Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарны үрс” болон 267 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 148 дугаар сургуульд ажиллаж багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүссэн.
Тэрбээр энэ үеэрээ "Өнгөрсөн оны есдүгээр 1-нд бид танхимаар хичээллэж чадах эсэх тухай ярьж байсан бол өнөөдөр хичээл сургалт зуун хувь танхимаар эхэллээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын төсвөөс 200 тэрбум төгрөгийг төсөвлөн Засгийн газраас оруулж, Улсын Их Хурал дэмжиж баталснаар сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал энэ хичээлийн жилээс ариллаа. Энэ жилээс цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа И-Монголиа цахим системээр хийж, 111.542 хүүхэд хамрагдах хүсэлт цахимаар ирж, 90 гаруй хувь нь цэцэрлэгтээ элсэн ороод байна. Нэмэлт элсэлтийг энэ сарын 10-наас бүртгэн, цэцэрлэгт хуваарилж бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах Засгийн газрын зорилт ажил хэрэг боллоо. Нэмж 29 мянган хүүхэд цэцэрлэгт авах боломж байгаа юм" хэмээн онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )