Б.Гасрандорж: Иргэдтэйгээ нэгдэж “Гурвансайхан” компанийн зөвшөөрлийг цуцлах хүртэл тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 24

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй “Гурвансайхан” компани  болон малчид хоорондын зөрчилдөөн улмаар тэмцлийн байдалд шилжээд байгаа билээ. Тус компани нь энэ сарын эхээр уран олборлох зорилгоор найман өрөм ажиллуулж эхэлснээр малчид өрмийг нь зогсоохоор уйгагүй эсэргүүцжээ. Гэтэл харуул хамгаалалт гаргаж нутгийн иргэдэд хүч хэрэглэж бэртээж гэмтээж буй асуудал хөвөрсөн. Нөхцөл байдлын талаар Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандоржтой ярилцлаа.


-Өлзийт сумын иргэд уран олборлохыг эсэргүүцсэн тэмцэл өрнүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ компани нь хэний эзэшил, зөвшөөрөлтэй эсэх тал дээр мэдээлэл өгнө үү, олон эзэмшигч солигдсон гэж ярьдаг?

-Энэ асуудал 1994 оноос яригдсан. Манай нутагт уран олборлох ажлыг явуулж эхэлсэн цагаас хойш Оросын эзэмшил байж байгаад дараа нь Америк, Австралийнх болоод хамгийн сүүлд Чехийн хөрөнгө оруулалттай компани болчихсон. Чехийн талаас 85 хувь, Монголын талаас “Мон-Атом” нэртэй төрийн өмчит компани 15 хувийг эзэмшдэг, “Гурвансайхан” компани нь ашиглалтын лиценцийг нь эзэмшдэг компани байгаа юм. 2016 онд ашиглалтын лиценз олгогдож энэ оны долоодугаар сарын 8-наас Ашигт малтмал, газрын тосны ерөнхий газраас хайгуулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад үйл ажиллагаагаа дахин эхэлсэн.

Улмаар долоодугаар сарын 19-нд иргэд болон компанитай гурвалсан уулзалт хийж аймгаас ажлын хэсэг ирсэн. Компанийн зүгээс 361 цооногт 65 мянган метр туушин өрөмдөнө, 21 усны хайгуулын өрөм тавина гэдэг төлөвлөгөөгөө танилцуулсан. Иргэдийн зүгээс энэ төлөвлөгөөг хүлээж авахгүй, нутаг орондоо хайгуулын ажлыг хийлгэхгүй, ашиглалтын лиценцийг цуцлах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Энэ эсэргүүцлээ хуулийн дагуу иргэдийн нийтийн хурал зарлаж наймдугаар сарын 5-ны өдөр хуралдсан. Өлзийт сумын Буянт багийн нэг, хоёрдугаар багийн иргэд хуралдаж 100 хувийн саналтайгаар бид хүлээн зөвшөөрөхгүй, тусгай лиценийг цуцалж өгнө үү гэдэг тогтоол гаргасан. Тэр өдрөөс хойш гурван хоног жагсаал хийхэд компанийн зүгээс та нарын шаардлага тодорхойгүй байна, бидэнд ажлаа эхлүүлэхэд нэг хоног ч үнэ цэнтэй гээд үйл ажиллагаагаа эхлүүлнэ хэмээн гэрээт хамгаалалтын ажилчдаа гаргаж өрөмдлөг хайгуулын ажлыг хүч хэрэглэн эхлүүлсэн.

Иргэд болон хамгаалагчдын хоорондын зөрчил үүсэж усны машиныг нь явуулахгүй гэж урдуур нь хорьж хаалт хийх зэргээр эсэргүүцсэн. Цахим орчинд цацагдаад буй бичлэгүүд наймдугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн. Нутгийн иргэдтэй хамгаалагчид зүй бусаар харьцаж нэг иргэний хөлийг усны машин дайрч бэртээлээ. Тэр хүн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа, гэмтлийн зэргийг Шүүх эмнэлэг тогтооно. Энэ асуудал гарсны дараа ч тус компани үйл ажиллагаагаа зогсоохгүй гэдгээ илэрхийлсэн. Засаг даргын хувьд миний бие иргэдийнхээ амь нас, эрүүл мэндэд санаа зовж байгаа тул тэмцлийн арга хэлбэрээ өөрчлөх тухай ч зөвлөгөөг өгсөн. Өнгөрсөн 17-ны өдөр нийслэлээс сэтгүүлчид ирж жагсаал тэмцлийг сурвалжилсан. Энэ хугацаанд компанийн үйл ажиллагаа зогсоогүй өрөмдлөгөө хийсээр байсан. Иргэд ч тэмцлээ нэг ч өдөр тасалдуулаагүй жагссаар л байгаа.

