АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал, Анагаах ухааны доктор Л.Баттүвшинтэй ярилцлаа.
-Шинжлэх ухааны академийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Олон улсын тархи судлалын байгууллагатай хамтран “Салбар дундын тархи судлал-2022” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулж байгаа. Тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй тус хурлын ач холбогдол нь юу вэ?
-Тархи судлалын шинжлэх ухаан дэлхий даяар хөгжиж, нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө нь өсөж байгаа энэ үед тархи судлалын чиглэлээр мэдлэг, боловсрол олгох боломж манай улсад байхгүй. Аль ч их сургуульд төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын хөтөлбөрт тархи судлал гэх мэргэжил байхгүй. Тиймээс уг шинжлэх ухааныг Монголд хөгжүүлэхийн тулд зайлшгүй сургалт явуулах шаардлагатай. Энэ сургалтыг Дэлхийн тархи судлалын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр тав дахь жилдээ зохион байгуулж байна. Уг сургалт нь тархи судлалын чиглэлээр албан ёсоор сургаж буй Монголын цор ганц сургалт юм.
Энэхүү сургалтын хичээлийн хөтөлбөрт Тархи судлалын үндсэн арга, лабораторийн арга техник болох молекул биологийн, эс судлал, эмгэг судлалын шинжилгээний аргууд багтдаг. Мөн тархи судлалтай холбоотой эмнэл зүйн шинэлэг арга технологиудыг суралцагчдад заадаг. Онолын сүүлийн үеийн ололт амжилтуудад тулгуурласан лекцүүдийг ч заадаг. Бид өөрсдөө судалгаа хийж чадахгүй учраас өрөөлийн ололт, амжилт, судалгаануудыг мэдсэнээр дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжтой. Зарим шинжлэх ухааны салбар Монголд хөгжих боломжгүй. Тухайлбал, пуужингийн болон нисэх онгоцны технологи гэх мэт. Тархи судлал нь үүнтэй ижил олон жилээр хоцорсон учраас бусад улсын арга техник, онолын үндсийг бид мэдэж байх шаардлагатай. Цөөн тооны мэргэшсэн монгол судлаачид болон гаднын томоохон их дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх судлаачдыг урьж, хичээл заалгадаг.
-Тархи, сэтгэл судлалын хүрээлэнг хэрхэн, яагаад байгуулахаар болсон талаар товчхон ярихгүй юу?
-Ерөнхийлөгчийн ивээл дор 2018 онд “Тархи судлалыг хөгжүүлье” олон нийтэд зориулсан сургалт, хурлыг анх удаа зохион байгуулсан. Энэ үеэр Төрийн ордны Их танхимд Нобелийн шагналтны лекцийг зохион байгуулсан юм. Тархи судлалын шинжлэх ухааны чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн Норвеги улсын эрдэмтэн Эдвард Мозер урилгаар ирж, өөрийн нээлтийн талаар бидэнтэй хуваалцсан. Энэ үеэр Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал зэрэг удирдах албан тушаалтнууд Монгол Улсад тархи судлалын шинжлэх ухаан хөгжих шаардлагатай учраас хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Энэ арга хэмжээний дараагаар анхны судалгааны хүрээлэнг АШУҮИС-д байгуулж, үндэсний хэмжээний судалгааны хүрээлэнг Засгийн газрын тогтоолоор 2021 онд байгуулсан. Энэхүү хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 12-ны өдөр албан ёсоор хийнэ.
-Тархи судлал бол манай улсын хувьд шинжлэх ухааны шинэхэн салбар юм байна. Тэгвэл анх хэдий үеэс бид тархины талаар судалж эхэлсэн юм бэ?
