УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2022.10.03/ 10:00 цагт нээлтээ хийлээ. Намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна.
-Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг даван туулахын зэрэгцээ өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг нэг мөр засаж залруулан улс төрийн шинэчлэл хийх, эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг эхлүүлэх, Шинэ сэргэлтийн бодлого, ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд энэ удаагийн чуулган илүү төвлөрч ажиллах шаардлагатай байна.
-Манай эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагаст 1.9 хувь болсон нь цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй сул байгаа бөгөөд инфляц улсын хэмжээнд сүүлийн 10 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэд, өрхийн болон бизнесийн бодит орлого, цалин буурч байна. Үүн дээр төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний 8 сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан нь харанга дэлдэж байна.
-Монгол Улс ирэх жилүүдэд ихээхэн хэмжээний гадаад өрийн төлбөр тооцоо хийх, тухайлбал ирэх 2023 онд л гэхэд 5.7 тэрбум ам.долларын өр төлөх үүрэгтэй байгаа нь бас нэг эрсдэл учруулж болзошгүй байна.
-Ойрын хугацаанд ургац хураалт, мах бэлтгэлээс эхлээд намрын ажил, өвлийн бэлтгэлийг сайтар базаах талаар цаг алдалгүй арга хэмжээ авч, онцгой хариуцлагатай ажиллах шаардлагатай байна.
-Намрын ургац хураалт үр тариа 33 хувьтай, хүнсний ногоо 70, өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй 11 аймагт өвлийг өнтэй давах “Хамжихгүй бол амжихгүй” бүх нийтийн аян өрнүүлье.
Жижиг, дунд үйлдвэрүүдийг татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих нь зайлшгүй чухал байна. Энэ бол хөлсөө гаргаж хөдөлмөр эрхэлсэн хүн л сайхан амьдардаг нийгмийг бүтээх бидний эрхэм зорилгод нийцнэ.
-Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд үндэсний үйлдвэржилтийг дэмжих ёстой.
-Инфляц өндөр түвшинд хүрч, урсгал дансны алдагдал өсөж байгаа энэ үед зардлаа боломжит түвшинд хүртэл багасгах нь гарцаагүй чухал. Орлого өгөөжгүй зүйлд мөнгө зарахгүй байх зарчмыг баримталж, үр дүн, гүйцэтгэлийн санхүүжилтийн зарчимд шилжье.
-Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хөрөнгө оруулагчдын итгэлийг буцааж сэргээхийн тулд хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай. Үүний тулд Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг хойшлуулалгүйгээр төсвийн бодлоготой уялдуулан хэлэлцэн батлах шаардлагатай байна.
-Төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалт, төрийн худалдан авалт, тендерт олон төрлийн булхай луйвар байгааг илрүүлэх, таслан зогсоох, хууль бус үйлдэл хийсэн этгээдэд зохих хариуцлагыг үүрүүлэх нь эрүүл нийгэм, шударга ёс тогтоох бидний нийтийн зорилгод нийцнэ.
-Цаашид дунд хугацаанд эдийн засгаа тэлж, ард иргэдийн амьжиргаа, аюулгүй байдал, улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бүтцийн 5 суурь шинэчлэл-реформуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
-Нэмүү өртөг бүтээхийн тулд аж үйлдвэржилтийг эрчимжүүлж “Нэг шат ахих” бодлогыг хэрэгжүүлье. Тухайлбал, ноосоо түүхийгээр нь биш угааж экспортолдог болъё, арьс ширээ анхан шатны боловсруулалт хийгээд гаргая. Ноолуураа угаагаад экспортолдог байсан бол одоо самнадаг болъё. Төмөр, цайр, жоншны хүдэрт нэмүү өртөг шингээж гаргая.
-“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн Зэсийн баяжмал боловсруулах, Катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр зэрэг эхлүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээ үр дүнтэй хэрэгжүүлж, цаг хугацаанд нь ашиглалтад оруулахад онцгой анхаармаар байна. Цаашид эрчим хүч, төмөр, газрын ховор элементийн асар их нөөцтэй манай улс ган болон хими, технологийн үйлдвэрийн суурийг тавьж, хөгжүүлэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ган болон химийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх цаг аль хэдийнээ болчихсон хир нь зөвхөн цаасан дээр л бичигдэж яригдахаас өөр хийсэн зүйлгүй шахам бна. Эдгээрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх нь цаг хугацааны асуудал. Өч төчнөөн мэргэжлийн сургууль төгссөн ажилгүй залуучууд хөлхөлдөж бна. Ядаж цалин хөлсийг нь ахиухан өгч тэдэнд хуримтлал бий болгох нөхцлийг хангах нь чухал. Цалин хөлсийг гадны улс орнуудын төвшинд бвал залуучууд гадагшаа явах шаардлагагүй болно байх.