Ялархаж, явцуурсан сайд нарын ТОХУУРХАЛ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Дарга нарын санаатай санамсаргүй хэлсэн үг хүзүүг нь ороож эхэллээ.

Д.Сарангэрэл сайд гэхэд л улны айл гэж эмзэг бүлгийн иргэдээ нийтэд зарласан нь шүүмжлэл дагуулав. Бүтэн өдрийн турш сошиалаар шүүмжлүүлсэн тэрбээр маргааш өглөө нь уучлалт гуйсан ч оройтжээ. Дааганаас унаж үхдэггүй, дарвагараас болж үхдэг гэгчээр Д.Сарангэрэл сайдын амнаас гарсан ганцхан үг түүнийг сайдын суудлаас буулгав.

Угтаа бол улны айл гэдэг нэршлийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүд дотооддоо хэрэглэдэг аж. Энэ нэршлээрээ Д.Сарангэрэл сайдад ажлаа танилцуулж, өнөөх нь ямар ч шүүлтүүргүй нийгэмд цацсан нь ийнхүү асуудал үүсгэжээ. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэхдээ тус яаманд шалгалт оруулж, хяналт тавина гэдгээ мэдэгдсэн билээ.

Сангийн яам нь татвар төлөгчдөө өлөн гэж сурталчилсан реклам цацлаа. Хүн бүрийн худалдан авч буй бараа бүтээгдэхүүнд НӨАТ-ын 10 хувь шингэсэн байдаг. Иргэн 3000 төгрөгийн бараа худалдаж авахад 300 төгрөг нь НАӨТ шингэсэн гэсэн үг. Гэтэл худалдан авсан баримтаа E barimt системд бүртгүүлж буй иргэнийг өлөн гэж доромжилж, ТҮК-ийн ажилтанд өгөх ёстой гэсэн утгатай реклам цацсан юм. Үүгээр Сангийн яам татвар төлөгчдөө өлөн гэж үздэг болохоо илэрхийлж, татвар төлдөг ТҮК-ийн ажилтнаас илүү татвар төлдөггүй таксины жолооч байх нь амьдралын түвшин дээгүүр гэсэн тодорхойлолтыг хийгээд өгчив.

Нийслэлийн асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар буяны цуваа түгжрэлд нөлөөлж байгаа тухай твиттер хаягаараа жиргэсэн. Тэрбээр "Буяны цуваа энэ өдрүүдэд түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явагддаг, тэр нь түгжрэлийн оргил цагтай давхцдаг. 1-р эмнэлэгийн орчимд бөөгнөрөл үүсдэг. Буяны газрын удирдлагуудтай дараа уулзалт хийж ярилцахаар төлөвлөж байгаа" гэсэн юм. Ихэвчлэн өглөөний 4 цагаас гардаг буяны цуваа түгжрэлд үнэхээр нөлөөлж байгаа эсэх нь эргэлзээтэй. Харин өглөө оройны оргил цагаар урсгал хааж, чөлөөтэй зорчдог дарга нар л түгжрэлд нөлөөлж байгаа талаар нийтээрээ шүүмжилсэн юм.

Ийнхүү асуудалд орсон Ж.Сүхбаатар сайд өөрийнхөө үгийг баллуурдахын тулд “Хэн ч буяны ажлыг буруутгахгүй нь ойлгомжтой. Шарил хадгалах газраа буруу байршилд байлгаж байгаа тухай асуудал…Эмнэлэг, буяны газруудтай хамтарч ажиллах тухайд чиглэсэн хариулт…

Заавал үг өгүүлбэрийг контекстээс салган мушгин гуйвуулж байж “таашаал” авах нь зарим хүний сөрөг сэтгэлгээний ханамж, хэрэгцээ юм даа…

Бусдыг хорлох сэтгэлдээ автаж бусдад сөрөг мэдээлэл тараах нь өрөөлөөс гадна өөрөө л мэдрэлээ муутгана шүү дээ. Өөр юу хэлэхэв!" хэмээн өөрийгөө өмөөрсөн юм.

Зам тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтар зариг.мн сайтад "Үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна" гэж ярилцлага өгч байв. Эрхэлсэн асуудал нь Дарханы зам мөн үү гэвэл мөн. Гэтэл энэ замын бүтээн байгуулалтыг үйлийн үр гэж тээршааж, өөрийг нь хүчээр зууралдуулсан мэт ялархав. Азаар Үндсэн хуулийн цэц давхар дээлтэй заалтыг авснаар Л.Халтар үйлийн үрээсээ ангижрах боломж бүрдэж, түүний үйлийн үрийг С.Бямбацогт авсан юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.120.27) 2022 оны 09 сарын 29

Бямбацогт согтуу царайлаад вагон онхолдуулснаа мэдэгдээд зогсч байна, үнэхээр энэ засгийн газар хэцүү байноо

2  |  0
zochin(106.154.128.71) 2022 оны 09 сарын 28

henii huchend naad suudal daa suuj bga burhan.d be ... yadarsan ardtumen hee zovlongoor 6gal hiij yavaa uls.n huraliin darga nar aa hun chanraa haruulj bna uudgui bolovsrol gui huviin soelgui gahainuud thuuhun ardtumen avaad yavaj chadahgui archaagui thuuthun ardtumen bj yund adgiin ugeer ardtumen uvduulne be yadarsan neg nee tataj avii geh btal yaduu zovlongoor yalgaj ad uzdeg erhem nuhud uurd amdrah yum chin davarj bna aa bugd ogthorj uz

0  |  0
Уншигч(192.82.77.158) 2022 оны 09 сарын 28

Монгол төрийн хүмүүс хэзээч ийм гудамжны яриатай түрийний бөөснүүд байгаагүй.ёстой өөрөө улны хүн гэдгээ баталлаа даа.улны гэж нэрлэээд байгаа хүмүүс чинь харин ухаантай амьдрах гэж яваа хүмүүс.харин энэ саад шиг төрөөөс хулгай хийж ширэн нүүрлэж сагсуурч яваагүй шүү.

1  |  0
Top