-Монголын эзэнт гүрний үед цэргүүд дайны цагт толгойдоо их бэртэл авч байсан. Тэр үеийн эмчилгээний аргыг бичсэн XVI-XVII зууны үеийн бүтээлүүд байдаг. Шинжлэх ухааны бус аргыг ашигласан ч гэлээ тухайн үед хүлээн зөвшөөрсөн, дэвшилтэт аргуудыг эрүүл мэндэд ашиглаж байсныг батлах сурвалж бичгүүд, баримтууд бий. Жишээлбэл, гавлын ясыг өрөмдөх, цоолох, ханах, тархи толгой гэмтсэн хүнийг чиг барьж боох гэх мэт аргууд шинжлэх ухаан хөгжихийн өмнөх үеийн тархи судлалтай холбоотой баримтууд юм. Харин тархи судлалын шинжлэх ухааны үндсийг 130-аад жилийн өмнө буюу 1890-ээд оны үеэс эхтэй гэж үздэг. Цаг хугацаа өнгөрөх тусам тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд бүхий л салбарын шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглаж байна. Жишээлбэл, генетикийн инженерчлэл, молекул биологийн бүхий л тоног төхөөрөмж, вирус судлал, хиймэл оюун ухаан зэргийг ашиглаж байгаа.
Монгол Улсын хувьд Шинжлэх ухааны академи байгуулагдсанаас хойш их сургуулиудад электрофизиологийн тэнхмүүдийг байгуулсан. Үйл ажиллагааг судалдаг, анхны судалгааны ийм лабораториудыг байгуулж байсан юм. 1990-ээд он гарахтай зэрэгцэж, санхүүжилт зогсож, эргэж сэргэж чадаагүй. Тиймээс 2014 онд тархи судлалын чиглэлээр төгссөн залуу эрдэмтэд нийлж, Монголын нейросайнсын нийгэмлэгийг байгуулсан. Энэ нийгэмлэгээр тархи судлалын хөгжлийн эхэн үе бий болсон хэмээн хэлж болно.
-Нобелийн шагналт Испанийн эрдэмтэн тархи судлаач Р.Кхалыг анхдагч гэдэг байх аа?
-Тухайн үед бичил биетэй зүйлсийг харах боломжтой тоног төхөөрөмжийг бүтээсэн үе байсан юм. Микроскопыг ашиглаад тархин дотор юу байгаа вэ гэдгийг анх удаа дурандаж үзсэн үе. Тархи юутай холбоотой, түүний үйл ажиллагаа юу болох, түүний бүтэц нь ямар байдаг талаар тогтоож чадаагүй байсан. Ингэж микроскопыг ашиглаад мэдрэлийн эсийг олсон. Их тархи нь бор бодистой, цагаан бодисууд нь мэдэрлийн эс нийлсэн судас шиг зүйл байдаг, эс нь арзгар, нарийн зохион байгуулалттайгаар хэд хэдэн үе болж байршдаг, хоорондоо холбогддог зэрэг мэдээллийг микроскопын тусламжтайгаар олсон гэсэн үг. Ингэснээр тархи судлалын шинжлэх ухаан үүссэн гэж үздэг. Гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь Испанийн нэрт эрдэмтэн Р.Кхал, Италийн эрдэмтэн Камилло Голги нар юм.
-Тархи судлал гэдгийг энгийнээр тайлбарлавал?
-Хүн өөрөө өөрийгөө судлах үйл ажиллагааг тархи судлал хэмээн нэрлэдэг. Мэдрэлийн тогтолцооны бүтэц, үйл ажиллагаа, тэдгээрийн эмгэг, шалтгаан, механизмуудыг судална гэсэн үг. Тархи хэрхэн бие махбодыг удирддаг, бие махбод нь хэрхэн тархинд нөлөөлдөг талаар судлах юм.
-Танай салбарын хувьд хүний нөөцийн хүртээмж хэр байгаа вэ?
-Улсын хэмжээнд нийт 10 гаруй тархи судлаач бий. Докторын эрдэм шинжилгээний ажлаа энэ чиглэлтэй холбоотойгоор хамгаалсан гэсэн үг. Цэвэр тархи судлаач хүн маш ховор. Бусад улс оронд стратегийн зорилготой, төрийн өндөр дэмжлэгтэйгээр хөгжиж буй шинжлэх ухаан юм. Цөмийн энергийн судалгаа, сансар судлал гэх мэт шинжлэх ухаанаар өрсөлдөж буй их гүрнүүдийн дараагийн өрсөлдөж буй сэдэв нь тархи судлал болсон. Тиймээс одоо ч, ирээдүйд ч энэ салбарын мэргэжил эрэлттэй байна.
