Засгийн өнөөдрийн хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 05

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.05/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


 
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ

Ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх бүх дамжлагуудад цахим төлбөрийн баримт үйлдэх, холбогдох бүх гэрээг татварын нэгдсэн системд бүртгэж бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох тогтолцоог 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан бий болгох, гаалийн бүрдүүлэлтийг цахимаар гүйцэтгэх тогтолцоог нэвтрүүлж, 2023 оны эхний өдрөөс зөвхөн энэ тогтолцоогоор ашигт малтмалын үйл ажиллагааг явуулж цахим системд бүртгэгдээгүй тохиолдолд экспортод гаргахгүй байх, Гаалийн автомат бүрдүүлэлтийн систем болон нүүрсний шинжилгээний лаборатори, ухаалаг гарцын байгууламжийг Шивээхүрэн боомтод 2022 онд, Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудыг 2023 оны гуравдугаар улиралд, Ханги, Булган, Бичигт боомтуудыг 2024 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулж лабораторийн шинжилгээг хил дээр түргэн шуурхай гүйцэтгэж, шинжилгээний дүгнэлтийг гаалийн бүрдүүлэлтэд автоматаар бүртгэж тогтолцоонд тухай бүр шилжүүлж ажиллуулах зэрэг арга хэмжээ авахаар тогтоолд тусгалаа.

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх тогтолцооны шинэчлэл болон богино дунд хугацаанд экспортоос олох валютын бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд хэрэгжсэнээр ашигт малтмалын борлуулалтын үйл ажиллагаа ил тод болж, баялгийг олон улсын үнээр худалдаалах боломж бүрдэх, олборлолтоос экспорт хүртэлх бүх үе шатанд цахим төлбөрийн баримтын бүртгэл хийгдэж, ашигт малтмалын шинжилгээний дүгнэлт, гаалийн бүрдүүлэлтийг автоматаар гүйцэтгэх тогтолцоо нэвтрэх, валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
 
Стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр боловсруулж батална

Стандартчилал, техникийн зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд Мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр заасан боловч энэ салбарын хяналтыг орхигдуулсан, мөн төрийн байгууллагуудын уялдаа холбоо хангалтгүйгээс стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилт хангалтгүй байна.

Олон улсын нийтлэг зарчим, практикт итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудын үйл ажиллагаагаар стандартын хэрэгжилтийг хангуулах, түүнд хяналт тавих сайн туршлага байдаг, түүнийг Монгол Улсад тогтолцоогоор нь бий болгож нэвтрүүлэх шаардлагатай байгаа талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа. Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, хэрэгжилтийг боловсронгуй болгох, олон улсын түвшинд нийцүүлэх асуудлыг судалж, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.

Мөн стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр боловсруулж батлуулан, хэрэгжүүлэхээр болов.Тохирлын үнэлгээний байгууллагыг бий болгох, хөгжүүлэхийг бодлогоор дэмжих, Стандарт, хэмжил зүйн газрын чиг үүргийг оновчтой зохион байгуулах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулж батлуулах, хэмжлийн улсын болон ажлын эталон, тоног төхөөрөмжийн хүчин чадал, нарийвчлалын түвшинг олон улсын жишгийн дагуу үе шаттай шинэчлэн сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, орон нутгийн лабораториудыг Стандарт, хэмжил зүйн газрын чиг үүрэгт шилжүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд холбогдох стандартын шаардлагыг тусгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
 
Хөгжлийн банканд 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ
 
Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. Мөн 14 зээл бүрэн төлөгдөж хаагдсан байна.
 
Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ажиллана
 
Хилийн боомтын  захиргааны орон тоо, чиг үүргийг баталлаа. Хилийн боомтын захиргаа нь Боомтын үйл ажиллагааны хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс болон Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргаа гэсэн бүтэцтэй байна.

Тус захиргаа нь:

-Ашигт малтмал, газрын тос, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх,  

-Улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, хууль сахиулах болон хилийн хяналтын  байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн зохицуулалтаар хангах

-Боомтын хөгжлийн асуудлыг төлөвлөх, орон сууц, цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг хариуцаж, боомтын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх

-Хилийн боомт дахь төрийн өмчийн бүртгэл, хяналтыг хариуцна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top