлгэн оргилж, урд болон баруун талаар битүү модод шуугиад дутуу зүйл алга.
Товчхондоо тус айлын орчин бол хүний гараар бүтсэн цогц байгаль юм. Тэдний хашаанд хөл тавихаас өмнө гудамжны амаар ороход л улиас мод, машины дугуй өндөрлөн суурилж тарьсан өнгийн цэцэгс нүдэнд тусаж байсан нь аанай л Ц.Энхбаатарын “бүтээл” аж. Уг нь тэр ШУТИС-ийн доктор, профессор, багшаар ажилладаг хүн гэнэ. Ийнхүү цогц “бүтээл”-ийн эзэн биднийг “Хашаандаа сайхан амьдрахаас гадна гудамж, хороогоороо сайхан амьдрахыг зорилгоо болгох хэрэгтэй” хэмээн угтсан юм. “Өөдлөх айлын өнгө үүднээсээ” гэдэг яах аргагүй энэ ажээ.
20 ГАРУЙ НЭР ТӨРЛИЙН 500 ОРЧИМ МОДЫГ УРГУУЛСАН
Ц.Энхбаатар 2007 оныг хүртэл Улаанбаатар хотын хөрсний бохирдол, утаа ихтэй бүс болох Баянбүрдэд амьдарч байжээ. Тиймээс цэвэр агаар, эрүүл, тохитой орчинг өөрийн гараар бүтээхээр Сэлх зусланг зорьсон байна. Ийнхүү нүүж ирсэн даруйдаа Увс аймгаас чацарганы мод авчирч байжээ. Ой модны инженер мэргэжилтэй учир ямар мод зохицох талаар судалж үзээд хүйтэнд тэсвэртэй, арчилгаа бага шаарддаг чацарганы модыг сонгосон хэмээв. Анхны авчирч тарьсан мод нь гоё ургаад эхэлсэн тул түүнээсээ урам авч модоо төрөлжүүлсэн байна.
“Би олон мод тарихыг зорилго болгодоггүй юм. Тарьсан мод болгоноо л ургуулахыг зорьдог. Таван мод тарилаа гэхэд нэгийг нь ч үхүүлэхгүй ургуулах нь л чухал” хэмээн өгүүлж байв.
Тэднийх 20 гаруй нэр төрлийн 500 орчим модыг 15 жилийн хугацаанд хашаандаа ургуулсан байна. Монголд таван төрлийн шилмүүст мод ургадаг. Үүнээс нарс, шинэс, гацуур, хуш зэрэг дөрвөн төрлийн модыг тарьжээ. Гацуур модны боргоцой цилиндр хэлбэртэй ургасан байгаа нь ихэд анхаарал татаж байв.
Тэрээр “Мод бүхэн түүх өгүүлдэг. Анх хоёр гацуур авчраад тарьсан ч төд удалгүй үхчих шиг болохоор нь нэгийг сугалаад хаячихсан. Тэгсэн хоёр жилийн дараа үлдсэн гацуурынх нь хатсан ишнээс дахин шинэ иш салаалаад ургачихсан” гээд ихэд хөөрөн ярьж байлаа. Жимсээ өгдөг бутнууд бол арчилгаа ихээхэн шаарддаг. Үхрийн нүдний бутыг хавар цас орох үед даарчих байх гээд хөнжил, гудсаа гаргаж ирээд хүүхэд өлгийдөж байгаа юм шиг л ороодог гэв. Ийнхүү тойглож байж жимсээ өгдөг байна. Түүний ач охин нь үхрийн нүд жимсээ өгөөд эхлэхээр өөрөө түүгээд л идчихдэг гэнэ. “Хүүхэддээ жимс түүж өгөх биш, жимс түүх аргыг зааж өгөх хэрэгтэй. Эхэндээ түүж идэж чадахгүй гараа хатгуулна. Сүүлдээ өөрөө түүж иддэг болно. Бэлэнчлэх сэтгэлгээ суулгаж болохгүй” гэж зөвлөсөн юм.