-Судалгаа, шинжилгээг хөгжүүлэхэд маш их санхүүжилт хэрэгтэй. Манай улс шинжлэх ухааны салбартаа хөрөнгө оруулдаггүйгээрээ алдартай шүү дээ?
-Бүхий л суурь судалгаа баялаг бүтээхгүй, мэдлэг бүтээдэг. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх үр дүнг нэхэж, шаардах боломжгүй. Нийт ард түмний боловсролын түвшин доогуур байгаа нөхцөлд шинжлэх ухааны хөгжил ийм л байдаг. Мозамбик, Бангладеш, Шри-Ланка зэрэг улс ч манайхтай ижил нөхцөлд байгаа. Буурай хөгжилтэй улс бүр дотоодын нийт бүтээгдэхүүний 0.1-0.2 хувийг шинжлэх ухааны салбартаа хөрөнгө оруулдаг. Орлого нь нэмэгдэж буй улс бүр дотоодын нийт бүтээгдэхүүний 2-3 хувийг шинжлэх ухаандаа зарцуулдаг. Орлого нэмэгдэх тусам шинжлэх ухааны салбарын санхүүжилт дагаад өсөж байх ёстой. Манай улсын хөгжил буурай байгаагийн өөр нэгэн шалтгаан нь шинжлэх ухаандаа хөрөнгө оруулдаггүйтэй холбоотой юм.
Нэгдүгээрт, хөшөө барилга, чанаргүй барилга бариад жил бүр их засвар хийх, авлигад идэгдсэн засаглал гэх мэт системийн алдаанаас болж шинжлэх ухааны санхүүжилт нь бага. Хоёрдугаарт, санхүүжилтийн систем нь тунгалаг биш. Энэ мэтээр дурдаад байвал Мозамбик, Бангладеш, Шри-Ланка, манай улс дөрөвт ижил зүйлс олон бий. Тиймээс л бид ядуу, тэд ч ядуу амьдарч, цөөн тооны хүмүүс баяжаад байгаа юм. Гэвч сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны салбарт хүмүүс хөрөнгө оруулах нь нэмэгдэж байгаа.
Хиймэл оюун ухааныг судлах, сонирхох нь дэлхий даяар нэмэгдсэн. Энэ салбар зөвхөн тархи судлалын шинжлэх ухаантай холбоотой салбар байхаа больсон. Программчлал, хэрэглээний математик гэх мэт олон шинжлэх ухааны зааг дээр хөгжиж байгаа юм. Мөн хэрэглээний шинжлэх ухаан, суурь шинжлэх ухаан гэж бий. Суурь шинжлэх ухаан бол шинэ мэдлэг үүсгэж, хэрэглээний шинжлэх ухаан тэр үүсгэсэн мэдлэгийг баялаг болгодог зүйл. Баялаг гэдгийн цаана бизнес буюу эдийн засгийн хөгжил дагаж явдаг. Манай улсад суурь шинжлэх ухааныг бодлогоор дэмжиж, ажилладаггүй. Тиймээс хэрэглээний шинжлэх ухаан түлхүү хөгжих чиглэл ажиглагддаг. Гэвч суурь шинжлэх ухаанаас дутахааргүй дэмжлэггүй. Цаашдаа хоёр хөрштэйгөө өөрсдийгөө жишиж, харьцуулж, шинжлэх ухаанаа хөгжүүлж явах хэрэгтэй.
-Бидний ярилцлага тархи гэх түлхүүр үгний эргэн тойронд өрнөж байгаа. Тэгвэл тархи гэж юу вэ?
-Мэдрэлийн тогтолцооны гол чухал эрхтэнг тархи гэдэг. Тархи гэдэг нь мэдрэл, хөдөлгөөн, хэл яриаг хариуцсан зүйл хэмээн олон жилийн өмнө тодорхойлсон. Харин сэтгэл, оюун ухааныг тархины нэг хэсэгт, зүрхэнд, эсвэл биенд энерги мэт байдаг зүйл хэмээн олон янзаар тодорхойлсон байдаг. Би ямарваа нэгэн санааг гаргасан бол түүнийгээ баталж чадвал шинжлэх ухаан болох юм. Баталж чадахгүй бол санаанаасаа зохиосон үг болно. Олон жилийн турш санаагаа баталж чадсан хүмүүсийн ачаар шинжлэх ухаан өнөөдрийг хүртэл хөгжсөөр байна. Тархины бүтэц үйл ажиллагаа сэтгэл буюу оюун ухааныг гаргадаг хэмээн тархи судлалын шинжлэх ухаан бидэнд өгсөн.