-Буянт бригад орчимд амьдарч буй айл өрхийн мал үхэж хорогдох, төл мал нь гажигтай төрөх зэрэг үзэгдэл ихсэх болсон тухай эртнээс яригддаг. Улмаар хордсон малын махыг идсэн хүмүүсийн эрүүл мэнд амь насны асуудал хөндөгдөж байгаа шүү дээ. Иргэдийн зүгээс илгээсэн өргөдөл гомдол ямар шатандаа яваа бэ?

-Түүх сөхөхөд, 1998-2002 онд тус компани уусган баяжуулах технологи гэдгийг Буянтын Цохын хоолой гэдэг газар туршсан байдаг. Тэр үед дураараа дургиж байсан байгаа юм. Газрын хөрсөнд ил байж болохгүй хортой цацраг идэвхт бодис нь шавартай нийлж хөрсөн дээр ил гарсныг тухайн үед Мэргэжлийн хяналт илрүүлж байгаль дээр байх хэмжээнээс илүү гарсан гэдэг акт тогтоож зургаан шаардлага гаргасан юм билээ. Энэ бол аюултай түвшинд гэсэн үг л дээ. Тэр хавийн ус хүн малд хортой гэдэг нь тодорхой болсон. Буянтын “Эхэн ус” гэдэг ус эрт дээр үеэс хэдэн зуун жил хүн малыг ундаалсан буянтай сайхан рашаан байлаа. Хүн малгүй холоос зорьж ирж амныхаа усыг зөөдөг байсан юм шүү дээ.

Одоо бол тэр компанийн зүгээс энэ усыг байгалиасаа хордлоготой, уухад тохиромжгүй гэж танилцуулаад байгаа юм. Нутгийн иргэдийг чимээгүйхэн манай хашаан дахь уснаас зөвшөөрөл авч уувал уу гэж хандаж байгаа нь дэндүү басамжилсан, дээрэлхсэн явдал гэж үзэж байгаа.

Өрөмдлөг хайгуулын үйл ажиллагаа явуулж буй тухайн компани 2003 онд үйл ажиллагаагаа явуулж байсан тэр хөндийд 2005 онд олон зуун ямаа үхсэн байдаг. Тэр жил бороо хур сайтай зун байсан учир айлууд олноор нүүж очсон байсан л даа. Тухайн үеийн шинжилгээгээр таанын хордлого болсон гэж дүгнэлт гаргасан. 2018 оны үед нэг, хоёрдугаар багт нутагладаг малчны хотонд 30 гаруй хурга хөл дээрээ босож чадалгүй, хэвтэж байгаад үхсэн төдийгүй, толгойгүй ишиг гарч байсан. Идшэнд хэрэглэсэн болон гэнэт үхсэн малын гэдэс, дотор эрхтэн идээ бээр, наалдацтай, байдаг. 2005 онд 10 хүрэхгүй хоногийн дотор 1000 гаруй, өнгөрсөн зун гэхэд л тэр хавийн айлаас 200 гаруй мал үхэж байсан. Энэ хавар нутгийн бараг айл болгоноос машинд дайруулсан юм шиг саажилттай төл 30, 40-өөрөө гарч шинжилгээнд өгөхөд зэсийн дутмагшил гэсэн онош гарсан.

Албан ёсоор судалгаа хийгээгүй ч гэсэн ураны хайгуул хийж эхэлснээс хойш энэ орчимд нутагладаг хүн амын дунд хорт хавдар болон бусад өвчлөл, нас баралт нэмэгдэж буй нь нууц биш. Сүүлийн үед малын хорогдол нэмэгдээд байгаа учир мал эмнэлэг газар дээр нь ажиллаад дөрвөн малын сэг зэмээс дээж авч шинжилгээнд явуулсан. Өнөөдөр зөвхөн тэр хавийн хүн мал хордож байгаа бол энэ хор тархаж, Өлзийт, Гурвансайхан, Сайнцагаан сум цаашлаад Өмнөговь аймгийн наад талын сумыг ч хамрахыг үгүйсгэх аргагүй юм. Сүүлийн үед ураны шуугианаас болоод нийслэлд борлуулахаар очсон малын махыг урантай гээд голоод буцааж байгаа нь малчдын амьжиргаанд маш сөрөг нөлөөтэй болж байна.

