Монгол Улс Богд хааны үеэс бие даасан гадаад бодлого явуулах боломж бүрдмэгц гуравдагч улсуудтай холбоо тогтоохыг оролдож байсан түүхтэй. Энэ сэдвээр Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, МУИС-ийн профессор Ж.Урангуатай ярилцлаа. Тэрбээр саяхан болсон эрдэм шинжилгээнийн хуралд “Да ламын Япон улсыг зорьсон аялал” гэсэн сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлсэн юм.
-Өнөөдрийн бидний ойлголтоор гуравдагч хөршийн харилцааг Монгол Улс XX зууны эхэн 1911 оны үеэс эрхэмлэж, Японыг зорьж байжээ. Тэр үеийн улс орны гадаад, дотоод нөхцөл байдал, гуравдагч хөршийг эрэлхийлэх болсон шалтгаан юу байв?
-Энэ тухай Оросын мэдээ, манай улсын архивт байгаа зарим мэдээг үндэслэн түүхчид их төлөв бичдэг. Гэхдээ Японы Гадаад хэргийн яаманд Монголын холбогдолтой баримтууд гэсэн эмхэтгэл бий. Түүн дотор Да лам Г.Цэрэнчимэдийн аяллын тухай нэлээд дэлгэрэнгүй тайлбар байгаа. Үүнийг манай түүхч эрдэмтэн Ц.Батбаяр гуай нэлээд ашигласан байдаг. Энэ баримтуудаас ямар дүгнэлтэд хүрч болох вэ гэвэл, Да лам тэргүүтэй Монголын төлөөлөгчид хэдийнээс эхлээд хаа хүртэл явсан юм бэ.
Ямар хүмүүстэй уузсан бэ. Ямар асуудлууд хэлэлцсэн бэ, энэ талаар Японы тал ямар байр суурьтай байв. Орос ямар байр суурийг илэрхийлсэн бэ. Эцэст нь яагаад энэ аялал бүтэлгүй болсон талаарх нарийн мэдээллийг авах бололцоотой. Харин дан Оросын материалуудыг ашиглаж бичсэн зарим ном зохиолд оросуудын явуулгаар энэ аялал бүтэлгүй болсон гэж бичсэн байдаг.
Гэтэл үнэн хэрэгтээ Японы материалуудыг үзэхээр, энэ аяллыг цааш үргэлжлүүлэхгүй байх бүх зүйлийг япончууд өөрсдөө хийсэн байдаг. Үүн дээр Оростой санал нэгдэж, үгсэж, улмаар тэдний аяллыг зогсоож, нутагтаа буцах нөхцөлийг бий болгосон байдаг. Энд ямар баримтууд байдаг вэ гэвэл, Орост сууж байгаа элчин, элчингийн үүрэг гүйцэтгэгчээс Японы гадаад хэргийн яамныхаа сайд нарт илгээсэн удаа дараагийн нууцын зэрэглэлтэй цахилгаанууд, дээрээс нь Харбинд сууж байгаа Японы консулаас Эзэн хаандаа болон Гадаад яамандаа илгээсэн удаа дараагийн захидлууд бий. Түүнээс гадна Квантуны армийн штабын офицерууд энэ асуудалтай холбогдуулан Харбинд байсан Оросын цэргийн удирдлагатай удаа дараа уулзаж хэлэлцсэн тухай гэх мэт тухайн үедээ нууцын зэрэглэлтэй “Маш нууц” гэсэн тамгатай баримт бичгүүд байдаг. Гэвч эдгээр нь аль хэдийн нууцын зэрэглэлээс гарч, нийтийн хүртээл болсон. Ер нь бол Японы Гадаад хэргийн яамны архивын бүх материалууд дижитал хэлбэрт орчихсон, хаанаас ч хэн ч чөлөөтэй үзэх бололцоотой байдаг.
-Монголын талаас Японтой харилцаа тогтоохыг эрмэлзэж байсан талаарх баримт энд багтдаг уу?
-Эдгээр баримтаас үзэхэд 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Богд хаант Монгол Улсын Шадар сайд, Бүгд захирах сайд, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд, ард олноо Да лам хэмээн алдаршсан Гомбын Цэрэнчимэд, Өвөрмонголоос дагаар ирсэн, Бүгд ерөнхийлөн шийтгэх яамны Ерөнхий сайдаар ажиллаж байсан Бинт ван Гончигсүрэн нар хэд хэдэн өвөрмонгол хүний хамтаар Японтой харилцаа тогтоохоор тус улсыг зорьсон байдаг. Тэдний энэ үйл хэрэг бол маш зөв байсан. Гэвч олон улсын нөхцөл байдал түүний зорилгыг хэрэгжих бололцоогүй болгосон. Яагаад гэвэл, Орос улс Японтой удаа дараа гэрээ хийж, нэг хэсэг нь Японы мэдлийн хүрээнд, нөгөө нь Ар Монгол, Оросын хүрээнд байгаад байдаг. Тэгэхээр Япон улс Монголын төлөөлөгчдийг хүлээж авах бололцоогүй болчихож байгаа юм.
