Б.Баасанцогтод 4.4 жил, авлига авсан шүүгч нарт торгуулийн ял оноолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

Өмгөөлөгч Б.Баасанцогт болон шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, Барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян, “Улаанбаатар импэкс” ХХК-д холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 11-нээс эхлэн хаалттай хэлэлцэж, шийдвэрээ гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Баасанцогтыг хахууль өгсөн үндэслэлээр 4 жил 4 сар, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг хахууль авсан, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 7.5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж “Улаанбаатар импэкс” компани түүний төлөөлөгч И.Галбуянг цагаатгажээ.

Дэлгэрүүлбэл, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий 3 шүүгдэгч, хуулийн этгээд буюу “Улаанбаатар импекс” ХХК-д холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан болж, Нийслэлийн прокурорын газраас:

-шүүгдэгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /хахууль өгөх/, мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /биеэ үнэлэхийг зохион байгуулах/, /орон байраар хангах/ гэмт хэрэгт,

-шүүгдэгч Д.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /хахууль авах/ гэмт хэрэгт,

-шүүгдэгч Б.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

-“Улаанбаатар импекс” ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

-шүүгдэгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Биеэ үнэлэхийг зохион байгуулсан” гэмт хэргийг орон байраар хангасан гэм буруутайд тооцож, 01 жил 8 сарын хугацаагаар хорих ял,

-мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 02 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 4 сарын хугацаагаар,

-шүүгдэгч Д.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.500.000 төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч Б.Мөнхбаярыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэлээ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top