“Гурвансайхан” компани Цохын хоолойд үйлдвэр барина гэдэг дуулианаар нутгийн иргэд тэмцэж хандаж болох бүх газраар явж 300 хүний гарын үсэгтэй 20-иод бичиг өргөдөл гомдол өгч нутгаас гарсан УИХ-ын гишүүдэд хүртэл хандсан. Энэ жилээс тус компани аман дээрээ тодотгосон хайгуул хийж байгаа гэж танилцуулсан боловч ачир дээрээ үйлдвэр барих бэлтгэл ажлаа хийгээд  байна л гэж иргэд хардаж байгаа. Нутгийн иргэдийн хувьд хэдхэн гарц үлдээд байна. Малаа зараад төв бараадах уу, малаа аваад өөр тийшээ нүүх үү, гадаадад гарч боолын хөдөлмөр эрхлэх үү, эсвэл нутгаа хамгаалж тэмцэх үү. Иргэд мэдээж сүүлийнхийг нь сонгоно. Амь насаа өгөөд ч болов тэмцэнэ гэж иргэд хэлж байна. Нутгаа цөлмүүлж, хордуулчихаад үр хүүхдэдээ юу гэж хэлэх вэ, хөгширч өтлөхийн цагт ясаа хаана тавих юм бэ. Одоо мал амьтанд хордлого нь илрээд байхад бидэнд хэзээ илрэх бол гээд хүлээгээд суух биш гэрээслэл  бичиж амь насаараа тэмцэнэ гэж ярьж байна. Иргэдийн тэмцэл бол энгийн уул уурхайгаас бэлчээр усаа хамгаалж, харамлаж буй тэмцэл биш уух усныхаа төлөө, хэрхэн амьд үлдэх үү гэдгээ шийдэх дайн байлдааны дайтай тэмцэл болоод байна. Малчид, иргэд бид малынхаа махыг идэж хүн болсон. Үр хүүхэд минь ч адилхан л энд өсөж өндийж байна. Цаашид иргэдийн удмын сангийн асуудал хөндөгдөж байгаа учраас Засаг даргын хувьд иргэдийнхээ талд бат зогсож байна. Анхнаасаа ч эсэргүүцэж байсан. Сүхбаатар аймагт 2016 онд ураны олборлолтын компанид тусгай ашиглалтын лиценз олгогдож байсан юм билээ. Сүхбаатарчууд олон жил тэмцсээр байгаад тэр зөвшөөрлийг нь цуцлуулж чадсан. Тэр төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж эрх зүйн тусламж зөвлөгөө авч, “Гурвансайхан” компанитай 2021 онд шүүх дээр хэрэг үүсгээд  явсан боловч хойшилсоор байгаад сая наймдугаар сарын 10-ны өдөр анхан шатны шүүх хурал дээр компанийн талд шийдвэр гаргасан. Харамсалтай нь манай өргөдлийг хүлээж аваагүй. Давж заалдах шатны шүүхийн шатанд явж байгаа.

-Иргэдийн зүгээс Дундговь аймгийн удирдлагуудыг буруушаасан байр суурьтай, их л цухалдангуй байна. Энэ хандлагыг муйхарлаж байна гэж үзэхээр байна уу, үнэний талтай гэхээр байна уу. Дарга нар ямар байр суурь илэрхийлж байна вэ?

-Иргэд лиценз олгосон 2016 онд аймаг орон нутгийг удирдаж байсан дарга нарыг буруутгаж байгаа байх. Тухайн үед аймгийн удирдлага болон сумын Засаг даргын зүгээс хайгуулын ажил явуулахад татгалзах зүйлгүй гэсэн бичиг үйлдсэн байх магадлалтай гэсэн үүднээс хүмүүс буруутгаж байгаа байх. Иргэдэд хардах эрх бий шүү дээ.

Одоогийн удирдлагуудад ураны ажлыг эхлүүлэх болон зогсоох тухайд шийдвэр гаргах эрхгүй. Аймгийн Засаг дарга нарын захирамжаар Мэргэжлийн хяналт болон холбогдох албаныхан манай суманд ирсэн. Хяналтын усны цооногийг лацдаад явсан боловч төд удалгүй тухайн компани хууль зөрчсөн зүйлгүй гэсэн дүгнэлт гаргасан нь иргэдийг бухимдуулж байгаа юм. 

Худаг ус, хөрсний дээжээс шинжилгээ авсан зүйл байхгүй болохоор учир дутагдалтай гэж үзэж байгаа юм. Хэвлэл мэдээллийн зарим төлөөлөл газар дээр нь ирээд сурвалжилна гэсэн боловч учир битүүлэг шалтгаанаар ирэхээ больж, ирсэн зарим сэтгүүлчид нь над руу сөрсөн, сорьсон асуулт асууж ч байх шиг, яг үнэн мөнийн төлөө сурвалжилж буй сэтгүүлч цөөхөн байна гэж үзэж байна.