-Оросын хүрээнд Монгол багтаж байсан нь үүнд саад болсон хэрэг үү. Яагаад тэр вэ?
-Оростой байгуулсан гэрээ хэлцэлд нь саад болно. Тэгээд ч манай ноёдууд Ар, Өвөр Монголоо нэгтгэсэн Их Монгол Улсаа байгуулахыг зорьж байсан. Иймд Япон улс Оростой байгуулсан гэрээндээ хавчигдсан байх, хоёрдугаарт энэ асуудлаас болж их гүрнүүдтэй харилцаагаа муутгахыг хүсээгүй байх. Мэдээж Монголыг дэмжчихвэл Хятад дургүй байх нь ойлгомжтой байсан. Дээр нь олон улсын байдалд ч нөлөөлөхөөр байсан. Яагаад гэвэл тэр үед Түвдүүд Английн туслалцаатайгаар тусгаар тогтнолоо олж авах гээд байж байсан.
Тэр үед Орос Монголыг илт дэмжээд байвал юу болох вэ. Англи бас Түвдийг хариуцаж асуудал яаж эргэх вэ. Англичууд Хятадад яаж хандах вэ гэхчлэн олон улсын ээдрээт нөхцөл байдал нь Монголын ноёдын гуравдагч хөршөө олох гэсэн, түшиг тулгуур хайсан замд нь маш их саад болсон байгаа юм. Гэхдээ тэд барууны орнуудын консулын газруудад захидал өгсөн. Нийт долоон улсын консулд Монгол Улс тусгаар улс боллоо. Манай улсыг хүлээн зөвшөөрч, харилцан ашигтай худалдаа арилжаа хийе гэсэн санал тавьсан байдаг.
-Да лам Г.Цэрэнчимэдийн Монгол Улсын гадаад харилцаанд оруулсан хувь нэмэр, үлдээсэн өвийг тодотговол...?
-Монголчууд хэчнээн хүсч мөрөөдөж байсан ч гэсэн олон улсын нөхцөл байдал, геополитикийн орчин үүнийг хязгаарлачихдаг юм байна гэдгийг Да ламын үйл явдал, түүний Япон руу хийсэн аялал харуулсан. Нөгөөтэйгүүр, ийм хязгаарлалттай нөхцөл байдалд монголчууд цаашид ямар бодлого баримтлах вэ гэдэг замыг бас зааж өгсөн.
Мэдээж үүн дээр монголчууд гар хумхиж суугаагүй. Яагаад гэвэл дараа дараагийн алхмуудыг хийсэн. Америк руу удаа дараа хандсан. Ийш, тийшээ захидал өгсөн. Япон руу дахиад хандсан. Бүр Эзэн хаанд нь хаяглаж байгаад Оросын Элчин сайдын яамаар дамжуулан захиа хүртэл өгүүлж байсан. Өөрөөр хэлбэл, эрэл мухардлаа гээд орхичихоогүй. Янз бүрийн арга замыг эрэлхийлж байсан. Энэ бол маш сургамжтай үйл явдал юм. Нэгдүгээрт, өөрсдийн тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө эцсээ хүртэл явсан. Нөгөөтэйгүүр, их гүрнүүдийн бодлого биднийг амжилтад хүргэхгүй юм байна. Ийм нөхцөлд бид цаашид яах вэ гэдэг дараа дараагийн бодлогоо хэрэгжүүлэхэд маш их нөлөөлсөн.
-Гадны их гүрнүүд, том тоглогчдын дотор Монгол ийм байх ёстой гэсэн төрийн “хар хайрцагны бодлого”-ыг тодорхойлсон зүйл байдаг уу. Да ламын хэлж захисан зүйл, эх сурвалж, баримт хэр үлдсэн бол?
-Тэр нь тухайлсан үйл явдлууд дээр гарч байснаас биш бичиж, тэмдэглэж үлдээсэн зүйл байхгүй. Монгол Улс бие даасан улс мөн юм уу, биш юм уу. Ар, Өвөр Монгол нэгдэх үү, үгүй юу гэдэг зүйл тэр үед ихээхэн яригдаж байсан. Оросууд 1912 оны “Найрамдлын гэрээ” байгуулахад оросууд өөрсдөө гэрээний нэг хувилбартай ирсэн. Монголчууд нэг хувилбар гаргасан гэдэг. Оросын төлөөлөгчийн бичсэнээр бол Монголын тэр үеийн санаа бодол нь оросуудад огт таалагдаагүй. Иймд уурлаж гэрээг базаж хогийн сав руу шидсэн гэлцдэг. Монголчууд ямар гэрээ барьж очоод тэгж их уурыг нь хөдөлгөсөн юм бэ гэвэл, Ар, Өвөр Монголоо нэгтгэсэн, хэний ч хараат биш, ийм л улс болно гэсэн санаагаа илэрхийлсэн болов уу.
