Үнийн алдагдал зэргээс шалтгаалж ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ зогсох эрсдэлд оржээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Барилгын салбарынхны ажил ид ундарч байна. Гэтэл хамгийн гол хэрэглээ болох цемент олдохгүй, олдсон ч үнэ нь өндөр байгаа талаар иргэд гомдоллож байна. Өөрөөр хэлбэл, зах зээлд барилгын материалын, бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн, ялангуяа цемент өндөр үнэтэй, олдохгүй байгаа аж.

Учир нь, цементийн үйлдвэрлэл явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд үнийн алдагдал зэргээс шалтгаалж үйлдвэрлэлээ зогсоож ч мэдэх эрсдэлд орсон талаар эх сурвалж мэдээллээ.  

Энэ асуудлаар өнөөдөр /2022.09.08/ Шадар сайд С.Амарсайханаас тодруулсан юм. 

Тэрбээр "Нэг хэсэг хил гааль хаалттай байсан. Үүнээс болж цемент орж ирэхээ больчихсон байсан. Одоо бол харьцангуй цемент хилээр орж ирэх нь нээлттэй болсон. Цементийн хувьд дотоодын үйлдвэрүүд байна, "Хөтөлийн Цемент шохой", "МАК", "Монцемент" зэрэг. Энэ үйлвэрүүд өөрсдийн үйл ажиллагаагаа зохих түвшинд явуулж байгаа гэж ойлгож байна. Гэхдээ хувийн аж ахуйн нэгжүүд нь үнэ өртөг, алдагдлаас шалтгаалж үйлдвэрлэл нь зохих түвшинд хийж чадахгүй байна гэх мэдээлэл бий" гэв.

Түүнчлэн "Нөгөө талдаа төрд авсан "Хөтөлийн Цемент шохой" үйлдвэрийн хүчин чадал хангалтгүй байгаа. Тиймээс хүссэн хэмжээнд энэхүү үйлдвэр үйлдвэрлэлээ явуулж чадахгүй байна. Гарч байгаа бараа, бүтээгдэхүүнээ бүгдийг нь Дарханы замын бүтээн байгуулалтад зориулж байгаа асуудал байна. Хэрэв "Хөтөлийн Цемент шохой" үйлдвэр өргөтгөлөө хийсэн байсан бол ийм бэрхшээл гарахгүй байсан. Энэ ч утгаараа эхний ээлжид өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ. Хоёрт, барилгын материалын хомсдол, дутагдлыг багасгахын тулд Барилга хот байгуулалтын яам хувийн үйлдвэрүүдтэйгээ ойрхон ажиллаж, зарим хөнгөлөлтийг үзүүлэх ёстой. Зарим зохицуулалтын ажлыг хийх ёстой. Засгийн газар энэ асуудалд онцгой анхаарч ажиллаж байна" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.55) 2022 оны 09 сарын 09

Зүгээр л Хятад цементийг оруул. Үнэ нь илбэтэй юм шиг шууд 200 мянга болно. Дотоодын үйлдвэрийг хөгжүүлэх гэж Социализмын аргаар хөгөө хөлдөө чирж суудгаа больцгооё.

0  |  0
Зоч(103.161.242.161) 2022 оны 09 сарын 08

Бүх зүйлийг төрийн өмч болговол тэр улс ,улсаараа дампуурах нөхцөл . Ардчиллын алтан дүрмээс...

0  |  0
Top