Ерөнхий сайдын Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороонд өгсөн ЧИГЛЭЛ

2022 оны 09 сарын 14

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Тус хороо 14 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд өнөөдөр /2022.09.14/ анхдугаар хуралдаанаа хийлээ.

Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэн, дараах асуудлаар чиглэл өглөө.

Нэгдүгээрт, 2024 оны Парисын олимп, 2026 оны Италийн өвлийн олимп дөхсөн энэ үед олимпод оролцох Монголын баг тамирчдын бэлтгэлд анхаарал хандуулах шаардлагатай. Олимпод  бэлтгэх үндэсний хороог байгуулж, яаралтай хуралдуулан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх. Мөн 2023 оны Улсын төсөв боловсруулж байгаа энэ үед олимп,  нийтийн биеийн тамир, спортын салбарын шаардлагатай төсвийг тусгах нь чухал.

Хоёрдугаарт, спортын салбар дахь допингийн асуудал. Спортын салбарт ёсзүй, допингтой холбоотой асуудлууд гарч байна.  Үүнээс болж олимпод оролцох оролцоонд асуудал үүсэж болзошгүй учраас онцгой анхаарч ажиллах нь зүйтэй.

Гуравдугаарт, миний бие Ерөнхий сайдаар томилогдох үедээ хоёр асуудлыг хөндсөн. Амьдралын буруу хэв маяг, жингийн илүүдэл бүх өвчлөлийн суурь шалтгаан болоод байна. Тиймээс  ЭМЯ, БШУЯ, Соёлын яам,  Биеийн тамир спортын газар үүнд анхаарах шаардлагатай, нөлөөллийн үйл ажиллагаа хэрэгтэй. Зөвхөн биеийн тамир гэхээс илүүтэй эрүүл, зөв амьдралын хэв маяг, зөв хооллолт, дархлааны асуудалд  өргөн хүрээгээр анхаарах цаг болсон. Байнгын ажиллагаатай үндэсний хорооны бүрэлдэхүүнийг томилж байгаагийн шалтгаан нь  энэ юм гэж Ерөнхий сайд хэлээд, “Саналаа нэгтгээд, шаардлагатай төсөв санхүү, төлөвлөгөөгөө танилцуулаарай” гэлээ.
Явган хүний зам, ногоон байгууламж бүхий  гүйлтийн талбай, дугуйн зам, усан бассейн,  шинээр баригдаж буй хорооллын стандарт зэргийг шинэ түвшинд гаргаж, иргэддээ ээлтэй хот байхад төр, хувийн хэвшлийн түншлэлийг өндөр түвшинд идэвхжүүлэх хэрэгтэйг дурдлаа. 

Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцож, баг тамирчдын тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцаж байсан. “Алсын хараа-2050” буюу 2050 он хүртэл гурван үечлэлтэйгээр хэрэгжүүлэх том зорилт дэвшүүлсэн. Тиймээс олимпыг эх орондоо зохион байгуулах хэмжээний том амбиц ажиллах хэрэгтэй гэлээ.

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Парисын олимп хаяанд ирлээ. 2023 онд болох  “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмынбэлтгэл тун тааруу байна.  Эдгээр наадмын бэлтгэлийг эртнээс хангахад анхааръя. Биеийн тамир, спортын улсын хороо нийтийн биеийн тамир, спортын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга бэлтгэж дараагийн хуралд танилцуулаарай” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top