Мөн “Бургас мод маань одоогоор 3-4 метр өндөр ургаж байна. Гурван бургасыг ойрхон гурвалжилж тарьсан. Учир нь хооронд нь сүлжээд, сүүдрэвч болгох бодолтой байгаа. Мөн сандал, ширээ хийж сүүдрэвчний доор байрлуулна” гэв. Хашаанд байгаа саравч, сүүдрэвч, савлууртай сандал, усан оргилуурыг бүгдийг өөрийн гараар бүтээсэн бөгөөд 30 градусын халуунд усан оргилууртаа өөрөө ороод хэвтчихдэг гэнэ. Усан оргилуураа төрсөн нутгийнхаа Хяргас нуурын хэлбэрийг дууриалгаж хийсэн гэдгээ бахдангуй дурссан. Үүнээс гадна тэхийн шээг, шар хуайс зэргийг бөөрөнхий хэлбэрт оруулан засахын зэрэгцээ алимны модыг хоёр жилийн өмнө тарьсан боловч хараахан жимсээ өгөөгүй байна. Тус мод нь хүйтэнд тэсвэргүй учир маш удаан ургаж байгаа аж. Гадаа ил талбайг хайрцаглан дөрвөлжин хэлбэрт оруулжээ. Үүнд жилийн хэрэгцээний нарийн ногоо болох салатны навч, ногоон сонгино, байцаа зэргийг тарьж, хашаандаа худгаа ухаж усны асуудлаа шийдсэн аж. Ногоо, модоо услах усаа нэг тонны цагаан саванд хийж хонуулаад бүлээвтэр болохоор нь усалдаг байна. Машин зогсох багахан хэмжээний зай үлдээгээд хоёр талаар нь хашаалаад гоёлын модод, цэцгийн саванд цэцэгс ургуулан тавихын зэрэгцээ боролзгоны шар цэцэг байгалиараа ургасан нь нүдэнд онцгойрон тусна.
ХОНИНЫ НООСООР ХИЙСЭН БОРДООГООР МОДОО БОРДСОН
Модоо борддог эсэхийг асуухад “Хонины ноосоор хийсэн бордоо энэ жил гарсан байна. Үрэл шиг бөөрөнхий. Энэ бордоогоор тавдугаар сард бордсон. Үйлдвэрлэж байгаа компанитай нь гэрээ хийгээд ямар үр дүн гарахыг судалж байгаа. Намар туршилтын үр дүн гарна. Хонины ноос өөрөө экологийн бүтээгдэхүүн учраас ямарваа нэгэн сөрөг нөлөө байхгүй” гэсэн юм. Ц.Энхбаатар зөвхөн хашаандаа бус гудамж, ойр орчимдоо улиас мод суулгасан нь сайхан ногоорчээ. Өмнө жил ойр орчмын оршин суугчид хамтраад замаа засаж сайжруулаад, гүүр барьснаа дуулгаж байв. Урьд өмнө бороо орохоор жижиг машинууд гарч чадахгүй, шаварт суучихдаг байжээ.
Тиймээс Ц.Энхбаатар “Хашаандаа сайхан амьдрахаас гадна эргэн тойрон, хүрээлэн буй орчиндоо сайхан амьдрах зорилго тавиад байна. Сүүлийн үед хашаанаасаа гараад гудамжаа ногоон, тоосгүй сайхан орчин бүрдүүлэх гээд улиас мод тарьсан байгаа. Тиймээс Нийслэлийн байгаль орчны газраас “Идэвхтэн байгаль хамгаалагч” үнэмлэх өгсөн” гээд цааш Гүнжийн булаг хэмээх рашааны зүг явлаа.
МАЛ БАЙЛГАНА ГЭВЭЛ БИД ЭНД МОД ТАРИАД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ
Гүнжийн булаг хэмээх газарт хоёр дахь жилдээ мод тарьж байна. Булгаа дагуулаад мод тарих, ундарга усыг хамгаалах ажлыг оюутан залуус, мод тарьдаг хүмүүстэй хамтарч хийсээр нийт 5000 орчим мод тарьжээ. Гүнжийн булгийн энд улиас мод байгалиасаа ургадаг. Уг булаг хоёр ундрагатай байх бөгөөд, чулуун доороос хүйтэн ус гарч байв. Өмнө жил усны шинжилгээнд булгаас ундарч буй усыг шинжлүүлж үзэхэд “чанартай, маш сайн ус” гэж тогтоосон. Энэхүү ус ходоодонд маш сайн. Хотод мал байж болохгүй гэдэг ч энэ хавиар үхэр, адуу орж ирээд тарьсан модыг хугалаад байдаг. Уг нь энд мод ургах дуртай байдаг. Энэ газрыг Дарь-Эхэд байдаг газар шиг болгох гээд мөрөөдөж модоо тарьдаг. Намар дахиж өндөр мод тарина. Тэгэхгүй бол намхан мод тарихаар үхэр идчихээд байна. Малтай айлуудад хэлээд, цагдаад хандаад дийлдэггүй юм. Мал байлгана гэвэл бид энд мод тариад байх шаардлагагүй. Хэрвээ мал байлгахгүй гэвэл эндээ бид нар модоо таръя гэдэг.