-Тухайн компани ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн 11 зүйл заалт бүхий гомдлыг та бүхэн өгсөн гэж ярьж байсан. Шийдвэр гаргах түвшний хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

-Бид хуулийн дагуу Ашигт малтмал газрын тосны ерөнхий газрын гадаа жагсаал хийж, хэвлэлийн мэдээлэл хийж, УИХ-ийн гишүүдтэй уулзах, шүүхэд хандах гэсэн ажлуудыг төлөвлөж байгаа. Нутгийн иргэдээ хамтдаа дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна. “Гурвансайхан” компани 2020 онд цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн гэгдэж үйл ажиллагааг нь түр зогсоож байсан.

Өндөр хөгжилтэй орнуудад ураны байгаль орчны үнэлгээ хийдэг мэргэжлийн том хүрээлэн, институт байдаг, тэр нь 5-10 жил судалгаа хийдэг. Гэтэл  уран ашиглах зөвшөөрлийг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй байхад олгосон нь харамсалтай. Манай улсад  Байгаль орчин болоод хүн амын эрүүл мэнд цаашлаад ирээдүйн хүн амд цацрагийн хор нөлөөлөл ямар байх талаар үнэлгээ хийдэг ураны мэргэжлийн хүрээлэн нь алга. Байсан ч танил тал, хээл хахуулиар ажиллаж байна гэхэд хилсдэхгүй.

Ураны “шар нунтаг” олборлоход гарсан хаягдал далан, хаягдал ус шаврын түйрэн говийн хүчтэй шороон шуурга угалз, салхиар тархаж хавь ойрын аймаг сумдын нутгийн бэлчээр усыг цацрагаар хордуулах аюултай. Тиймээс энэ бол ганц манай сумын асуудал биш нийт улсын асуудал хөндөгдөж байгаа юм. Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын газар, БОАЖЯ, Уул уурхайн яам, Цөмийн энергийн газар нь хариуцлагатай ажиллаасай, эрх мэдэлтнүүд нь энэ асуудлыг анхааралдаа аваасай гэж хүсэж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.104.234) 2022 оны 08 сарын 31

зүгээр ажилыг нь хиилгээч

1  |  0
зочин(66.181.190.85) 2022 оны 08 сарын 31

Сумын дарга бүр шантаажчин болсон юм уу олон улсын шинжээчийн дүгнэлт гарсан гээ биздээ мөнгө авах гээд чичрээд үхлээ юу\n

1  |  0
Зоч(192.82.75.135) 2022 оны 08 сарын 29

Үнэхээр цуцлуулах гэж байгаа бол Гасрандоржоо наад компанидаа төлөх нөхөн төлбөрөө цуглуул,хий хоосон яриад яахав.Ажил хэрэгч бай дарга аа

2  |  3
tungaa tungaa(202.55.188.109) 2022 оны 08 сарын 24

Gasran dargaa olziit sumiinha hashaatiin jonshoo shiidej ognvv

0  |  0
зочин(202.126.89.76) 2022 оны 08 сарын 31

Энэ чинь хоёр дахь Цэдэнбал гарч ирж Чехийн ерөнхийлөгчид захиа бичиж байгаа эргүү юу. Ямаагаа өөрсдөө хутгалаж алчихаад өрөм ч тавиагүй байхад үхчихлээ гэж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг солиорч байгааг юу гэх вэ таминь ээ

3  |  5
Зочин(122.201.24.100) 2022 оны 08 сарын 31

Хэрвээ төр засаг тоохгүй, эрх мэдэлтнүүд, газар ухаачид хүчээр газар орныг чинь авч ураны олборолт хийнэ гэвэл шууд буун дуу тавь.

3  |  1
зочин(202.9.40.53) 2022 оны 08 сарын 31

МАНАЙ УЛС УХАЖ ТӨНХСӨН, АШИГЛАСАН ЗӨӨСӨН БАГАДААГҮЙ, ХАРИН Ч ХЭТЭРСЭН. ТЭГЛЭЭ ГЭЭД УЛС ОРОН ХӨГЖСӨНГҮЙ ХҮН АМЫН АМЬЖИРГАА САЙЖИРСАНГҮЙ, ХЭДХЭН ХҮН Л ХӨЛЖИЖ БЭЛЖСЭН. ОДОО БАЙГАЛИА ХҮНЭЭ ИРЭЭДҮЙГЭЭ БОДОХ БОЛСОН. НУТАГ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ЭРХ ИРГЭДЭД БИЙ. ХААНА Ч ТЭГДЭГ.

3  |  1
Hmm(103.57.95.182) 2022 оны 08 сарын 31

Өлзийтөөс газрын гүний усыг нь гаргавал зүгээр л дараа нь элсэн цөл үлдэнэ шүү. Уранаа зогсоо. Энэ АМГТГын дарга нар 7н үеэрээ ядуу, өрөөл татанхай явах вийдээ. Олон хүний зовлогыг зовоож байна доо

4  |  2
Top