Үүнийг Нейроны онол гэдэг. Нейрон гэдэг нь мэдрэлийн эс. Мэдрэлийн эс бол бусад эсүүдийн үйл ажиллагааг зохицуулдаг эс. Тархи бол мэдрэлийн эсүүдийн бөөгнөрөл, нарийн зохин байгуулалттай, олон янзын үүрэг, бүтэц зохион байгуулалттай нийлмэл эрхтэн юм. Хүмүүс ойлгомжтойгоор тархийг гурав ангилъя. Хүний бага тархины бүтэц бусад хөхтөн амьтны бүтэцтэй ижил. Бидний их тархи гурван сая жилийн дотор томорсон. Их тархи бага тархийн завсар байгаа тархийг завсрын тархи хэмээн нэрлэе. Таван мэдрэхүйгээрээ авч буй мэдээллийг боловсруулж, анализ хийж, их тархины тушаалыг гүйцэтгэдэг тархийг завсрын тархи хэмээн нэрлэж байгаа юм.
-Харах, сонсох, хэл ярианы бэрхшээлтэй иргэд тархины гэмтлийн улмаас ийм байдалд хүрсэн бол үүнийг эмчилж болно гэсэн үг үү?
-Сүүлийн үед хараагүй амьтныг хараатай болгосон тохиолдол бий. Төрөлхийн хараагүй амьд биет байлаа гэж бодъё. Харааны мэдрэлийн эсүүд ажиллагаагүй байхад нь цочрол өгснөөр ямар нэг зүйлийг мэдэрч эхлэх юм. Ийм байдлаар эмчлэх боломжтой. Мөн бид хэт ягаан туяаг харж чадахгүй. Харин арьсанд илрэх байдлаар нь мэдэрч болно. Гэтэл хувиараа тархи судалдаг хүмүүс өөрийн бие дээр туршилт хийж эхэлсэн. Хэт ягаан туяаг мэдэрдэг ялтас бий. Хэт ягаан туяа тусах үед нь хар өнгөтэй болдог. Гэтэл өөрсдийгөө киборг хэмээн нэрлэсэн хүмүүс гарч ирсээр байгаа. Киборг хүмүүс толгойн дээрээ антеннатай. Тухайн антенны нэг хэсэгт ялтсыг байрлуулж, нөгөө хэсгийг нь тархины өнгө мэдрэх хэсэгт байрлуулдаг. Хэт ягаан туяа тусах үед ялтас идэвхжиж, сэрэл, дохиог өгнө. Өнгө мэдрэх хэсэгт очсон дохиог эхэндээ мэдрэхгүй ч яваандаа мэдэрдэг болох юм. Бүр өнгийг нь ялгаж харах боломжтой. Үүнийг өнгөнөөс гадна дуу авиа мэдрэх хэсэгт байрлуулж болдог.
-Сарьсан багваахай, зарим могой дулаан мэдэрдэг. Киборгийн жишээтэй ижлээр дулаан мэдрэх электродыг хүний тархинд байрлуулснаар тэдгээр амьтадтай ижил амьд биетийн дулааныг мэдрэх боломжтой гэдэг юм билээ?
-Тийм ээ. Дулааныг мэдрэх буюу инфро улаан гэрлийг электрод, ялтсын тусламжтайгаар хүн мэдрэх боломжтой. Тэгэхээр харанхуйд харах боломжтой. Хэн ч зугатаж, нуугдаж чадахгүй гэсэн үг. Ийм төрлийн киборг ч бий.