Энд дороосоо байнгын устай болохоор мод ургахгүй байхын аргагүй. Булгийн уснаас шанагаар хутгаж авахад яг л тэр хэмжээгээрээ эргээд ундраад гардаг. Өвөл болохоор ус нь халиад тэр чигээрээ хөлддөг. Тэгээд уур савсдаг. Ч.Галсан гэж зохиолч олон газарт мод тарьсан. Тэдний хүүхдүүд болох Г.Алтайхүү, Г.Ганхуяг бид нар хамтраад Гүнжийн булгийг ойтой болгохоор зорьж байна. Өнгөрсөн намар Ч.Галсан нэг сая дахь модоо энд ирж тарьсан. Би эндээ өвөл, зунгүй байдаг болохоор тарьсан модыг нь арчилж, хамгаалж байдаг.
ЗУРГААН ШИРХЭГ СУУЛГАСАН НАРСЫН ГУРВЫГ НЬ УХААД ЯВЧИХСАН
“Хоёр долоо хоногийн өмнө зургаан ширхэг нарсыг булгийн хашааны зүүн талд тарьсан боловч нэг шөнө гурвыг нь ухаад аваад явчихсан байсан. Ингэж авсан мод ургах болов уу даа. Мөн хавар модоо тарих гээд “Хово” машинаар хоёр дахиж хар шороо авчирч буулгасан. Тэгсэн шөнө ирээд ачаад аваад явчихсан байсан. Нэг нь мод тарих гээд мөнгө гаргаад байдаг, гэтэл зарим мунхаг хүмүүс ирээд ачаад явдаг. Энэ байж болох явдал уу” гэж гутрангуй өгүүллээ. Булгийн хашаан дотор хоёр талаараа нарийн төмөртэй, модон шалтай явган хүний замыг Сүхбаатар дүүргээс 5-6 жилийн өмнө төсөлд оруулж хийжээ. Гэвч моднууд нь өвлийн үүссэн халианд салаад, урсаад алга болсон гэнэ. Мөн хогны сав нь нимгэн цаас шиг төмөртэй, хэзээ мөдгүй салаад унах шахсан нь харагдана. “Би энд ийм юм хэрэггүй. Байгалийг байгалиар нь л байлгая гэж хэлээд байгаа. Сүүдрэвч, сандал байрлуулчихаар архичид нь ороод архидаад байдаг” гэлээ.
ХҮЛЭМЖИНД ТАРЬСАН МОДНЫ СУУЛГАЦАА ҮНЭГҮЙ ӨГНӨ
Тог цахилгаантай, автобус унаа явдаг, халаалт, цэвэр бохироо шийдээд өгвөл бусдыг нь хүн өөрийнхөө хөдөлмөрөөр бүтээж болно. Байранд амьдрахаас илүү сайхан. Гүний худагтай. Дотроо дүш, ариун цэврийн өрөө, бойлертой. Гадна талдаа бохирын цооногтой. Бохир хөрсөнд нэвчихгүй. Ам бүл цөөн учир хоёр сард нэг удаа бохироо соруулдаг. Хүлэмжиндээ бүйлс, гүйлс, монос, агч гэсэн модыг үрээр нь тарьж ургуулсан. Дараа жил гадаа суулгац болж таригдана. Тус суулгацаа мод тарих чин хүсэлтэй, ургуулаад арчилж чадах хүнд үнэгүй өгнө. Би өөрөө энэ бүх модыг мөнгөөр нь авч байсан. Мод тарьж, ургуулахад стресс тайлагдаж байдаг. Ажлаасаа ядарч ирээд модоо услах, арчлах хооронд л сэтгэл санаа амар амгалан болсон байдаг. Тарьсан модоо харж, сэтгэлийн таашаал авах шиг жаргал байдаггүй хэмээн өгүүлсэн юм.
Л.ХОНГОРЗУЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )