Ээлжит бус чуулган шатрын нүүдлээр өрнөв

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 02

Намрын эхэн сарын тэргүүн цаг дор УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэснээр хаалтаа хийлээ. Монгол Улсын төрд гацаа үүсгэж, олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Ийнхүү бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, гүйцэтгэх засаглалыг бэхжүүлж, чадамжийг өндөр болгосноор өнөөдөр тулгамдаж буй олон асуудлын ард гарч чадна гэдгийг шинжээчид хэлж байна.

Тиймдээ ч улс төрийн туршлага бүхий УИХ-ын дарга Г.Занданшатар ёстой л шатрын нүүдлээр нүүж, ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулсан нь нүдээ олсон зүйл болсныг дуулгах нь зүйн хэрэг. Ингэснээр цар тахлаас үүдсэн эдийн засгийн нөхцөл байдал, хүнд үед шийдлээ хүлээж буй олон төсөл хөтөлбөрийг урагш хөдөлгөх сайн талтай хэмээн Засгийн газар ч УИХ-даа талархалтай хандсан. УИХ-ын дарга ч ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ “УИХ  нь Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг бүрэн дэмжиж, гар сэтгэл нийлж ажиллахын зэрэгцээ, хяналт хариуцлага, сахилга ёс зүйг шаардаж ажиллах болно” хэмээсэн нь парламентын түвшинд Монгол Улсын хөгжлийн төлөө хэрэгтэй хууль тогтоомжийг батлан, гар сэтгэл нийлэн ажиллахаа ард түмний индэр дээрээс хэлсэн хэрэг биз ээ.

Өнөөдөр гадаад дотоод эрсдэл, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, цаашдын төлөв байдал тодорхойгүй хэвээр байгаа учраас үүнд арга хэмжээ авах ёстой. Мөн Монгол Улсын эдийн засгийг төсвийн эх үүсвэрээс гадна, бусад орлогын эх үүсвэрийг бий болгох, боломжийг нээх чиглэлээр тодорхой бодлого хэрэгтэй байгааг ч үүгээр цэгцэлж чадна гэсэн үг. Ийнхүү онцгой гэж болох цаг үед үндэсний бүтээмжийг бий болгох нь нэн тэргүүний асуудал бөгөөд ялангуяа төр хувийн хэвшлийн түншлэл, худалдааны бодлогын хувьд эрс шинэчлэл хийх нь эдийн засгийн тулгамдсан асуудал болсон. Үүгээрээ давхар дарамтуудаас гарах гарц, шийдэл юм. Гагцхүү энэ олон асуулт ямар ч хариултгүй байсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг зарлан, богино хугацаанд тодорхой төлөвлөгөөний дагуу зохион байгуулж чадсан нь энэ бүхэнд өгөх эхний хариулт боллоо гэдгийг олон нийт хэлж байна. 

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд урьд өмнө яам тамга толгойлж, Байнгын хороо тэргүүлэн амжилттай ажиллаж байсан туршлага бүхий сайд нар орж ирсэн нь ажил ямар нэгэн хэмжээгээр гацахгүй урагшилна гэсэн үг. Тиймээс УИХ-ын дарга шинээр томилогдож буй сайд тус бүрт хандан үгээ хэлсэн. Тэрбээр  “Энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн асуудлууд, иргэд олон нийт, эрдэмтэн судлаачдын санаа бодол, олон улсын шинэ нөхцөл байдал, гадаад харилцаанд үүсэж буй шинэ дэг журам, парламентыг төлөвшүүлэх, засаглалын чадавхыг сайжруулах чиглэлээр ойрын ирээдүйн зорилго зэрэг нь биднээс асуудалд мэдлэгтэй, мэдрэмжтэй, уян хатан, шуурхай, дайчин, зоригтой, шийдэмгий хандахыг шаардаж байна” гэсэн юм.

Улмаар Байнгын хорооны дарга нарыг ч томилж, шинээр томилогдсон сайд нар ч хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө танилцуулаад эхэллээ. Ерөөсөө аливаа улс орны хөгжил, нийгмийн амьдралыг яаж ч тордсон тогтолцоо буруу бол урагшаа явдаггүй гэдгийг төр өөрөө, ард түмэн ч харж мэдсэн. Харин УИХ-ын зүгээс энэ тал дээр тун ч мэдрэмжтэй хандаж, богино хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэрэгжүүллээ. Эцэг хуулиа Цэцийн шийдвэрийн дагуу засаж залруулахаар төрийн тогтолцоог засаж болдгийн нэгээхэн жишээг тод харууллаа. Ёстой л богино хугацаанд шатрын нүүдлээр нүүсэн учраас элдэв маргаангүй засаглалынхаа тогтолцоонд өөрчлөлт оруулж чадсан юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top