Нэг жишээ хэлэхэд, 1913 онд Сайн ноён хан Намнансүрэн Орост очсон гурван сая рубль зээлж, түүнийх нь хариуд оросууд “Та нар заавал санхүүгийн зөвлөх ав. Дандаа зээлээр амьдрах бололцоогүй. Санхүү эдийн засгаа цэгцэл гэсэн гэдэг. Тэгэнгүүт Сайн ноён хан Намнансүрэн зөвшөөрсөн байдаг. Түүнийг нь Да лам Г.Цэрэнчимэд “Намнансүрэн чинь одоо галзуурсан юм биш байгаа. Барын аманд өөрөө очиж орох гэлээ” гэж хэлж байсан гэдэг. Да лам Цэрэнчимэд бол ер нь Оросын бодлогын нүүр царайг бүр эхнээс нь гадарлаж байсан. Тиймээс Монгол Улсын дараагийн хөршийг хайж байсан, алсны хараатай хүн шиг байгаа юм. Харамсалтай нь эцсийн мөчид хорлогдож нас барсан.
-Да ламын мэндэлсэн цаг хугацааг зарим судлаач 1868 он гэж үздэг, гэтэл 1872 он гэж тогтоожээ. Аль нь зөв юм бол?
-Да лам Г.Цэрэнчимэдийн 100 жилийн ойг тэмдэглэх үеэр түүнийг 1868 онд мэндэлсэн гэдгийг судлаачид тогтоосон байхад 1872 онд мэндэлсэн гээд явж байгааг ойлгохгүй байна. Бид оюутнууддаа тэгж л заадаг. Тиймээс эрдэм шинжилгээний хурлын үр өгөөж хаана байна гэдэг нь энэ асуудал дээр гарч ирж байна. Архивын баримтад тулгуурлаад их хүний төрсөн он цагийг тогтоочих юм бол түүх гуйвахгүй. Тогтоосон ёсоор бол энэ хүний 150 жилийн ойг бараг дөрвөн жилийн өмнө тэмдэглэх ёстой байсан. Тэгэхээр эрдэмтэн, судлаачдынхаа судалгааны үр дүнг хардаг баймаар байна. Ер нь аливаа түүхт хүний ойг тэмдэглэхэд дандаа сайн сайханыг нь ярьж дурдаад байдаг. Түүний хажуугаар өндөг шиг өөгүй хүн гэж байхгүй шүү дээ. Ялангуяа тодорхой зүйл дээр манайхны мэдлэг чадвар дутсан зүйлүүдээ хэлэх л хэрэгтэй.
-Жишээ нь?
-Тухайлбал, автономит улс гэдэгт манайхны мэдлэг дутмаг, ямар ч ойлголтгүй байсан. Тиймээс хууртагдах хэмжээнд хүрсэн. Оросууд “Автономит гэдэг бол өөрөө өөртөө эзэрхэх ёс юм” гэж тайлбарласан. Гэтэл тийм биш, автономит гэдэг бол нэг эзэн орны дор байгаа дотоод асуудлаа өөрөө мэддэг, гадаад асуудал дээр эзэн орон мэддэг, өөрөөр хэлбэл Хятад мэдэх ёстой ийм байдалд хүрсэн. Хэрэв автономит байдал гэдгийг бүрэн ойлгодог байсан бол манай ноёд түүнийг эсэргүүцэж тэмцэх л байсан болов уу. Гэвч хүчний харьцаа үнэхээр хэцүү байсан. Тиймээс түүх маань өөр зүг рүү эргээд явчихсан.
-Ар, Өвөр Монголоо нэгтгэсэн Их Монгол Улсыг байгуулах санаа өвөрлөж, гадаад харилцаанд Орос, Хятадаас илүү итгэлт түншийг хайж байсан Да ламд гадныхан дургүй байсан уу. Түүний тухай юу гэж тодорхойлж байсан бол?
-Оросууд бол түүний шулуун шударга, дэндүү их эх орноо бодсон хүн байсныг хэлж байсан. Сайн талаас нь. Гэхдээ их гүжирмэг хар, зөрүүд зантай гэж хэлсэн байдаг. Яагаад гэвэл өөрсдийнх нь санааг хүлээж авахгүй болохоор тэгж тодорхойлохоос яах вэ. Япончууд бол “Энэ их тулхтай хүн. Монголын Засгийн газрын чухал төлөөлөгч” гэж бичсэн байдаг. Хятадууд юу гэж бичсэнийг мэдэхгүй. Ямартай ч Хайсан гүнг их дэмждэг байсан. Хайсан гүн бол Ар, Өвөр Монголыг нэгтгэхийн төлөө зүтгэж явсан хүн.
Дараа нь Хайсанг буруутгаж, түүний хүүг Хятадтай их холбоотой байсан гэдгээс эхлэн Да ламыг Хятадын талыг баримтлагч байсан гэж бичээд байдаг. Энэ бол гадны хүмүүс асуудлын учир начрыг сайн ойлголгүй өнгөн талын дүгнэлт хийх явдал байгаа. Тиймээс бид үүнийг залруулж, түүхийн үнэнийг тодруулан баримт, нотолгоог сайн гаргаж өгөх хэрэгтэй юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
ТЭР ҮНЭН ШҮҮ