Zindaa.mn сайтын сурвалжлагч Узбекистан улсын Самарканд хотоос мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгчийг Самарканд хотын олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд хүндэт харуулын цэрэг жагсаж, Узбекийн талаас Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Монголын талаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын анхны Ерөнхийлөгч И.Каримовын бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёёв-той уулзана.
ШХАБ-ын уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүнүүд уулзалт хийх юм. Энэхүү уулзалт нь 2019 оноос хойш 3 жилийн дараа болох гэж байгаа гурван улсын төрийн тэргүүний 6 дахь уулзалт гэдгээрээ онцлог.
Энэ жилийн тухайд Хятад улсын Ерөнхийлөгч даргална. Дараа жил Монгол Улсын Ерөнхийлөгч даргална.
Уулзалтын үеэр Монгол улс Транзит Монгол болох зорилтоо түлхүү ярихаар төлөвлөөд байна. Энэ хүрээнд төмөр замаа хөгжүүлэх тэр дундаа зүүн босоо чиглэл буюу ОХУ-ын өвөр Байгал-Дорнод- Бичигт боомтоор төмөр зам гарч, БНХАУ-ын зүүн хойд бүстэй холбох, ОХУ-ын Тувгаас БНХАУ-ын хойд муж руу баруун төмөр зам барих саналыг тус тус тавихаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )