ХНХ-ын сайдын ажлыг Д.Амарбаясгалан хариуцан ажиллана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайдаас өнөөдөр (2022.09.27) Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг хүний эрх, эрх чөлөөнд харшилсан үг хэллэг хэрэглэж, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг сайдын үүрэгт ажлаас нь огцруулахаар шийдвэрлэлээ.  
 
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4,  Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар огцруулна.

Ерөнхий сайдын шийдвэрийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. 

Тэрбээр дараагийн сайд томилогдох хүртэл ЗГХЭГ-ын даргын хувиар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлыг хариуцан ажиллах ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top