Элон Маскын “Neuralink” компани сармагчин дээр туршилт хийж, улмаар тухайн сармагчингууд бодлоороо тоглоом тоглодог болсон. Энэхүү туршилтыг хүн дээр хийе гэхэд олон мянган хүн тус компани руу холбогдсон байх жишээтэй. Бидний хувьд тус компани шиг ялтас хийж чадахгүй. Гэвч монголын анхны киборг болж, сайн дураар туршилтад орох хүсэлтэй хүн гарч ирвэл шаардлагатай тоног төхөөрөмжийг хангаж, Шведээс ялтсыг нь авч, маш нарийн кординатаар хийх боломжтой. Тархинд суулгахад маш нарийн зүү шаардлагатай юм. Тэр зүү нь бүрхүүлтэй. Бүрхүүл нь хүнд харшил үүсгэхгүй. Зүүний үзүүрт тодорхой хэмжээний зузаантай эс бий. Тэрхүү эс дээр мэдээлэл өгөх боломжтой электрод байх юм. Одоогийн нөхцөлд бол киборг болохоор сонирхож ирсэн хүн байхгүй.
-Тархи ядарч байна гэх ойлголт байдаг. Үүнийг шинжлэх ухаанаар хэрхэн тайлбарладаг вэ?
-Тархи амархан ядардаг эрхтэн. Тархийг амрах ёстой цагт нь амраахгүйгээр ажиллуулаад л байхыг тархины марафон хэмээн нэрлэдэг. Үүнээс болж тархины ядрал үүсдэг. Айдас, түгшүүр, санаа зовнилоос шалтгаалж хэтэрхий их зүйлийг бодсоор байгаа нь тархийг ядраахад хүргэдэг. Нэгэнт тархи ядарч эхэлсэн бол амраахад хэцүү. Ийм үед нойрны эм ашигладаг ч хамгийн хэрэгтэй зөвлөгөө бол амьсгалаараа зохицуулах явдал юм. Амьсгалын хэмнэлийг мэдрэхэд бүхий л анхаарлаа төвлөрүүлэх нь тархины ядралаас сэргийлнэ. Үүнийг НАСА-гийн зөвлөх инженерүүд сансрын нисгэгчиддээ үргэлж зөвлөдөг.
-Тархины мэдрэлийн эс нөхөн төлжих үү?
-Хүн төрөлхтний хамгийн том асуудал бол үхэл. Үхлийн шалтгаан нь хөгшрөлт. Хөгшрөлтийн шалтгаан нь тархины эсийн үхжилт. Тархины эсүүд байнгын идэвхжилийг шаардана. Тархи ямар нэгэн байдлаар эсүүдээ алддаг. Алдсан эсүүд эргэн нөхөгдөхгүй учраас зөнөгрөх, хөгшрөх үйл ажиллагаа эрчимтэй үргэлжлэх юм. Зөнөгрөл гэдэг бол биологийн үйл ажиллагаа. Үүнээс сэргийлэхийн тулд байнгын нийгмийн харилцаанд оролцох шаардлагатай. Гэхдээ хэт их стрессийг үүсгэхгүй харилцаанд оролцох хэрэгтэй. Ой тогтоолттой холбоотой эс нөхөн төлждөг. Харин ой тогтоолтын эсийн өсөлт зогсвол мартах үйл ажиллагаа эхлэх юм. Үүнд хамгийн ихээр өртдөг хүн бол улстөрчид. Тэд хэт их нийгмийн харилцаанд оролцож байгаад болих нь энэ байдал руу ороход хамгийн ихээр нөлөөлдөг.
-Тэгвэл цар тахал биднийг үнэхээр мартамхай болгож байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Цар тахал бидний биеийн мэдрэлийн эс рүү нэвтэрч орохгүй ч гэсэн дархлааны асар том өөрчлөлт, үрэвслийг бий болгосон. Тогтолцооны үрэвслийг бий болгосон гэсэн үг. Тогтолцооны үрэвсэл нь мэдрэлийн ядаргааг үүсгэж байгаа. Тэнд бичил үрэвслүүд үүссэн гэсэн үг. Энэ ядралт нь өмнө нь халдварт өвчнөөр өвчилсөн, хууч өвчинтэй, сэтгэл зүйн айдас, гэмтэлтэй хүмүүст түлхүү ажиглагддаг.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )